Эрхтэн шилжүүлэн суулгалтын шинэ технологи

Уг аргыг ex situ normothermic perfusion гэж нэрлэдэг бөгөөд донорын эрхтэнд шилжүүлэн суулгахаас өмнө 10 хүртэл хоног гэмтээхгүйгээр хадгалах боломжтой гэж үзэж байна. Эхний өвчтөнд хийсэн хагалгаа амжилттай болсон бөгөөд цаашид ч олон хүний амийг аварч чадна гэдэгтээ судалгааны баг итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Эрхтэн шилжүүлэн суулгалтын шинэ технологи

Магадгүй та киноноос донорын эрхтнийг мөстэй саванд хийн, цаг хугацаатай уралдан зөөвөрлөж байгаа хэсгийг үзсэн байх. Бодит байдал дээр нөхцөл байдал яг л ийм байдаг.

Шилжүүлэн суулгах шаардлагатай өвчтөнд донор олдсон үед эмнэлгийн ажилтнууд маш богино хугацаанд маш их ажил хийх шаардлагатай болдог байна. Донорын эрхтнийг хадгалдаг савны мөсний талстууд хайлж, эд эсүүд гэмтэж эхлэхээс өмнө шилжүүлэн суулгах эрхтнийг үнэлэх, тээвэрлэх, суулгахад ердөө 12 цаг хүрэхгүй хугацаа бий. Хэрэв багахан цаг алдвал тухайн эрхтнийг шилжүүлэн суулгах боломжгүй болох аюултай.

Швейцар улсын Цюрих их сургуулийн эмнэлгийн мэс засалч Пьер-Ален Клавиен тэргүүтэй судлаачдын баг донорын эрхтнийг илүү удаан хугацаанд, аюулгүйгээр хадгалах аргыг олжээ. Тэд энэхүү шинэ нээлт нь элэг шилжүүлэн суулгах мэс заслын үр нөлөөг эрс сайжруулж чадна гэдэгт итгэлтэй байгаа юм. Тэд элгийг өвчтөнд шилжүүлэн суулгахаасаа өмнө хөлдөөгүйгээр, гэмтээхгүйгээр гурван өдрийн турш хадгалж чадсан байна.

Судалгааны баг 62 настай элэгний хатуурал болон хорт хавдартай өвчтөнд 29 настай, антибиотикт тэсвэртэй нянгаар үүсгэгдсэн халдварын улмаас нас барсан эмэгтэйн элгийг шилжүүлэн суулгасан байна. Элгийг донороос авах үед элгэн дотор хоргүй хавдар болон буглаа байгааг олж мэджээ. Өвчтөнд өөр шилжүүлэн суулгах элэг олдох магадлал 0 хувь байсан учир донорын элгийг 3 хоногийн хугацаанд хоргүй хавдраас нь салгаж, нянгийн халдварыг нь эмчлээд, шилжүүлэн суулгасан байна.

Нэг жилийн дараа гэхэд элэг шилжүүлэн суулгуулсан үйлчлүүлэгч эрүүл саруул, элэгний үйл ажиллагаа хэвийн бөгөөд амьдралын чанар нь сайжирсан байна. Иймээс энэхүү арга нь маш үр дүнтэй гэж тооцож байгаа юм.

Уг аргыг ex situ (биеэс гадуур) normothermic (хэвийн температурт) perfusion нэвчүүлэх гэж нэрлэдэг бөгөөд зарчим нь маш энгийн. Эрхтнийг ариутгасан орчинд байрлуулж, 37 хэмд буюу хүний биеийн хэвийн температуртай орчинд хадгалдаг. Гэхдээ элгийг хүний биеийн дотоод орчинтой ижил хэмжээний шим тэжээл, эрдэс, даавар зэргийг агуулсан шингэнээр тогтмол усалж байжээ.

Эрхтэн шилжүүлэн суулгах технологи асар хурдацтай хөгжиж байгаа ч донороос хүлээн авагчид эрхтнийг хурдан хүргэх шаардлага нь энэ чиглэлийн хамгийн том шийдэгдээгүй асуудал байсан юм. Судалгааны багийн боловсруулсан тус аргаар эрхтнийг 10 хүртэл цаг аюулгүй хадгалж чадна гэж үзэж байгаа бөгөөд энэ нь цаашид эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай олон хүний амийг аврах боломжийг нээж өгнө гэж үзэж байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn