Мөнх амьдралд нэг “алхам” ойртов

Somnium Space метаверс дахь "Үүрд амьдрах" горимдоо таныг өөрийн виртуал хувилбараа үүсгэж, үүрд амьдрахыг санал болгож байна.
Мөнх амьдралд нэг “алхам” ойртов

Сүүлийн жилүүдийн технологийн дэвшлийн үр дүнд бид цахим ертөнцөд өөрийн виртуал хувилбарыг бүтээх боломжтой болсон билээ. Энэхүү хөгжилд цар тахлын нөхцөл байдал хүчтэй түлхэц үзүүлсэн ч байж болох талтай.

Виртуал ертөнц дахь дүрүүд бодит биегүй боловч амьд хүний олон шинж чанаруудыг агуулдаг. Тантай ижил дуу хоолойтой, мэдрэмжтэй, итгэл үнэмшилтэй, зуршилтайгаас гадна өөрийн гэсэн түүхтэй байх болно. Хүмүүс бидний үүрд амьдрах боломж дижитал орчинд ийнхүү бүрдэх нь ээ.

Энэ чиглэлээр ажиллаж буй технологийн компаниудын нэг нь Somnium Space. Энэ бол блокчэйн технологид суурилсан өөрийн төвлөрсөн бус метаверсийг хөгжүүлж буй Чех улсын компани юм. Тэдний хамгийн том эрмэлзэл нь хэрэглэгчдийн дүр төрх төдийгүй хөдөлгөөн, ярианы хэв маягийг тусгасан аватаруудыг бүтээх явдал аж.

Үүний тулд Somnium Space-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Артур Сычовын баг хүнийг хөдлөх, ярих бүрд эдгээр мэдээллийг ашиглан виртуал ертөнцөд тэрхүү үйлдэл бүрийг давтан гүйцэтгэх чадвартай аватар үүсгэх зорилго тавьжээ. Өөрөөр хэлбэл “Аватар” кинотой тун төстэй нөхцөл байдал бий болно гэсэн үг.

Үүгээр барахгүй тэрхүү аватар нь таныг амьд байх үедээ хийсэн, ярьсан бүх мэдээлэлд тулгуурлан нас барсны дараа яг тань шиг ярих, үйл хөдлөл хийх чадвартай байх юм. Иймээс бодит ертөнц дээр та байхгүй болсон ч найз нөхөд, хүүхдүүд чинь виртуал ертөнцөд орж ирээд таны аватартай уулзаж, ярилцах боломжтой. Хэдийгээр аватар хиймэл оюун ухаанд тулгуурлан ярилцах боловч түүнтэй ярилцах эхний 10 минутад яг л тантай ярилцаж буй мэт мэдрэмж авах болно.

Энэхүү санаагаа Артур 5 жилийн өмнө хүнд хэлбэрийн хорт хавдартай болох нь оношлогдсон аавтайгаа дахин уулзахын тулд бодож олжээ. Somnium Space компани Mind Bank-тай хамтран HereAfter AI хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлсэн бөгөөд Артур Сычов эцгийнхээ видео бичлэгийн мэдээллийг ашиглан дижитал хувилбарыг нь үүсгэж чадсан юм. Түүний энэхүү туршлага нь Метаверсийн "Үүрд амьдрах" горимын технологийн суурь шийдлүүдийн үндэс болж байгаа гэнэ.

Метаверс доторх тоглогчийн дуу хоолой, хөдөлгөөний мэдээллийг хуулбарлан авах, аватар нь түүнийг дуурайх гэх мэт технологийн шийдлүүд аль хэдийн бэлэн болсон бөгөөд энэ оны сүүлээр тоглогчдын урьдчилсан мэдээллийг цуглуулж эхэлнэ. Хэрэв хэрэглэгч тус горимыг ашиглахаар шийдвэл түүнийг метаверс дотор байх үед программ ажиллах юм.

Өгөгдлийг бүрэн цуглуулж, хиймэл оюун ухаан хэрэглэн таны аватар болгон дахин бүтээх бөгөөд энэ үеэс эхлэн хүмүүс тантай ярилцах боломжтой болно. Улмаар энэхүү аватар цаг хугацаа өнгөрөх тусам хиймэл оюун ухааны ачаар тантай улам бүр адилхан болсоор байх ажээ.

Түүнчлэн энэхүү технологи бидэнд байгаа түүхийн мэдээлэл, архивын материалд үндэслэн алдартай хүмүүсийн аватарыг бүтээж, тэдэнтэй ярилцах боломжийг ч олгох боломжтой. Хэдийгээр бодит ертөнцөд үүрд амьдрах боломжгүй ч виртуал ертөнцөд өөрийн дүрийг үлдээж, үзэл бодол, итгэл үнэмшлээ үүрд бусадтай хуваалцах цаг хугацаа тун ойрхон байна. Метаверс дэх үүрдийн амьдрал ямар байх бол?

Эх сурвалж: vice.com, cryptonomist.ch, wired.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn