Шинэ үеийн нарны хавтан 24%-ийн үр ашигтай ажилладаг боллоо

Уламжлалт нарны хавтанд хагас дамжуулагч цахиурыг ашигладаг бол үүний оронд органик болон перовскит дээр суурилсан шингээгч гэсэн хоёр өөр төрлийн материалыг нэгтгэн ашигласнаар нарны хавтангийн үр ашгийг даруй 4%-аар нэмэгдүүлж чаджээ.
Шинэ үеийн нарны хавтан 24%-ийн үр ашигтай ажилладаг боллоо

Германы Вупперталын их сургуулийн профессор, доктор Томас Ридлийн баг хэд хэдэн их сургууль болон судалгааны хүрээлэнгүүдтэй хамтран шинэ нарны хавтан зохион бүтээлээ.

Уг бүтээлийн үр ашиг 24% хүрдэг бөгөөд өнөөг хүртэлх хамгийн өндөр үр ашигтайгаар ажилладаг нарын хавтангийн дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна.

Уламжлалт нарны хавтангийн технологи голчлон хагас дамжуулагч цахиур дээр суурилдаг бөгөөд үр ашиг нь 18-20% буюу нэг ватт эрчим хүч тутмын 20% орчмыг цахилгаан энерги болгон хувиргах боломжтой байдаг. Хамгийн гол нь үүнийг одоо байгаагаас илүү сайжрах боломжгүй гэж үздэг байсан юм.

Иймээс тус судалгааны баг илүү өндөр үр ашигтай нарын хавтан бүтээх зорилго дэвшүүлсэн байна. Үүний тулд тэд хагас дамжуулагч цахиурын оронд органик болон перовскит дээр суурилсан шингээгч гэсэн хоёр өөр төрлийн материалыг нэгтгэн ашигласнаар нарны хавтангийн үр ашгийг даруй 4%-aар нэмэгдүүлж чаджээ.

Түүнчлэн энэ технологийн дагуу нарны хавтан үйлдвэрлэхэд уламжлалт цахиур ашигладаг аргаас бага материал, эрчим хүч шаарддаг тул нарны зайн үйлдвэрлэл болон хэрэглээг эрчимжүүлэх боломж олгоно.

Илүү сайн мэдээ гэвэл тус судалгааны багийн хийсэн виртуал симуляцийн үр дүнд энэхүү технологийн үр ашгийг 30% хүртэл ч нэмэгдүүлэх боломжтойг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, тун удахгүй дэлхийд нарнаас ирж байгаа нийт эрчим хүчний гуравны нэгийг цахилгаан эрчим хүч болгон ашиглах боломж бүрдэнэ гэсэн үг.

Ташрамд дурдахад нарны эрчим хүчийг цахилгаан болгон ашиглах технологи нь байгалийн шавхагдашгүй нөөцийг ашиглан байгаль орчинд хор хөнөөлгүй, ногоон эрчим хүчийг үйлдвэрлэхэд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа аргуудын нэг билээ.

Эх сурвалж: Techxplore

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn