Н.Бэлгүүнтэй: Амарад дэлхийн хамгийн анхны виртуал модель хамтран ажиллах санал тавьсан

Энэ удаагийн Шарк Танк нэвтрүүлгийн сонирхолтой зочдын нэг нь Н.Бэлгүүнтэй болон виртуал модель Амара байлаа. Н.Бэлгүүнтэй нь CGI (Computer-generated imagery) технологийг ашиглан Амара хэмээх Монголын анхны виртуал модель бүтээж, энэ төслөөрөө Шарк Танк нэвтрүүлгээс хөрөнгө оруулалт авсан юм.
Н.Бэлгүүнтэй: Амарад дэлхийн хамгийн анхны виртуал модель хамтран ажиллах санал тавьсан

Тэрээр Амараг бүтээгээд жил гаруй хугацаа өнгөрч байгаа. Гэрэл зурагчин мэргэжилтэй Н.Бэлгүүнтэй мэргэжлийн онцлогоос шалтгаан анх виртуал модель бүтээх санаа төрж, 3D артистуудтай хамтран хийжээ. Хэдийгээр Амараг бүтээгээд удаагүй ч Амарагийн инстаграм хуудас 80 мянган дагагчтай. Амара нь 21 настай, 58 кг, 180 см өндөртэй. Ур чадварын хувьд бүхнийг хийж чаддаг байхаар хөгжүүлэхийг Н.Бэлгүүнтэй зорьж байгаа аж. Дэлхий дээр энэ төрлийн виртуал модель олон байдаг. Тухайлбал, Imma.Gram, Bermudaisbae, Lil Miquela, Shude.gram гэх мэт. Lil Miquela гэхэд толгой нь зөвхөн виртуал, бие нь жинхэнэ хүн. Shude.gram гэх дэлхийн хамгийн анхны виртуал модель нь тэр чигтээ виртуал. Харин Амара бол хүн байгаа хэр нь тэр хүний биеийн оронд ажиллаж байгаа гэж ойлгож болохоор бүтээгджээ.

Ингээд төсөөллийн ертөнцийн охин Амарагийн талаар түүнийг бүтээсэн Н.Бэлгүүнтэйтэй ярилцлаа.

Q

Анх санаагаа гаргаад хэр хугацаанд судалгаа хийж Амараг бүтээсэн бэ?

A

-Ихэнх хугацаагаа судалгаанд зарцуулсан гэж болно. Хагас жил судалгаа хийсний дараа Амараг бүтээхэд 3-4 сар болсон.

Q

Хамгийн анх комедиан Б.Идэр-Од Амаратай хамт авхуулсан зургаа олон нийтийн сүлжээнд тавьсан нь шуугиан тарьсан. Эхэндээ хүмүүс Амараг бодит хүн гэж ойлгосон. Дараа нь виртуал модель гэдгийг мэдсэн. Анхнаасаа ингэж гарч ирэх нь танай сурталчилгааны нэг хэсэг байсан байх?

A

-Эхэндээ хүмүүст виртуал модель гэдгийг нь танилцуулаагүй юм. Хүмүүсийн бараг 80-90% нь Амараг жинхэнэ хүн гэж бодож байсан. Б.Идэр-Одтой үерхүүлэх санаа төрж, түүнд санал тавьсан. Ингэж үерхүүлсэн нь олон хүний анхаарлыг татаж, Амара ч олон дагагчтай болсон.

Q

Виртуал модель хийсэн зорилго гэвэл?

A

-Эхэндээ би тийм том зүйл бодож хийгээгүй. Судалгаа хийхээсээ өмнө удаан бодож явсан. Ингээд Монголоос би л хийхгүй юм бол өөр хэн ч хийхгүй нь гэдэг бодол төрөөд зүгээр л күүл юм байна гээд л хийгээд эхэлсэн. Ингэж хийсэн зүйл маань ирээдүйд сонирхолтой технологи болж хувирсан гэх юм уу даа. Дэлхий дээр байгаа виртуал моделиудаас эхний 10 моделийг нэрлэдэг албан ёсны сайт байдаг. Амара эхний 10-т багтдаг. Тухайн моделийн хийц, ирээдүйд хэрхэн хөгжих төлөв болон дагагчийн тоо зэргийг шалгуур болгон шалгаруулдаг юм.

Амара
Амара
Q

Олонд танигдсаны дараа Амара хэсэг чимээгүй болсон. Энэ хугацаанд виртуал моделио идэвхжүүлэх гээд завгүй байв уу?

A

-Тийм ээ. Өнгөрсөн найман сарын хугацаанд бид хөгжүүлэлт дээр төвлөрч ажилласан учраас сошиалд идэвхгүй байлаа. Анх Амараг бүтээхэд нүүрний хөдөлгөөнийг нь хийх боломжгүй байсан. Түүнд хүний нүүрний бүх бүтэц, яс, булчин ямар байдаг уу түүнийг нь суулгаад ямар ч хүний нүүрний хөдөлгөөнийг дуурайж хийх, ярьж чадах шинэчлэлүүдийг хийгээд завгүй байсан. Амара гарсан даруйдаа 99 мянган дагагчтай болсон ч найман сарын хугацаанд идэвхгүй байсан тул одоогоор 83 мянган дагагчтай болсон байгаа. Гэхдээ бид Амараг идэвхтэй болгох бэлтгэл ажилдаа ороод байна.

Амарагийн хамрыг Lana Del Rey дуучны хамрын хэлбэрийг дуурайж хийсэн

Н.Бэлгүүнтэй

Q

Амарагийн арьсны өнгө, жижиг, жартгар нүд, хамар гээд Монгол төрх нь содон санагддаг. Энэ төрхийг гаргахдаа хэн нэгний гадаад төрхөөс санаа авсан уу?

A

-Нэлээд бодож байж гадаад төрхийг нь бүтээсэн. Аль болох Монгол төрх царайг гаргахыг хичээсэн гэж болно. Олон хүмүүсийн биеийн бүтэц, царайг судалж байж Амараг бүтээсэн юм. Жишээ нь, Амарагийн хамрыг Lana Del Rey дуучны хамрын хэлбэрийг дуурайж хийсэн. Мөн нүүр царайг нь гаргахад их ач холбогдол өгч ажилласан. Хүмүүс ихэнхдээ Амараг царай муутай гэдэг. Гэхдээ төрхөөр нь яривал маш содон төрхтэй.

Q

Энэ төрлийн олон виртуал модель байдаг гэсэн. Жишээ нь, Японы Imma.Gram гэхэд Япон улсын соёлыг түгээх нүүр царай нь болдог. Харин Амарагийн хувьд экстрем спортоор хичээллэх, ярих, дуулах зэрэг олон чадвартай. Үүнээс гадна түүний ямар чадваруудыг хөгжүүлж байна?

A

-Дэлхийд олон виртуал модель хөгжиж байгаа. Улс орон бүр бараг үндэсний виртуал модель бүтээж байна. Японд олон виртуал модель байгаа ч Imma.Gram нь хамгийн олон дагагчтай, үндэсний хэмжээний, нөлөө бүхий модель нь юм. Одоогоор Амарагаар дамжуулан Монгол гэсэн үндэсний соёлыг харуулсан зүйл хараахан байхгүй байна. Цаашид бид дижитал хувцас хийхээр төлөвлөж байгаа. Энэ нь монгол хэв маяг, агуулгатай ч орчин үеийн дижитал fashion-тэй холбогдсон NFT бүтээлүүд гарна. Түүгээрээ бид Монгол гэдгээ сурталчлах зорилготой байна. Ер нь бид зөвхөн виртуал модель хийдэг биш ямар нэг зүйлд хайрцаглагдахгүйгээр задгай сэтгэж бүтээлээ хийнэ гэж боддог. Чадваруудын тухайд хязгаар байхгүй. Бүх зүйлийг хийж чадна. Зураг авалтад бие модель нь оролцдог. Мөн 3D ч байх боломжтой. Яагаад заавал бие модель оролцуулдаг вэ гэвэл хувцас, орчин зэрэг бүгдийг нь 3D-гээр хийхийн оронд илүү цаг хугацаа хэмнэх үүднээс бие модель оролцуулах үе байдаг. Өөрөөр хэлбэл, бодит газар зураг авахад бие модель оролцуулдаг. Дэлхийн бүх виртуал модель энэ зарчмаар ажилладаг.

Q

Одоо 21 настай Амара хөгшрөх болов уу?

A

-Амара хөгшрөхгүй. Харин бидний одоо хийж байгаа виртуал модель нь өсвөр насны хүүхдээс 25 нас хүрээд нас нь зогсох байдлаар төсөөлөн хийж байна. Үүнийг дэлхийн анхны хөгширдөг виртуал модель болгохоор бодож хийж байгаа.

Q

Амара сэтгэл хөдлөлөө илэрхийлэх үү. Магадгүй маш хийсвэр асуулт байж болох юм?

A

-Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх боломжтой. Магадгүй тэр үеийн зураг авалт нь ямар байхыг шаардана түүнд тохируулан сэтгэл хөдлөлөө илэрхийлж болно. Хиймэл оюун ухаан хөгжиж байна. Бид ирээдүйд Амарад өөрийн гэсэн хиймэл оюун ухааныг үүсгэх боломжтой гэж төсөөлж байгаа.

Q

Түүнд мөрөөдөл байгаа бол уу?

A

-(Миний л мөрөөдөл гэсэн үг) Амара гэдэг нэр нь Санскрит хэлээр үхэшгүй мөнх гэсэн утгатай. Үхэшгүй мөнх гэж нэрлэсэн учир гэвэл би байхгүй болсон ч энэ виртуал моделийг цааш хэдэн мянган жил үргэлжлүүлээд авч явах боломж байгаа болов уу гэж бодож өгсөн. Тэр үед робот хөгжиж, Амара өөрийн гэсэн бие, оюун санаатай болсон байгаасай гэж төсөөлдөг.

Q

Амарад ажлын саналууд хэр их ирж байна?

A

-Санал маш их ирдэг. Бүх ажлын саналыг нь аваад, реклам сурталчилгаанд тоглох боломжгүй байдаг.

Q

Яагаад?

A

-Өөрийн гэсэн үнэ цэнийг үүсгэхийн тулд тэр бүр ажлын саналуудыг бүгдийг нь хүлээж авдаггүй. Аль болох цөөхөн хэдэн байгууллагатай хамтран ажиллаж, бүтээлч зураг авалтууд хийх сонирхолтой байдаг.

Q

Монголын анхны виртуал үл хөдлөхийн агент болсон гэсэн үү?

A

-Тийм ээ. Хамгийн анхны үл хөдлөх хөрөнгө зуучилдаг виртуал агент болсон. Дэлхийн аль ч улсад байгаа үл хөдлөх байгууламжийг дотор нь Амара байгаагаар хийж, тухайн байрны доторх зургийг аваад 360 градусаар бүтэн үзүүлэх боломжтой. Очиж үзэх боломжгүй хүмүүст илүү давуу тал болно.

Q

Эрэгтэй виртуал модель бүтээх үү. Мөн хүүхдүүдэд зориулсан хүүхэлдэй бүтээх төлөвлөгөө байгаа гэж байсан?

A

-Хүүхдүүдэд зориулсан виртуал амьтан, мөн Амарагийн тэжээмэл амьтан хийж байгаа. Рocky mon, pichachu гэдэг шиг төсөөллийн амьтан Амаратай хамт бодит ертөнц дээр амьдарч tik tok, youTube зэрэг сувгаар өөрийн гэсэн хүүхэлдэйн кино гаргах байдлаар ажиллах байх.

Метаверс буюу дижитал ертөнцөд ашиглаж болох дижитал хувцаснуудыг бий болгож байна.

Н.Бэлгүүнтэй

Q

Амара төслийг хэрэгжүүлэхэд ямар хүндрэл бэрхшээлтэй тулгарч байсан бэ?

A

-Бэрхшээлгүй зүйл гэж байхгүй. Олон асуудал тулгарч байсан. Жишээ нь, Монголд 3D артист цөөхөн байдаг. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан бид гаднын улсаас 3D артист авчрах боломжгүй байгаа нь нэг хүндрэл болж байна. Энэ байдал хэвийн болохоор гаднаас артист урих бодол бий. Үүнийхээ хажуугаар Монголд 3D артистуудаа хөгжүүлж, бэлтгэх хэтийн зорилго бий.

Q

Хамгийн анхны виртуал модель 2017 онд гарсан. Ер нь та бүхний хийж байгаа модель, хэрэглэж буй арга, технологи, гадаад байдал гээд тэднээс хоцрогдоогүй гэж хардаг уу?

A

-Хоцрогдохгүй байх гэж бодож байна. Хамгийн анхны виртуал модель Амаратай цуг зургаа авхуулъя гэж санал тавьсан. Одоогийн байдлаар бид дижитал хувцас хийж байгаа. Энэ ажлаа хийж дуусгаад Амараг дэлхийн хамгийн анхны виртуал модельтой хамт байгаагаар харуулсан зургийг хийнэ.

Q

Дижитал хувцас гэхээр их сонирхолтой сонсогдож байна?

A

-Бидний өмсөж байгаа хувцасны ихэнх нь байгальд ээлгүй материалаар хийгддэг. Байгальд аль болох ээлтэй, эко зүйл хэрэглэдэг болъё гэж байгаа энэ үед хувцас ч гэсэн их хог хаягдал болсоор байгаа. Мэдээж дижитал хувцас энэ асуудлыг 100% шийдэж чадахгүй. Материаллаг хувцас гардгаараа гарсаар л байна. Харин дижитал хувцас бага ч гэсэн хувь нэмэр оруулах байх. Жишээ нь, нэг гоё хувцас өмсөж инстаграмдаа зураг авхуулчхаад дараа нь өмсөхгүй байх тохиолдол олон бий. Тэгвэл дижитал хувцас нь бидний худалдаж авдаг хувцаснаас 20, 30 дахин хямдхан байна. Тэр хувцаснуудыг өөрийн инстаграмдаа өмсөж болно. Бүр энгийнээр тайлбарлавал өөрийн чинь метаверс буюу дижитал ертөнцөд ашиглаж болох дижитал хувцаснуудыг бий болгож байна гэсэн үг. Одоогоор үүнийг хөгжүүлж байгаа. Ирэх 4 дүгээр сард анхны коллекцийг танилцуулна.

Q

Технологийн хөгжлөөс хоцрохгүй яг тэр түвшинд өөрсдийн ур чадвараа харуулан ийм бүтээл хийж байгаа нь монгол залуус ямар мундаг байгааг харуулж байна. Гэтэл нөгөө талаас та бид хоёрыг дэндүү хийсвэр зүйлийн тухай ярьж байна гэж шүүмжлэх нэгэн байж болох юм. Ингэж бодож байгаа хүмүүст юу гэж хэлэх бол?

A

-Аливаа зүйл хоёр талтай байдаг. Тиймээс бидний хийж байгаа ажлыг заавал хүлээн зөвшөөр гэж хэлэхгүй. Мэдээж үүнтэй санал нийлэхгүй хүмүүс байдаг. Бодит модель байсаар байтал яагаад заавал виртуал модель байх ёстой гэж хэлдэг. Жинхэнэ модель ажлын байраа алдах хэмжээнд хүрэх ч юм бил үү. Жишээ нь, виртуал модель агентуудын ажлыг хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, ийм төрлийн модель салбар бүр рүү ороход хүний хийх ажил багасна гэсэн үг. Тэгэхээр хүн өөрөө цаг үетэйгээ зохицож ур чадвараа сайжруулан хөгжих хэрэгтэй болж байна гэсэн нэг өнцөг гарч ирнэ. Хүмүүс ямар ч үзэл бодолтой байж болно. Харин бид хийж байгаа зүйлээ улам төгс болгохын төлөө хичээж ажилласаар л байна.

Q

Амара удаан хугацаанд гарч ирээгүй. Тэгэхээр одоо гарч ирэхдээ ямар шинэлэг байдлаар буцаж ирэх бол?

A

-Амара буцаж ирэхдээ хамгийн анхныхаа видео дүрсэнд тоглож гарч ирнэ. Тодруулбал, хэд хэдэн видео рекламд тоглоно. Сүүлийн хэдэн сарын хугацаанд маш олон залуус Амарагийн цахим хуудас руу “Амара хаачив, хийж байгаа хүн нь үхсэн юм уу” гэх мессежийг илгээж байсан. Тэгэхээр тун удахгүй Амара эргэн ирнэ гэж хэлье.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn