Бүтээлч хүмүүсийн тархи IQ өндөртэй хүмүүсийн тархинаас ямар ялгаатай вэ?

Калифорнийн Их Сургуулийн (UCLA) судлаачид бүтээлч хүмүүсийн тархи хэрхэн ажилладаг, бусад хүмүүсийн тархинаас ямар ялгаатайг тодорхойлох судалгаа хийжээ.
Бүтээлч хүмүүсийн тархи IQ өндөртэй хүмүүсийн тархинаас ямар ялгаатай вэ?

Судлаачид дүрслэх урлаг, дуу хөгжим, уран зохиол, архитектур, хошин урлаг, шинжлэх ухаан ба хоолны урлагийн чиглэлээр ажилладаг, бүтээмж сайтай, бүтээлч сэтгэлгээ нь өндөр хөгжсөн хүмүүсийн тархийг онцгой бүтээлч биш ч оюуны чадвар өндөртэй (IQ) хүмүүстэй харьцуулан судалсан байна.

Өмнө нь хийгдсэн судалгаагаар IQ-ийн түвшин 120-оос доош байх үед IQ болон бүтээлч байдал хоорондоо шууд хамааралтай байдаг бол IQ-ийн түвшин 120-оос дээш үед бүтээлч байдалтай ямар ч хамааралгүй болдгийг тогтоосон юм. Өөрөөр хэлбэл, 120-оос дээш IQ-тай хүмүүс заавал бүтээлч байх албагүй гэсэн үг. Иймээс тус судалгааны баг өндөр IQ-тай болон бүтээлч хүмүүсийн тархи хоорондоо ямар ялгаатайг тодорхойлохыг зорьжээ.

Судалгааны үр дүнгээс харахад бүтээлч хүмүүс аливаа ажил, даалгаврыг гүйцэтгэж байх үед тэдний тархины алслагдсан хэсгүүдийн хооронд шинэ холболтууд үүсэж, түүгээр мэдээлэл дамжуулагдаж байв. Харин оюуны чадвар сайтай бүтээлч бус хүмүүст ийм үзэгдэл ажиглагдаагүй аж.

Бүтээлч хүмүүсийн тархины үйл ажиллагааны онцлогийг UCLA-ийн Мэдрэл судлал, хүний ​​зан үйл судлалын хүрээлэнгийн судлаач Ариана Андерсон агаарын тээврийн компанийн үйл ажиллагаатай зүйрлэн тайлбарласан байна.

Бүтээлч бус хүмүүсийн тархины бүрэлдэхүүн хэсгүүд хоорондоо мэдээлэл дамжуулахдаа ихэнх агаарын тээврийн компаниуд шиг ажилладаг.

Тодруулбал, зорчигчид нэг цэгээс нөгөө цэгт хүрэхийн тулд томоохон нисэх онгоцны буудлуудыг дамжин, хэд хэдэн транзит нислэг хийх шаардлагатай болдог ба энэ үедээ онгоцны буудал тус бүр дээр 3-10 цаг хүлээдэг. Тэднийг нисэх онгоцны буудалд саатаж байх хооронд өндөр бүтээмжтэй хүмүүс хувийн онгоц хөлслөн шууд зорьсон газартаа хүрсэн байдаг юм.

Үүнтэй нэгэн адилаар ухаантай боловч бүтээлч байдал багатай хүмүүсийн тархины алслагдсан хэсгүүдийн хооронд мэдээлэл дамжихдаа хэд хэдэн мэдрэлийн бөөмийг дамжин тодорхой хугацааны дараа шаардлагатай газраа хүрдэг. Харин бүтээлч байдал өндөртэй хүмүүсийн тархинд мэдээлэл дамжихдаа хамгийн боломжтой бүтцийг ашиглан аль болох хурдан зорьсон газраа хүрдэг байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn