
ОХУ Украин улс руу цэргээ оруулсны дараа буюу өнгөрсөн бямба гарагт Украин улсын дэд ерөнхий сайд Михайло Федоров өөрийн албан ёсны твиттер хуудсандаа криптовалют хандивлахыг уриалж, биткойн, эфир зэрэг криптовалютын дижитал хэтэвчний дансаа нийтэлжээ.
Харин өнгөрсөн даваа гарагт крипто гүйлгээг бүртгэдэг блокчейн технологи дээрх дижитал койны үйл явцыг хянадаг Лондон хотод төвтэй Эллиптик фирм ойролцоогоор 17,300 хүн хандив өргөсөн бөгөөд нийт 12.8 сая ам.долларын үнэ бүхий криптог хүлээн авсан гэж мэдэгдэв.
Энэ нь криптовалют ашиглан краудфандинг буюу бүх нийтийн санхүүжилт босгож буй хамгийн анхны тохиолдол болж байгаа юм. Тухайлбал, зарим улс орон, тэр дундаа Эл Сальвадор улс криптовалютыг хүлээн зөвшөөрсөн ч Украин улс криптовалют ашиглан шууд хандив өгөхийг уриалж байгаа нь ийм төрлийн анхны тохиолдол ажээ.
Мөн 2 дугаар сарын 26-ны өдөр Украин улсын дэд ерөнхий сайд Михайло Федоров өөрийн твиттер хуудсандаа Элон Маскаас Starlink интернэт үйлчилгээгээрээ туслахыг хүссэн бөгөөд түүний хариуд Элон Маск хиймэл дагуулын интернэт үйлчилгээгээ Украин улсын нутаг дэвсгэрт идэвхжүүлснээ мэдэгдсэн билээ.