Хагас дамжуулагчийн төлөөх тэмцэл

Дэлхийн тэргүүлэх эдийн засгууд геополитикийн таагүй нөхцөл байдлаас шалтгаалан өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардагддаг хагас дамжуулагчийн импортын хамаарлаа бууруулахыг зорьж байна.
Хагас дамжуулагчийн төлөөх тэмцэл
© Bloomberg

Геополитикийн нөхцөл байдал улам дордож, Хятадтай харилцаа хэвийн болох дүр зураг харагдахгүй байгааг харгалзан Цагаан ордон хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг дэмжихээр 52 тэрбум ам.долларын санхүүжилт баталлаа. Европын Холбооны хувьд хагас дамжуулагч үйлдвэрлэлийн салбарт 45 тэрбум еврогийн хөрөнгө оруулах шийдвэр гаргасан.

Хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд зарцуулах хөрөнгө (тэрбум ам.доллароор)
Хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд зарцуулах хөрөнгө (тэрбум ам.доллароор)

1990-ээд онд дэлхийн хагас дамжуулагч үйлдвэрлэлийн 40% хувийг АНУ, 20 гаруй хувийг Европын орнууд хангаж байсан бол одоо энэ үзүүлэлт АНУ 15%, Европ 10% болтлоо буураад байгаа юм. Тэгвэл Европын Холбоо 2030 он гэхэд дээрх үзүүлэлтийг эргэн 20%-д хүргэх зорилт тавьсан бөгөөд энэ чиглэлээр Вашингтонтой хамтран ажиллах чиглэл барьж байна.

Одоогоор Америкийн Интел компани Аризона болон Охайо мужуудад тус бүр 20 тэрбум ам.долларын өртөгтэй хагас дамжуулагчийн хоёр үйлдвэр байгуулахаар шийдвэрлэсний дээр Германы Магдебург хотод 17 тэрбум еврогийн хөрөнгөөр хагас дамжуулагчийн үйлдвэр байгуулах төслөө эхлүүлээд байна.

Интел компанийн Аризона дахь үйлдвэрийн шав тавих ёслол
Интел компанийн Аризона дахь үйлдвэрийн шав тавих ёслол© Bloomberg

Интелийн Магдебург дахь үйлдвэрт Германы засгийн газар 5 тэрбум еврогийн дэмжлэг үзүүлэхээр амлаад буй. Тус үйлдвэрийн барилгын ажил 2023 онд эхэлж, 2027 оноос бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхэлнэ. Интелийн зүгээс ирэх арван жилд Европын Холбооны орнуудад нийт 80 тэрбум еврог технологийн судалгаа, хөгжүүлэлтийн (R&D) төслүүдэд зарцуулахаар төлөвлөжээ.

Интелийн цогц төлөвлөгөөгөөр Герман дахь үйлдвэрээс гадна Францад судалгааны хаб, Ирланд, Испани, Итали, Польшид туслах эд ангийн үйлдвэрүүдийг байгуулах юм. Энэ хүрээнд тус салбарт Испани улс 12.4, Итали улс 4.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаа мэдэгдээд байгаа билээ.

Ирээдүйд Хятад-Тайванийн харилцаа хурцадсан тохиолдолд Тайванийн хагас дамжуулагчаас хэт хамааралтай байх нь эдийн засагт ноцтой үр дагавар учруулах эрсдэлтэйг харгалзан АНУ, Европын Холбоо ийнхүү хамтын хүчин чармайлт гаргаж байна. Тайванийн TSMC компани одоогоор дэлхийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн тэн хагасыг дангаараа бүрдүүлж байгаа юм. Түүнчлэн Орос-Украины дайны улмаас хагас дамжуулагч үйлдвэрлэхэд шаардагддаг аргон, неон зэрэг хийн нийлүүлэлт саатаж байгаа нь эрхгүй нэгийг бодоход хүргэжээ.

Хагас дамжуулагч нийлүүлэх дундаж хугацаа 10-15 долоо хоног байсан бол сүүлийн хоёр жилд ОУ-ын байдлаас шалтгаалан уг хугацаа 25 долоо хоног болж удааширчээ
Хагас дамжуулагч нийлүүлэх дундаж хугацаа 10-15 долоо хоног байсан бол сүүлийн хоёр жилд ОУ-ын байдлаас шалтгаалан уг хугацаа 25 долоо хоног болж удааширчээ

Хагас дамжуулагч үйлдвэрлэлийг эх орондоо буцаан татах Вашингтоны төлөвлөгөөнд Тайванийн тал сэтгэл зовниж буй. Учир нь хагас дамжуулагчийн үйлдвэрлэл нь тус арлыг хятадын болзошгүй өдөөн хатгалгаас хамгаалах америкийн ашиг сонирхлын гол үндэс болдог бөгөөд аюулгүй байдлынх нь үндсэн баталгаа юм. TSMC-ийн захирал Моррис Чан хэлэхдээ “АНУ хагас дамжуулагч үйлдвэрлэлийн битүү кластер дахин бий болгохоор хэдэн зуун тэрбумыг зарцуулсан ч амжилт олоход бэрх” гэж мэдэгджээ.

Харин ТSMC-ийн араас хүчтэй нэхэж яваа өөр нэг компани бол Өмнөд Солонгосын Самсунг бөгөөд 2021 оны байдлаар тус компани дэлхийн зах зээлийн 17%-ийг хангаж байв. БНСУ-ын хувьд дэлхийн хамгийн том хагас дамжуулагч үйлдвэрлэгч орон болж, Тайванийг ардаа орхих амбицтай агаад төр, хувь хэвшлийн хамтаар 2030 он гэхэд нийт 450 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байна.

Эх сурвалж: Bloomberg

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn