Финтек мэдлэг №1: Финтекийн талаарх таны мэдэх хэрэгтэй зүйлс

Орчин цагийн технологийн хөгжил дэвшлийн томоохон тусгал болоод буй финтек салбарын талаар өгүүлэх "Финтек мэдлэг" цувралын эхний дугаар уншигч танд хүрэхэд бэлэн боллоо.
Финтек мэдлэг №1: Финтекийн талаарх таны мэдэх хэрэгтэй зүйлс

Энэхүү дугаарт финтекийн талаарх анхан шатны ойлголт, мэдээ мэдээллийг багцлан хүргэх гэж байна. Өнгөрсөн жилүүдэд финтекийн салбар Монгол Улсад эрчимтэй хөгжсөөр ирж буй бөгөөд СЗХ-ны 2020 оны тайлангаас үзэхэд аль хэдийн +40 финтек компани үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Нөгөө талаар хэрэглэгчдийн тоо ч шууд нэмэгдсээр ирсэн билээ. Тухайлбал, өнгөрсөн оны байдлаар ББСБ-ын нийт зээлдэгчдийн 80.2% буюу 1.3 саяыг нь финтек зээлдэгчид бүрдүүлсэн ба үүнээс бид финтек хэрэглэгчдийн тоо хэрхэн нэмэгдэж буйг харж болно. Ингээд эхэлцгээе.

Финтек гэдэг нь англи хэлнээ санхүү болон технологи гэсэн үгийн товчлол бөгөөд санхүүгийн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг технологийн тусламжтай хөгжүүлж буй шинэчлэлийг хэлэх ажээ. Өөрөөр хэлбэл, финтек нь хувь хүмүүс, бизнес эрхлэгчдийн цагийг хэмнэж, мөнгөө илүү сайн удирдахад нь нэг алхам ойртуулж байна. Сүүлийн жилүүдэд финтек салбар өндөр хурдтайгаар хөгжсөөр байгаа бөгөөд хиймэл оюун ухаан, их өгөгдөл болон машин сургалтаар дамжуулж эрсдэлийг бууруулах, хөрөнгө оруулалтын боломжуудыг үнэлэх, оновчтой багц бүрдүүлэх гэх мэт олон давуу талыг бий болгосон юм.

Финтекийн үүсэл хөгжлийн талаар судлаачид олон янзын таамаг дэвшүүлдэг ч үндсэн ойлголтын тухайд 1950-аад оны эхэн үетэй холбоотой гэж үзэж болно. 1950-аад оны эхэн үед анхны дебит картууд гарсан ба энэ нь хэрэглэгчдэд өдөр тутмын амьдралдаа биетээр авч явах мөнгөний хэрэгцээг арилгаж, олон нийтэд хүртээмжтэй анхны финтек бүтээгдэхүүн болжээ. Харин 1998 онд онлайн төлбөр тооцооны PayPal компани үүсгэн байгуулагдсан бөгөөд тус компани нь интернэтэд үйл ажиллагаа явуулж эхэлсэн анхны финтек компаниудын нэг юм. Энэ нь цаашлаад гар утасны технологи, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл зэрэгт илүү их өөрчлөлт авчирч, хөгжихөд нь нөлөөлсөн аж.

Финтек хэрхэн ажилладаг вэ?

Финтек нь хэрэглэгчид эсвэл бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүгийн бүтээгдэхүүн, гүйлгээг илүү хялбарчилж, хүртээмжтэй, бага зардалтай болгох ба энэ нь хиймэл оюун ухаан, их өгөгдөл, машин сургалт, блокчейн технологиос хамаарах ажээ. Ерөнхийд нь авч үзвэл финтек нь олон үйлдлийг хөнгөвчилж, үйл явцыг илүү оновчтой цөөн болгодог байна.

Жишээлбэл, Иргэн А Хөвсгөл аймгийн Ханх сумд байрлах хамаатны ах руугаа яаралтай 100 мянган төгрөг шилжүүлэх хэрэг гарсан гэж бодъё. Хэрэв Иргэн А ямар нэг финтек апп ашигладаггүй бол заавал банкны салбар дээр очиж, бэлэн мөнгө эсвэл харилцах данснаасаа мөнгөө авч хамаатны ахынхаа данс руу шилжүүлэх хэрэгтэй болно. Харин тэрээр финтек апп ашигладаг бол 5 минутын хугацаанд л маш хялбараар, онлайнаар шилжүүлэх боломжтой. Үүнээс бид финтекийн бидний амьдралд үзүүлж буй давуу талыг харж болно.

210 тэрбум ам.доллар
Өнгөрсөн он буюу 2021 онд дэлхийн финтекийн салбарт 5,684 удаагийн хэлцлээр нийт 210 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгджээ. (Эх сурвалж: KMPG)

Эцэст нь дүгнэхэд санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг технологийн тусламжтай шинэ түвшинд авчирч буй салбарын финтек гэж нэрлэдгийг бид мэдэж авлаа. Финтек хүмүүсийн цагийг хэмнэж, илүү хялбараар санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ авахад нь тусалж байна. Мөн дараагийн "Финтек мэдлэг" цувралын шинэ дугаартаа финтек хэрхэн зээлийн үйлчилгээг цоо шинэ түвшинд авчирсан талаар авч үзье.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn