Лабораторид бүтээсэн кофе

Атомо компани кофены найрлагад агуулагддаг гол гол молекулыг нэгтгэн, кофены амин сүнс болох бие, амт, үнэр, өнгө болон био идэвхт бодисуудыг агуулсан маш сайн кофег бүтээжээ. Тэд өөрсдийн бүтээсэн кофег эх дэлхийг экологийн сүйрлээс хамгаалахад чухал нөлөөтэй байх болно гэж үзэж байна.
Лабораторид бүтээсэн кофе

Дадал зуршлын хувьд таны өдөр тутмын өглөөний кофе хор хөнөөлгүй мэт санагдаж магадгүй юм. Гэвч дэлхий нийтэд хэрэглэж буй кофены хэмжээг авч үзвэл кофены хэрэглээ манай гарагийн аюулгүй байдалд заналхийлж байна.

Учир нь кофены эрэлт хэрэгцээ нэмэгдэх тусам тариаланчид талбайгаа нэмэгдүүлэхийн тулд ой модыг устгах шаардлагатай болж байна. Кофены хэрэглээний өсөлтийг дагаад ирэх 30 жилийн хугацаанд үйлдвэрлэл гурав дахин нэмэгдэх төлөвтэй байна. Энэ хэрэгцээг хангахын тулд кофе тариалдаг бүс нутгийн хамгийн сүүлчийн зэрлэг ойг хүртэл устгах ёстой гэсэн үг юм.

Тэгвэл Атомо компани нь байгаль орчинд ямар ч хор хөнөөл учруулахгүйгээр үйлдвэрлэсэн кофе үйлдвэрлэх зорилгоор ажиллаж, муугүй үр дүнд хүрээд байна.

Одоогийн уламжлалт кофены үйлдвэрлэл нь үрийг тариалах, ургац хураах, дэлхий даяар тээвэрлэхэд их хэмжээний хөдөлмөр, эрчим хүч их зарцуулдаг, байгаль орчинд хор хөнөөл ихтэй үйл явц юм. Харин Атомогийн үйлдвэрлэж буй кофе нь кофенд агуулагддаг бүх молекулуудыг синтетик аргаар лабораторийн нөхцөлд үйлдвэрлэн гаргаж авах процесс юм. Өөрөөр хэлбэл, тариалангийн талбайн оронд цагаан халаад өмссөн хүмүүс лабораторид кофег бий болгодог.

Энэ мэдээг сонсоод Атомо кофег жинхэнэ кофе мөн үү гэж хүн бүр асуух байх. Компанийг үүсгэн байгуулагч Клейтч энэ асуултад “Хариулт нь тийм. Атомо бол кофе мөн" гэж хариулжээ.

Тэд лабораторид кофе үйлдвэрлэхийн тулд эхлээд түүний найрлагад агуулагддаг 28 гол молекулыг хольж анхны бүтээгдэхүүнээ гаргаж авсан байна. Гэвч кофенд дурлагчид анхны кофенд тааруухан кофе байна гэсэн үнэлгээ өгчээ. Дараагийн удаад илүү сайжруулахын тулд кофе тариалах, боловсруулах үед үүсдэг завсрын хаягдал бүтээгдэхүүнүүдээс зарим нэг нэгдлүүдийг нэмсэн байна.

Үүний үр дүнд кофены үндсэн 5 шинж болох бие, амт, үнэр, өнгө болон био идэвхт бодисуудыг агуулсан маш сайн кофе бий болсон байна.

Атомогийн дараагийн томоохон сорилт нь кофегоо зах зээлд амжилттай нийлүүлэх, хэрэглэгчдэд хүлээн зөвшөөрөгдөх явдал болоод байна. Ихэнх хүмүүс лабораторийн нөхцөлд бүтээсэн кофеноос Этиопод ургуулсан, органик бүтээгдэхүүнийг илүүд үзэх магадлал өндөртэй.

Энэ сорилтыг даван гарахад хүмүүсийн эх дэлхийгээ хамгаалах хүсэл сонирхол хамгийн гол дэмжлэг болох ёстой гэж үзэж байна. Үүнийг хийхэд хамгийн чухал нь юу болохыг Клейтч тодорхойлохдоо “Хамгийн гол нь хэрэглэгчид кофены шош зөвхөн бутнаас ургасан байх нь албагүй, кофе бол үнэндээ зан үйл гэдгийг ойлгох нь чухал” гэжээ.

Эх сурвалж: FreeThink

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn