Япончууд хязгааргүй эрчим хүч үйлдвэрлэхэд нэг алхам ойртлоо

Японы инженерүүд далайн хамгийн хүчтэй урсгалыг ч тэсвэрлэх чадвартай, далайн давлагааны хүчийг бараг л хязгааргүй цахилгаан эрчим хүч болгон хувиргах чадвартай турбиныг бүтээжээ. Уг төслийн нэр “Кайрюү”.
Япончууд хязгааргүй эрчим хүч үйлдвэрлэхэд нэг алхам ойртлоо
IHI Corp./NEDO

Ишикаважима-Харима буюу IHI корпорац 2017 онд Шинэ эрчим хүч, аж үйлдвэрийн технологийн хөгжлийн байгууллага (NEDO)-тай хамтран далайн урсгалаас эрчим хүч гарган авах анхны загвараа туршиж байсан бөгөөд энэхүү технологийг хөгжүүлэхэд арав гаруй жилийг зарцуулаад байгаа юм.

Японы баруун өмнөд эргийн усанд гурван жил хагасын турш үргэлжилсэн хээрийн туршилтаар тус шинэ эрчим хүчний эх үүсвэр маш их ирээдүйтэй болох нь тогтоогдоод байна.

Кайрюү буюу япон хэлнээс "далайн урсгал" гэж орчуулагддаг аварга том далайн мангасын нэртэй энэхүү загвар нь 330 тонн жинтэй. Түүний их бие нь 20 метр (66 фут) урттай ба хажуу талдаа ижил хэмжээтэй хос турбинтай юм. Турбин тус бүр нь 11 метр урт турбины сэнсэнд бэхлэгдсэн бөгөөд үүгээр эрчим хүч үйлдвэрлэх зориулалттай ажээ.

Япон улс эрчим хүчний үйлдвэрлэлийн ихээхэн хэсгийг нүүрснээс гарган авдаг тул эрчим хүчний хангамж нь чулуужсан түлшний импортоос хамааралтай байдаг. Тус улсад 2011 онд тохиолдсон Фукушимагийн цөмийн гамшгийн дараагаар цөмийн эрчим хүчнээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг түлхүү ашиглах, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх шинэ технологийг хөгжүүлэх тал дээр ихээхэн анхаарах болсон юм.

Харамсалтай нь, японы газар зүй, уур амьсгалын онцлогоос болж салхин турбин, нарны зайн хавтангийн аль алийг нь ашиглахад тохиромжгүй байдаг. Түүнчлэн хөрш зэргэлдээ орнуудаас далайгаар тусгаарлагдсан тул эрчим хүчийг импортлох боломжгүй. Харин тус улсад далайн эрэг, далайн ус хангалттай бий. Иймээс японы инженерүүд далайн давлагаанд агуулагдаж буй механик энергийг цахилгаан энерги болгон хувиргах нь хамгийн зөв шийдэл гэж үзсэн байна.

IHI-ийн тооцоолсноор далайн усны урсгалд агуулагдаж байгаа нийт эрчим хүчийг ашиглаж чадвал 205 гигаватт цахилгаан үйлдвэрлэх боломжтой бөгөөд энэ нь тус улсын одоогийн эрчим хүчний үйлдвэрлэлтэй ижил хэмжээний цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж болно гэсэн үг юм.

Гэвч тэдэнд далайн усны хуйларсан урсгал том бэрхшээл учруулах болжээ. Учир нь хүчтэй хуйларсан урсгал далайн усанд байрлуулсан турбиныг амархан эвдэж чаддаг.

Харин Кайрюү нь давлагааны гадаргуугаас доош ойролцоогоор 50 метрийн гүнд хөвөхөөр бүтээгдсэн бөгөөд давлагааны нөлөөгөөр гадаргуу руу хөвөхөд үүссэн хүч нь турбинуудад шаардлагатай эргэлтийг өгдөг. Ир бүр нь эсрэг чиглэлд эргэлддэг учир төхөөрөмжийг харьцангуй тогтвортой байлгана. Ингэснээр Кайрюү далайд маш удаан тогтвортойгоор ажиллах боломжтой болжээ.

Туршилтаар 2-4 зангилаа хурдтай буюу нэг секундэд 1-2 метр орчим хурдтай далайн урсгалаас 100 киловатт эрчим хүч гаргах чадвартай болох нь тогтоогдсон байна. Энэ нь далайн эрэг дээрх 3.6 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх чадалтай дундаж салхин турбинтай харьцуулахад маш өчүүхэн мэт санагдаж боловч Кайрюү нь 20 метрийн урт турбинтай болсноор 2 мегаватт цахилгаан үйлдвэрлэх боломжтой.

Хэрэв бүх зүйл төлөвлөгөөний дагуу болбол Япон улс далайн эргийн дагуу олон мянган Кайрюү байрлуулснаар ирэх арван жилд цахилгаан эрчим хүчний сүлжээний 40-70%-ийг далайн урсгалаас гарган авах ажээ. Кайрюү үнэхээр үүнийг хийж чадах эсэхийг харах л үлдлээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn