Web 3.0 гэж юу вэ?

Программ хангамжийн салбарт бүтээгдэхүүнээ альфа, бета хувилбар хэмээн дугаарлаж, тэдгээр хувилбаруудынхаа сайжруулалтуудыг 1.0 2.0 2.1 2.2 гэх мэтчилэн тэмдэглэж, нэрлэдэг. Тэгвэл Web 3.0 гэж юу вэ?
Web 3.0 гэж юу вэ?

Энгийнээр хэлбэл Web 3.0 бол интернэтийн гурав дахь үе. Энэ бол интернэтийн ирээдүй. Онолын хувьд маргаж болох ч Веб 3.0-ийн эхэн үеийн цөөн хэдэн төлөөллүүд бодит болчихсон. Тэгэхээр интернэтийн гурав дахь үе ойртон ирж яваа байх нь.

Web 1.0-ийн үе 1989-2005 оныг хамардаг бөгөөд энэ үед интернэт текст мэдээлэл түгээх статик вебүүдээс бүрддэг байв. Web 2.0 нь 2005 оноос өнөөдрийг хүртэл хөгжсөөр байгаа, хэрэглэгчид олон талт үйлдлийг хийж болдог нийгмийн сүлжээний үе юм.

Тэгвэл web 3.0-ийн онцлох шинжүүдтэй танилцъя.

Юмсыг багтаасан орон зайг үл хамаарах сүлжээ

Хэн бүхэн, бараг юм бүхэн, хэзээд, хаанаас ч сүлжээнд холбоотой байх болно. Ирээдүйд компьютер болон ухаалаг утаснууд төдийгүй маш олон зүйлс интернэт сүлжээнд холбогдоно. Үүнийг IoT буюу юмсыг багтаасан интернэт гэж нэрлэдэг. Web 2.0-ийн үед нийгмийн сүлжээнд хүмүүс мэдээлэл солилцож байгаа бол, Web 3.0-т эд зүйлс эзэндээ үйлчлэхийн тулд өөр хоорондоо автоматаар мэдээлэл солилцож байдаг болох нь.

Орон зайг хэрсэн график сүлжээ

Зарим ирээдүй судлаачид web 3.0-ийг орон зайг хэрсэн сүлжээ гэж тодорхойлох нь бий. Дижитал болон биет ертөнцийн зааг хязгаарыг давсан гурван хэмжээст график дүрслэл нь ирээдүйн интернэтийн гол онцлог байна. Ахисан түвшний гурван хэмжээст дүрслэлүүд нь тоглоом болон энтертайнмент салбарт төдийгүй үл хөдлөх, эрүүл мэнд, цахим худалдаа гэх мэт олон салбарт гүнзгий нэвтэрсээр байна.

Семантикс буюу утга зүйн сүлжээ

Мөн Семантикс (semantics) гэх нэр томьёо web 3.0-ийн томоохон онцлогийг тодорхойлдог. Семантикс гэдэг нь хэл шинжлэл, философи, компьютерын ухааныг хамарсан судлагдахууны нэр бөгөөд утга зүй, логикийн түвшний уялдааг судалдаг. Тэгэхээр Семантик технологийн орчинд, байгаа мэдээллийн түвшинд биш утга учрын түвшинд хайлт хийж боломжтой болно. Цаашилбал роботууд хүний алдаатай хэлсэн үгийн алдааг засаж хүлээн авдаг болж, хүний сэтгэл хөдлөлийн цаад учир шалтгааныг технологиуд ойлгож, интернэт хүмүүст гүн гүнзгий үйлчилдэг болох нь.

Төвлөрсөн бус вебүүд

Шинэ интернэт хүмүүст илүү эрх тэгш байдлыг бий болгоно. Хүмүүс сүлжээг дундаа эзэмших, өөрийн гэсэн онцлогтой өөртөө зориулсан интернэтийг хэрэглэх боломж олдоно. Өнөөдөр томоохон корпорацууд нийгмийн сүлжээг эзэмшиж, зохицуулж, хэрэглэгчдийн үйлдэл болон зан төлөвт нөлөөлж байгаа. Тэгвэл блокчейнд суурилсан төвлөрсөн бус аппликэйшнүүд хэрэглэгчдэд эрх мэдлийг өгөх болно.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn