Үнэртдэг дурсамж буюу яагаад үнэр мартагдсан дурсамжийг сэргээдэг вэ?

Зарим хүмүүсийн яриагаар жүрж жимсний хальсны үнэр тэдэнд хүүхэд ахуйдаа тэмдэглэж байсан шинэ жилийн баярын жаргалтай дурсамжийг нь сэргээдэг гэжээ. Тэгвэл яагаад үнэр мартагдсан дурсамжуудтай холбоотой байна вэ?
Эллен Терри 'Сонголт' (1864)
Эллен Терри 'Сонголт' (1864)

Хааяа нэг гэрийнхээ цэцгийг усалж байхад дэвтсэн хөрсний чийгийн үнэр яагаад ч юм хүүхэд ахуйдаа өвөө эмээгийнхээ зусланд, голын эрэг дээр эгч ах нартайгаа тоглож байсан үеийн маань дурсамжийг киноны балархай кадр шиг эргэн сануулдаг юм. Санах санахдаа болсон үйл явдлаас илүүтэй голын эргийн нялцгай шавар, голын хайрга хөлд маань хэрхэн мэдрэгдэж байсан мэдрэмжүүд бодитой санагддаг. Энэ мэт өмнө үнэртэж байсан үнэртэйгээ ижил үнэрийг мэдрэх үед мартсан дурсамжаа санадаг тохиолдол ганц миний жишээгээр дуусахгүй билээ. Тэгвэл яагаад үнэр мартагдсан дурсамжуудтай холбоотой байна вэ? Үнэр гэж бид юуг ойлгодог вэ? Энэ тухай бага зэрэг судалцгаая.

Үнэр гэж юу вэ?

Үнэр болон дурсамж хэрхэн холбогдож байгааг тайлбарлахад тархи судлалын (neuroscience) судалгааны ололтууд чухал үүрэгтэй. Бидэнд мэдэгдэж байгаагаар амьд биетийн хамгийн эртний хүртэхүйн чадвар бол үнэр бөгөөд эгэл биет, ганц эст, бактериас авхуулаад хөгжлийн дээд шатанд хүрсэн амьтад ч мөн энэ чадвар байдаг. Яагаад гэвэл анхны амьд биетүүдэд өөрсдийг нь хүрээлэн буй бодисуудад хариу үйлдэл үзүүлэх хэрэгцээ бусад харах, хүрэлцэх, сонсохоос чухал байжээ.

Эмэгтэй хүнийг цэцэгтэй зүйрлэдэг нь магадгүй гадаад төрх болон үнэрийн сайхныг нь тэмдэглэдэг байж болох юм.
Эмэгтэй хүнийг цэцэгтэй зүйрлэдэг нь магадгүй гадаад төрх болон үнэрийн сайхныг нь тэмдэглэдэг байж болох юм. Йоханн Глегглер 'Үнэр мэдрэхүйн тухай зүйрлэл' (1621), Вроцлав дахь Үндэсний музей

Жишээ нь харах чадвар нь хүний нүдний гэрлийн хүлээн авдаг дөрвөн төрлийн мэдрэгч дээр суурилдаг ба хүлээн авагч (receptors) гэдэг эсүүд нь гэрлийг тархины таньдаг цахилгаан химийн (electrochemical) код уруу хувиргадаг байна. Харин хүрэлцэхүй халуун, хүйтэн, өвдөлтийг мэдрэх дөрвөн мэдрэгч дээр суурилдаг боловч үнэр гэж юу болохыг тайлбарлахад дээрх харьцуулалтууд хангалтгүй. Багадаа 1000 өөр төрлийн үнэрийн мэдрэгч байдаг бөгөөд тэдгээр нь таны амьдралын туршид нөхөн сэргээгдэж, үнэрлэж дассан үнэрийн дагуу өөрчлөгддөг. Энэхүү нарийн төвөгтэй байдлын үр дүнд бид олон төрлийн үнэрийг ялгаж чаддаг.

Хэдий бид олон төрлийн үнэрийг мэдэрч, ялгаж чаддаг ч үнэр бүрийг тодорхойлж чаддаггүй. Харсан зүйлээ дүрслэх, сонссон дуугаа төвөггүй аялах боловч үнэрийг тайлбарлахдаа бид юунаас үнэртсэн тэр зүйлтэйгээ холбож (шинэхэн талхны үнэр) ярьдаг. Өөрөөр хэлбэл улаан өнгөтэй аяга харж байгаа бол улаанаас өөр өнгөний тухай ярьдаггүй бол үнэрийн тухай ярихдаа бид юунаас үнэртэж байгаагаа ярьдаг. (Талх, мах, цэцэг, хөрс...).

Амтагддаг үнэр

Давн Голдворм, “olfactive” брэндийн компани хамтран үүсгэн байгуулагчийн хэлж байгаагаар

Бидний зажилсан хоолны молекулууд нь хамрын хучуур эдэд хүрдэг бөгөөд мэдрэгдэж байгаа амт болгон үнэр байдаг. Энэ онолыг шалгах маш амархан. Шоколадтай болон Рисстэй зайрмаг идэх үедээ хамраа чимхэхэд л хангалттай. Та зөвхөн чихэрлэг амтыг л мэдрэхээс шоколад эсвэл риссны амтыг мэдэрдэггүй. ” гэжээ.

Ханиад хүрч, хамар битүүрсэн үед хоолны амтыг сайн ялгаж чаддаггүй нь үүнтэй холбоотой бололтой.

CSA Images/ Color Printstock Col/Vetta/Getty Images

Үнэртдэг дурсамж

Үнэрийг боловсруулдаг тархины хэсэг (olfactory bulb) ой дурсамжийн болон сэтгэл хөдлөлийг (amygdala) хариуцдаг хэсэгтэй (hippocampus) холбогдсон байдаг. Дурсамжтай холбоотой тархины хэсгийн нэрийн утга нь далайн морь гэсэн үг бөгөөд тархин дотор яг л далайн морь шиг байрладаг. Тархины энэ хэсэг гэмтвэл бид Солонгос кино нь дээр гардаг шиг ой санамжаа алдах эрсдэлтэй юм. Ийм гэмтэл авсан хүмүүс хэрхэн дугуй унах, сагс тоглохыг мартаагүй байдаг боловч эпизод (episodic) дурсамжаа алддаг. Энэ дурсамж бол би цэцгээ услах үедээ, эмээгийнхээ гэрт очих үед, аав ээжийнхээ хуучин дээлийг үнэртэх үед сэргэдэг тийм дурсамж юм.

Үнэр болон дурсамж хариуцсан тархины хэсгийн уялдаа
Үнэр болон дурсамж хариуцсан тархины хэсгийн уялдааCredit: Xochitl Garcia/Shutterstock

Тархины таламус (thalamus) гэдэг хэсэг нь хүртэхүйн эрхтнүүдээс ирсэн мэдрэхүйн мэдээллүүдийг өөр дээрээ цуглуулаад тархины бусад хэсэг рүү тараадаг. Сонсох нь чихээр, хараа нь нүдээр, амт нь хэлээр дамжин таламус дээр мэдээллүүдээ аваачдаг. Харин үнэрлэх мэдрэмж үүнээс өвөрмөц байдаг. Үнэрийн мэдээллүүд бусад шигээ таламус руу дамжилгүйгээр шууд olfactory bulb –руу очдог. Энэ үйл явц бусад хүртэхүйн мэдээллүүдээс яагаад түрүүлж боловсруулагдаж байгааг тайлбарлах тайлбар хараахан гараагүй байна. Магадгүй амьд үлдэх, аюулыг таних, хоол тэжээлээ олоход үнэрлэх, үнэрлэсэн үнэрээ эргэн санах, хаана ямар аюул, хоол хүнс байсныг санахад энэхүү чадвар чухал байсан байж болох юм.

Хүүхэд байхдаа өвөө эмээгийн зуслан дээр голын эргэ дээр тоглож байх үед миний балчир хамарт байрлах маш нарийн нийлмэл мэдрэгчид нойтон хөрс, хайрга чулууны үнэрийг тогтоож аваад тархи уруу маань энэ мэдээлэл шууд очиж, ой дурсамжтай холбоотой хэсэгт кодлогддог. Би эдгээр үйл явдлын талаар мартсан бөгөөд зургийн цомог, хүмүүсийн хуучилсан яриа ч энэ дурсамжийг сэргээж дөнгөдөггүй. Гэтэл би нэг өдөр цэцгээ усалж байгаад нойтон хөрсний үнэрийг үнэртэхэд тэр дурсамж эргэн сэргэдэг байна.

Товчилбол

Хүний танин мэдэхүйн үйл ажиллагаа гэдэг нарийн нийлмэл ажилладаг. Үнэр, амт, хараа, сонсгол зэрэг хүртэхүйн чадвар мөн л тэгж хамтардаг бөгөөд тэр дундаа үнэр нь эдгээр чадвараас хамгийн эрт бий болж, хамгийн нарийн хөгжсөн байна. Үнэрийг ялгадаг 1000 гаруй мэдрэгч байхад амт, хүрэлцэхүйн тус тус дөрөвхөн мэдрэгчтэй байдаг. Тархины үнэр боловсруулдаг хэсэг нь дурсамж болон сэтгэл хөдлөлтэй холбоотой хэсэгтэй нягт байрладаг нь бид 1000 гаруй мэдрэгчээрээ таньсан үнэрээ хадгалах боломжтой болгодог байна. Дурсамж гэдэг сонсох, харах, хүрэхээс илүү үнэртэй гүнзгий холбогддог ба дурсамж нь бидний бодож байгаагаас нарийн нийлмэл зүйл болох нь эндээс харагдаж байна.

“Үнэр нь үг, гадаад төрх, сэтгэл хөдлөл, хүсэл зоригоос илүү хүчтэй ятгах чадвартай. Үнэрийн ятгах хүчийг няцаах боломжгүй, энэ нь бидний уушгинд амьсгал шиг нэвтэрч, биднийг дүүргэж, бүрэн шингээдэг. Үүнийг арилгах ямар ч арга байхгүй”

― Патрик Зюскинд, " Перфүми: Алуурчны түүх

Үнэрийн тухай авсан мэдлэгээ хэрхэн ашиглах вэ?

  • Сайхан дурсамжуудаа эргэн санахыг хүсэж байгаа бол дурсамжтай холбоотой газруудаар аялахдаа тэнд байгаа эд юмсыг үнэртэх

  • Шинэ сайхан дурсамжууд бий болгохыг хүсэж байгаа бол зураг авч бичлэг хийхээс гадна үнэртэж болох зүйлсийг сайн үнэртэх

  • Олон янзын сайхан амтыг мэдрэхийг хүсвэл хамраа цэвэрхэн байлгаж, ханиаднаас урьдчилсан сэргийлэх

  • Бусдад мэдсэн шинэ мэдээллээ хуваалцах

Анхааруулга

Дурсамж бүтээж байна гээд зөвшөөрөлгүй бусдын эд зүйлс, биеийг үнэртэх гэж оролдохгүй байх.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn