Хөрөнгө оруулалтын “гол бай” мэдээллийн технологийн салбар болжээ

Мэдээ мэдээлэл, техник технологийн үсрэнгүй хөгжил нь дэлхийн эдийн засаг болоод нийгмийн өнгө төрхийг тодорхойлж байгаа цаг үед бид амьдарч байна.
Хөрөнгө оруулалтын “гол бай” мэдээллийн технологийн салбар болжээ

Тиймээс хөрөнгө оруулалт мэдээллийн технологийн салбар руу хурдацтай шилжиж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Монгол Улс харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр тодотгож, “Цахим үндэстэн” болох уриалгыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам мэдээллийн технологид хөрөнгө оруулъя уриан дор “Цахим хөгжлийн хурдасгуур” форумыг өчигдөр зохион байгууллаа.

Тус хуралд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс “Цахим үндэстэн” бодлогын баримт бичгийг танилцуулсан бол Үндэсний статистикийн хороо “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээгээ”-ний судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулсан юм. Форумд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 100 гаруй төлөөлөл, мэдээллийн технологийн хөрөнгө оруулалтын орчин, дижитал эдийн засгийг хэрхэн бий болгох талаар хэлэлцсэн юм.

“Нээлттэй төрийн үндэс нь харилцаа холбоо, мэдээллийн технологийг хөгжүүлэх юм”

Форумыг нээж Боловсрол, шинжлэх ухаанысайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан“Монгол Улсын Засгийн газар иргэн болон бизнесийн салбарыг бүх талаар дэмжсэн, хүнд сурталгүй, нээлттэй, хариуцлагатай, хяналттай төрийг төлөвшүүлэхээр зорьж байна. Энэ зорилгыг биелүүлэх гол хэрэгсэл нь харилцаа холбоо, мэдээллийн технологи юм. Тиймээс салбарын хөгжлийн хурдасгуур, тулгуур хуулиуд болох Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн хуулиудыг батлан нийтээр дагаж мөрдөхөд бэлэн болоод байна” гэж ярьсан юм.

Б.Болор-Эрдэнэ: 2027 онд хүн амын 97 хувь нь интернэт ашигладаг болно

Үүний дараагаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ “Цахим үндэстэн” бодлогын баримт бичгийг танилцууллаа. Тус бодлогын баримт бичигт тусгаснаар монголчууд “Цахим үндэстэн” болоход Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсэгтэн, инновац үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн стратегийн зургаан зорилт дэвшүүлжээ. Эдгээр зорилтууд хэрэгжсэнээр 2027 онд Монгол Улсын нийт өрхийн 95%, хүн амын 97% нь интернэт ашигладаг болох юм. Мөн Ази Европыг холбосон өндөр хурдны сүлжээний мэдээллийн урсгал дөрөв дахин нэмэгдэж, 5G технологийн нэвтрэлт 70%-д хүрч, харилцаа холбооны дэд бүтцийн индекс 0.69%-д хүрнэ гэсэн тооцоолол гарчээ. Үүнээс гадна цахим засаглалын олон улсын индекс 10%-иар өсөж, хүн амны тоон бичиг үсгийн чадавх 50%-д хүрнэ гэж тооцоолон ажиллаж байгаа юм.

“Цахим үндэстэн” болох уриалгын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон И-Монголиа академийн хамтарсан баг Булган, Хөвсгөл аймагт ажиллалаа. Орон нутгийн иргэдэд цахим үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор тэд "Цахим жишиг аймаг” хөтөлбөрийг Булганаас эхлүүлж, нийт 21 аймагт хүрч ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм.

Б.Должинжав

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn