Бодол унших технологи - Бид үүнд бэлэн үү?

Толгойд орж ирсэн бодлуудыг хэн нэгэн файл болгон хуулж аваад уншиж байна гээд төсөөлөөд үз дээ. Өнөөдөр ажил дээрээ манай дарга яагаад ийм тэнэг юм бэ гэж бодсон бол дарга чинь энэ бодлыг, тэр ч бүү хэл өөрийнх нь талаарх мэдрэмжийг олж мэдэх боломжтой болно. Галзуу сонсогдож байгаа биз, тийм үү. Гэхдээ энэ санаа бодит амьдралд хэрэгжихэд тун ойрхон байна.
Бодол унших технологи - Бид үүнд бэлэн үү?

BCI (Brain Computer Interaction) гэж юу вэ?

Энэ бол тархины цахилгаан дохиог ашиглан бусад төхөөрөмж, машин, программ эсвэл ямар нэгэн төрлийн компьютертой шууд холбогдон мэдээлэл дамжуулах үйл явц юм. BCI-ийн тусламжтайгаар бид бодлоороо роботыг хөдөлгөх боломжтой гэсэн үг. Нөгөө талаасаа энэ технологид суурилан хүний тархин дахь мэдээлэл буюу бодлыг хүлээн авч боловсруулах, тайлж унших ч боломж нээгдэнэ.

Уг технологи шинжлэх ухааны уран зөгнөл шиг санагдах боловч энэ чиглэлийн судалгааны ажлууд хагас зуун жилийн турш идэвхтэй үргэлжилсээр одоо бидний амьдралын нэг хэсэг болоход тун ойрхон ирээд байгаа юм.

Гэхдээ хүний тархи маш нарийн төвөгтэй бүтэц, үйл ажиллагаатай бөгөөд түүнтэй холбогдохын тулд ямар нэг суулгацыг тархинд суурилуулах шаардлагатай болдог. Харин ямар нэг мэс засал, суулгацгүйгээр тархинаас мэдээллийг хүлээн авах, тархинд дамжуулах инвазив бус нейротехнологийн төхөөрөмжүүдийг туршсаар байгаа бөгөөд эдгээрийн аль нэг нь амжилттай болбол бодол унших, бодлоороо тоног төхөөрөмжийг удирдах нь бидний амьдралын нэг хэсэг болох юм. Бид харин үүнд бэлэн үү?

BCI технологийн түүхэн хөгжил

Энэ төрлийн судалгаа 1970-аад оны эхээр Калифорнийн их сургуулийн (UCLA) Жак Видалийн лабораторид эхэлжээ. Видал энэ нэр томьёог 1973 онд хэвлэгдсэн нийтлэлдээ анх удаа дурдсан бөгөөд түүнийг энэ салбарыг үндэслэгч гэж тооцдог.

1970-аад оны үед амьтад, тэр дундаа хүн төст бичийг судлах судалгаа эрчимжсэн бөгөөд 10 жилийн дараа гэхэд хүмүүс пуужингийн дүрсийг бодлоороо дэлгэцэн дээр дээш доош хөдөлгөж харуулах боломжтой болжээ.

2006 онд Харвардын судлаачид нуруу, нугасны гэмтэлтэй хүний нугасанд суулгац ашиглан зурагт удирдах, хиймэл гар ажиллуулах, робот гарыг хөдөлгөх боломжтойг харуулсан нь энэ салбарын хувьд томоохон дэвшил байв.

Тархинд нейротехнологийн суулгацыг шууд суулгах нь судлаачдад дохио дамжуулах электродыг шаардлагатай газарт нь байрлуулж, хүчтэй, байнгын дохио авах боломжийг олгодог. Гэхдээ энэ ажилбар нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж, өндөр бэлтгэгдсэн мэс заслын эмч нарыг шаарддаг тул өндөр өртөгтэй, эрсдэл өндөртэй юм.

2011 онд Доминион их сургуулийн судлаачид энэ асуудлыг шийдэж болох инвазив бус нейротехнологийн боломжуудыг танилцуулав. Тэд тархины цахилгаан бичлэгийн төхөөрөмж ашиглан компьютерын дэлгэцэн дээр бодлоороо үг бичих дохиог тархинд дамжуулж чаджээ. Өөрөөр хэлбэл, компьютерын гар ашиглахгүйгээр бодлоороо дэлгэцэн дээр үсэг бичих боломжтой болсон гэсэн үг. Энэ нь суулгацгүй BCI хөгжүүлэх боломж байгааг харуулсан явдал болжээ.

BCI технологи бидний амьдралд

Сүүлийн 50 гаруй жил хөгжиж буй энэ технологи тун удахгүй бидний амьдралын нэг хэсэг болоход бэлэн болоод байгаа ажээ. Энэ чиглэлээр ажиллаж буй хэд хэдэн компаниуд томоохон амжилтад хүрээд байна. Жишээ нь, Neurable компани тархинаас үүссэн цахилгаан дохиог “машин сургалтын” технологи ашиглан ангилах замаар хүний хүсэл бодол, зорилгыг ойлгох программ хангамж боловсруулжээ. Тэдний бүтээсэн тусгай чихэвч хэрэглэгчийн тархинаас хүлээн авсан мэдээлэлд тулгуурлан тухайн үеийн сэтгэл зүйн байдалд тохирсон дууг сонсгох чадвартай болсон юм.

Мөн Илон Маскийн Neuralink компани худалдаанд гаргах боломжтой инвазив буюу тархинд суулгадаг нанотехнологийг хөгжүүлэх оролдлого хийсээр байна. Тэд микро чипийг гахайн тархинд суулгасан ба энэ нь гахайн тархи хэрхэн ажиллаж байгааг, ажиллаж буй тархи дуу чимээг хэрхэн хүлээн авч байгааг маш тодорхой харуулж чадаж байгаа юм. Tesla, SpaceX зэрэг ирээдүйн төслүүдийг зах зээлд нэвтрүүлж, хэрэглээ болгож чадсан амжилтуудыг нь харгалзан үзвэл Neuralink суулгац тун удахгүй худалдаанд гаргах магадлалтай.

Түүнчлэн Muse гэх мэт тархины цахилгаан бичлэгийг ашигладаг бүтээгдэхүүнүүд Neurable-тэй ижил инвазив бус технологийг ашиглаж байгаа бөгөөд энэ нь бясалгал, анхаарал төвлөрөлт, нойрны эмгэгийн эмчилгээний чиглэлээр ихээхэн амжилт олох магадлалтай байна. Иймээс тархийг машинтай холбож тархиараа тэднийг удирдах, тархинд байгаа мэдээллийг хүлээн авч боловсруулах боломжтой BCI технологид суурилсан тоног төхөөрөмжүүд бидний амьдралын нэг хэсэг болоход тун ойрхон иржээ.

Эдгээр технологи амьдралд нэвтэрснээр ойрын ирээдүйд хүмүүс хэдхэн минутын сургалтад хамрагдаад л компьютерын гаран дээр үсэг товшихгүйгээр бодлоороо текст бичих, хоорондоо амаа ч хөдөлгөхгүйгээр бодлоороо ярилцах, сэтгэл зүйн асуудалд орсон хүмүүст компьютерын программ доторх кибер сэтгэлзүйчтэй ярилцан зөвлөгөө авч, булчингийн саажилттай хүмүүс яг л бусад хүмүүс шиг ажиллаж амьдрах боломжтой болж, сэтгэцийн эмгэгийг ч тусгай программ хангамж ашиглан эмчилж, зарим чухал мэдээллийг тархиндаа хэзээ ч мартахгүйгээр хадгалах, шинэ хэлийг маш богино хугацаанд сурах гэх мэт хязгааргүй олон боломжууд нээгдэх боломжтой. Эдгээр өөрчлөлтүүдийг даган дэлхий нийтийн нийгэм, эдийн засгийн хөгжил ч хурдацтай нэмэгдэх болно.

Гэхдээ аливаа эерэг өөрчлөлтийг даган сөрөг асуудлууд бий болдгийн нэгэн адил эдгээр боломжуудыг дагалдан хүн хоорондын харилцаа, сэтгэл зүй, ёс суртахууны сөрөг үр дагаврууд бий болох ч магадлалтай бөгөөд өөр ямар ямар тааламжгүй нөлөөг хүн төрөлхтний амьдралд авчрахыг одоогоор бүрэн таамаглах боломжгүй байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn