Шалтгаан тодорхойгүй олон удаагийн зулбалт нь үнэрлэх мэдрэхүйтэй холбоотойг тогтоов

Шалтгаан тодорхойгүйгээр олон удаа зулбасан (uRPL) эмэгтэйчүүд эрэгтэй хүний биеийн үнэрийн талаарх мэдээллийг бусад эмэгтэйчүүдээс өөр аргаар боловсруулдаг болохыг илрүүлжээ. Энэхүү нээлт нь цаашид тус эмгэгийн шалтгааныг тодорхойлох, урьдчилан сэргийлэх боломж олгож магадгүй гэж үзэж байна.
Шалтгаан тодорхойгүй олон удаагийн зулбалт нь үнэрлэх мэдрэхүйтэй холбоотойг тогтоов

Хүн бүрийн биеэс өвөрмөц үнэр ялгардаг бөгөөд энэхүү үнэр нь бидний харилцаанд төсөөлснөөс ч илүү нөлөөлдөг байж болзошгүй юм. Вейзманы Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн профессор Ноам Собелийн лабораторид хийгдсэн шинэ судалгаагаар энэхүү "химийн холбоо" нь хүний ​​нөхөн үржихүйд ч нөлөөлж болохыг тогтоосон байна.

eLife сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгаанаас үзэхэд шалтгаан тодорхойгүйгээр олон удаа зулбасан (uRPL - Unexplained repeated pregnancy loss) эмэгтэйчүүд эрэгтэй хүний ​​биеийн үнэрийн талаарх мэдээллийг бусад эмэгтэйчүүдээс өөр аргаар боловсруулдаг болохыг илрүүлжээ. Энэхүү нээлт нь цаашид тус эмгэгийн шалтгааныг тодорхойлох, урьдчилан сэргийлэх боломж олгож магадгүй гэж үзэж байна.

Эрдэмтэд нийт жирэмслэлтийн 50% нь тухайн эмэгтэй өөрөө мэдээгүй байх үед буюу жирэмслэлт оношлогдоогүй үед нь зулбалтаар төгсдөг бол жирэмсэн гэдгээ мэдсэн эмэгтэйчүүдийн 15% нь төрөл бүрийн шалтгаанаар зулбадаг гэж тооцоолсон байдаг. Үүний ихэнх нь шалтгаан тодорхойгүй, давтагдсан зулбалт юм.

1959 онд Хильда Брюсын зарим жирэмсэн хулганад зулзагынх нь эцэг биш, бусад эр хулганын биеийн үнэрийг үнэрлүүлэх үед зулбадаг болохыг илрүүлсэн бөгөөд үүнийг Брюсын эффект гэж нэрлэдэг. Үүний шалтгааныг одоо хүртэл бүрэн тодорхойлж чадаагүй байна. Профессор Собел шалтгаан тодорхойгүй олон удаагийн зулбалтын тохиолдлууд нь Брюсын эффекттэй холбоотой байж магадгүй гэж үзсэн байна. Өмнө нь зарим судлаачид энэ таамаглалыг дэвшүүлж байсан ч хүний биед Брюсын эффектийг турших нь ёс зүйн хувьд зөвшөөрөгдөх боломжгүй байсан юм.

Судалгааны дүнгээр ийм эмгэг оношлогдсон эмэгтэйчүүд өөрийнх нь бэлгийн хамтрагчийн хувцаснаас ялган авсан биеийн үнэрийг бусад эрэгтэйчүүдээс илүү сайн ялгаж чаддаг болох нь тогтоогдсон байна. Мөн эдгээр эмэгтэйчүүд бусад төрлийн үнэрийг ч ялган танин чадвар бусад эмэгтэйчүүдээс илүү сайн байв. Дараа нь эдгээр эмэгтэйчүүдийн тархин дахь үнэрлэхүйн төвүүдийг MRI ашиглан шинжлэхэд үнэрийн булцуу нь илүү жижиг хэмжээтэй байгааг илрүүлжээ.

Энэхүү үнэрийн булцуу нь хүний дотоод шүүрлийн тогтолцоо, даавруудын үйл ажиллагаа, жирэмслэлтийн үйл явцыг хянаж, удирддаг гипоталамустай нягт холбоотой ажилладаг бөгөөд гипоталамус нь Брюсын эффект илрэхэд гол чухал нөлөөтэй болох нь хулгана дээрх туршилтаар тогтоогдсон.

Тэгэхээр шалтгаан тодорхойгүйгээр, олон удаа зулбасан эмэгтэйчүүдийн үнэрийн мэдрэхгүй бусад эмэгтэйчүүдийнхээс өөрөөр ажилладаг болох нь тодорхой болж байна. Магадгүй энэ нь зулбалтын гол шалтгаан болдог ч байж болох юм.

Цаашид эмэгтэйчүүдийн үнэрлэх мэдрэхгүйн энэхүү өвөрмөц байдлыг илүү таньж чадвал шалтгаан тодорхойгүй, давтагдсан зулбалтын шалтгааныг тодорхойлох, урьдчилан сэргийлэх боломжтой болно гэж найдаж байна.

Эх сурвалж: eLife

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn