Талбай дээрх хиймэл зүлэг ба Нордик маягийн зугаа

Хэдхэн хоногийн өмнө талбай дээр дэвссэн хиймэл зүлэг Улаанбаатар хотын иргэдэд юу хэрэгтэй байгааг харуулсан билээ. Харин Скандинавын хойгийн орнууд төв талбайгаа бараг тоглоомын төв болгон тохижуулдаг юм. Энэ талаар илүү ихийг мэдэж авцгаая.
Талбай дээрх хиймэл зүлэг ба Нордик маягийн зугаа

Скандинавын орнууд дэлхийн аль ч орны иргэд атаархмаар тоглоомын талбайнуудтай. Шведийн архитектур, дизайны үндэсний төвийн ArkDes компанийн захирал Брит Киран Лонгийн хэлснээр “Скандинав бол хүүхдүүдэд зориулсан диваажин л гэсэн үг. Швед улсад бүх зүйлийг хүүхдийн сайн сайхныг төлөө хийдэг”.

Тэрээр үргэлжлүүлэн:

“Шведэд жендэрийн тэгш байдлыг эрхэмлэдэг. Хүүхэд өсгөх бол дан ганц ээжийн ажил биш бөгөөд эцэг эх хоёулаа энэ ажилд санаачилгатай байдаг. Хүүхэдтэйгээ цагийг хамтдаа өнгөрөөж болох олон нийтийн газруудыг бий болгох нь чухал учраас бүгд оролцдог” гэв.

Шведийн Линкопинг дахь White Arkitekter-ийн төвд адал явдлын элементүүдийг агуулсан ногоон цэцэрлэгт хүрээлэн оршдог.
Шведийн Линкопинг дахь White Arkitekter-ийн төвд адал явдлын элементүүдийг агуулсан ногоон цэцэрлэгт хүрээлэн оршдог.

1940 оноос эхлэн энэ бүс нутгийн хүүхдүүд тоглоомын талбай дээр шавар болон усан дунд тоглож, зориуд бэлтгэсэн сонирхолтой эрсдэлүүдтэй нүүр тулсаар иржээ. Нэгэн цагт зөвхөн тэдний хөгжилдөх арга байсан эдгээр санаа одоо дэлхийн бүх улс орнуудын сонирхлыг татах болжээ.

Энд ярьж байгаа тоглоомын талбай бол бидний мэддэг ганц гулсуур, эвдэрхий савлуур биш. Хүүхдийн бүтээлч байдал, тэвчээр, хурд хүчийг сорьсон олон янзын тоглоом, саадаар тоноглогдсон талбайг хэлж байна. Ингэж хүүхдийн тоглоомын талбайг илүү зугаатай хэр нь хүүхдэд хэрэгтэй байдлаар тоноглох санаачилга анх 1850 оны үед Германд гарч, дараа нь Англи, Америкт хэрэгжиж эхэлжээ.

Эрэл хайгуул хийх хүсэл, хүүхдийн сониуч зан, бага зэргийн сорилт болон тоглох талбай дөрвийг нэгтгэвэл юу болох вэ?
Хариулт: “Скандинав”

Скандинавчуудын тоглоом наадгайн ард байдаг философи бол ямар нэг зүйлд баригдахаас илүү эрх чөлөөтэй эрэл хайгуул хийх байдаг. Агаар салхи амьсгалан, ой модоор хэрэн тэнүүчилж, адал явдалтай учирч болохуйц тоглоомын талбайгаас үүнийг харж болно.

Энэ бүхэн Данийн архитектор Карл Теодор Соренсен “skrammellegepladser” буюу шууд утгаар нь орчуулбал "хогон тоглоомын талбай" гэсэн ойлголтыг гаргаж ирснээр эхэлсэн. Түүний зорилго хотын хүүхдүүдэд хөдөөгийн хүүхдүүдтэй адил тоглох боломжийг олгох явдал байв. Эхэндээ хүүхдүүд зохион бүтээсэн тоглоомын талбайд нь тоглох хүсэлгүй байгааг тэрээр анзаарсан бөгөөд 1930-аад онд авьяаслаг хүүхдүүд барилгын талбайн хаягдлыг тоглоомын талбай болгон хувиргаж байгааг хараад хүүхдүүдэд юу хэрэгтэй болохыг ойлгожээ.

1940-өөд онд Копенгагены Эмдруп дахь туршилтын адал явдалт тоглоомын талбай
1940-өөд онд Копенгагены Эмдруп дахь туршилтын адал явдалт тоглоомын талбай

Соренсений анхны “адал явдалт” тоглоомын талбай 1943 онд Копенгагены захад орших Эмдруп хотод нээгдсэн байна. Тэрээр "Хүүхдийн тоглоомын талбай бол хотын хамгийн чухал газар юм" гэж бичжээ. Тус тоглоомын талбай төрөл бүрийн багаж хэрэгсэл, барилгын материалаар тоноглогдсон тул хүүхдүүд хүссэнээ барьж, орчноо өөрчилж, хамтдаа тоглох боломжтой.

Стокгольм дахь “Nyréns Arkitektkontor” компанийн архитектор Эмели Брунж “1940-1950-аад он бол Скандинавын тоглоомын талбайн алтан эрин үе байсан. Тухайн үед модернизм гарч ирснээр хот төлөвлөлтөд хүүхдийн хөгжилд анхаарсан шинэ чиглэл бий болсон” гэжээ.

Домогт загвар зохион бүтээгч Исаму Ногучийн Японы Моеренума цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан тоглоомын төв
Домогт загвар зохион бүтээгч Исаму Ногучийн Японы Моеренума цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан тоглоомын төв
Хүн бүр тоглох эрхтэй. Хотын амьдрал энэ үндсэн хэрэгцээг хангаж чаддаг байх ёстой.
-Ханна Харрис

Соренсений энэ санаачилга газар авч олон газар нутагшиж эхлэв. Их Британийн ландшафтын архитектор хатагтай Маржори Аллен Эмдрупт зочилсныхоо дараа 1960, 1970-аад оны үед "Хугарсан сүнснээс илүү хугарсан яс дээр" гэсэн уриатайгаар эх орондоо 35 орчим “адал явдалт” тоглоомын талбай байгуулж байжээ.

Ойролцоогоор 40 жилийн дараа Соренсений нөлөө Глазго хотод Assemble Studio-ээр дамжуулан мэдрэгдсэн юм. 2013 онд Тернерийн шагналт багийн “Балтын гудамжны адал явдалт тоглоомын талбай” нээгдсэн. Тэдний загварын шийдэл адал явдалт тоглоомын талбайг хотын хүүхдүүдийн хүүхэд насыг илүү хөгжилтэй, зугаатай байлгахад чиглэжээ. Шавар шавхай бол тэдний бүтээсэн тоглоомын талбайн гол шинж.

Хотын төв байлаа гээд тэнд тоглож наадаж болохгүй гэсэн үг биш
Хотын төв байлаа гээд тэнд тоглож наадаж болохгүй гэсэн үг биш

Дэлхийн II дайны дараа ч Нордикчууд бүх зүйлд эрс тэс ханддаг хэвээр байв. 1968 оны 10 дугаар сард Гунилла Лундахл, Стокгольм дахь “Модерна” музейг адал явдалт тоглоомын талбай болгон өөрчилсөн нь үнэ төлбөргүй, хүн бүрд хүртээмжтэй асар их нөлөө бүхий төсөл болжээ.

Скандинавчуудын “Хүүхдийн сайн сайхны төлөө”, “Хүн бүр тоглоомын талбайтай байх ёстой” гэсэн ойлголтууд өөр хоорондоо давхацдаг. 1950-аад онд Стокгольм хотын эргэн тойронд тэр дундаа хотын захын дүүргүүдэд хэд хэдэн (хөндийн цэцэрлэгт хүрээлэн гэгддэг) цэцэрлэгт хүрээлэн баригдсан. Брунж “Хамгийн чухал нь эдгээр газрууд зөвхөн хүүхдүүдэд зориулагдаагүй, харин өөр өөр насны, өөр өөр нийгмийн бүлэгт харьяалагддаг хүмүүс уулзалддаг газар байх ёстой"-г онцолсон юм.

Скандинав маягийн тоглоомын талбай
Скандинав маягийн тоглоомын талбай

Хэн бүхэнд хүртээмжтэй энэ байдал, ялангуяа Дани улсад хадгалагдсаар байна. Өнөөдөр Копенгаген зэрэг хотуудад тоглох, цагийг зугаатай өнгөрөөх нь тодорхой газар эсвэл тоглоомын талбайгаар хязгаарлагдахгүй. Тус нийслэл хүнийг нэгдүгээрт тавьдаг бөгөөд үүний ихэнх нь хот зохион байгуулагч Ян Гелийн нөр их хөдөлмөрийн үр дүн юм. Тоглоом зөвхөн хүүхдүүдэд зориулагдсан, ямар нэг тусгай талбай бус хотын нэг хэсэг болсон. Өөрөөр хэлбэл, хот өөрөө адал явдлаар дүүрэн тоглоомын газар болж хувирсан байна.

Скандинавын хамгийн том архитектурын фирмүүдийн нэг болох Шведэд төвтэй White Arkitekter-ийн британи архитектор Жэйк Фордын хэлснээр “Тоглоомын талбайн хэрэгслүүд тоглоом шиг харагдах албагүй. Авирч болохоор вандан сандал эсвэл мод шиг хэрэгслүүд байхад л болно”.

Форд бол Лондоны Баркинг дахь Гаскойн эдлэнд ажиллаж буй багийн гишүүн бөгөөд түүний компани нийтийн гудамж, талбайг зугаатай тоглоом, саадаар тоноглож, өөрчилдөг юм.

Нас ахилаа гээд бид тоглохоо больдоггүй, та юуг ч хөгжилтэй, зугаатай зүйл болгож чадна.
Гай Холлавэй

Финландын нийслэлд JKMM-ийн зохион бүтээсэн “Амос Рекс” урлагийн шинэ музейн өвөрмөц бөмбөгөр хийц бүх насныхан тоглож, авирч бас гулгах боломжтой нийтийн талбайн үүргийг гүйцэтгэж байна. Хельсинки хотын ахлах дизайнер Ханна Харрис финляндчуудын зугаацах хандлагыг тайлбарлахдаа “Хүн бүр тоглох эрхтэй. Хотын амьдрал энэ үндсэн хэрэгцээг хангаж чаддаг байх ёстой” гэв.

Тухайлбал, скейтбордыг зарим хотууд хориглодог бол Мальмо хот харин ч дэлгэрүүлэхэд анхаардаг. Шведийн хотын хувьд ажилдаа скейтбордоор явдаг хүмүүс ч цөөнгүй, скейтбордоор гулгах тохиромжтой газрууд ч олон байдаг. Их Британийн далайн эрэгт орших Фолкстоун хот ч бас өөрийн гэсэн ийм өнгө төрхтэй.

Тус хотод F51 гэх олон давхар скейтбордын парк нээлтээ хийгээд удаагүй байна. F51-ийн архитектор Гай Холлавэйн хэлж байгаагаар "Нас ахилаа гээд бид тоглохоо зогсоодоггүй, та юуг ч илүү хөгжилтэй, зугаатай зүйл болгож чадна”.

Алдарт F51
Алдарт F51

Нөгөөтээгүүр Скандинавчуудад тулгарч байгаа асуудал бол тоглоомын талбай байгуулах зай, талбайн хомсдол. Лонгийн үзэж байгаагаар хөрөнгө, санхүүжилтийн асуудал гардаггүй боловч зай талбайн хүрэлцээгүй байдлаас болж “хуучин” цаг шиг хүссэн адал явдалт тоглоомын талбайгаа байгуулах аргагүй болоод байна. Хүмүүст тоглох, наадах газар хэрэгтэй. Байгаа хэд нь хүрэлцэхгүй. Тоглоомын талбайг зохиомол биш харагдуулах бут, цэцэг, чулууг багтаах орон зай бидэнд алга гэжээ.

Архитектуруудын санаа зовоож байгаа зүйл бол тоглоомын талбайг байгуулахдаа аюулгүй байдалд нь хэт анхаараад, хүүхдүүдийг сорилттой, адал явдалтай учруулах ёстой гэсэн зорилгоо гээж байгаа явдал аж. Гай Холлавэй ч ижил санаа илэрхийлсэн юм. Учир нь, F51 бол адреналинаа ялгаруулдаг газар.

Цэцэрлэгт хүрээлэнд биш хотын төвдөө тоглож, зугаалмаар байна.

Хотын хүүхдүүдэд тэр бүр очоод тоглох тоглоомын талбай хомс байдаг. Байлаа ч машин зам, хогийн цэгийн хажууд л бий. Тоглоомууд нь эвдэрчихсэн, бараг тогловол бэртэхээр. Гэр хороололд бол найзуудынхаа хашааг дамжих маягтай л тоглоно. Соренсоны хэлдгээр Монголд хүүхдүүд өөрсдөө л тоглоомын талбайгаа бүтээж байна.

Скандинавчууд хүүхдийнхээ боловсролыг хэзээ ч тоглоом наадгайнаас хол байлгадаггүй.
Скандинавчууд хүүхдийнхээ боловсролыг хэзээ ч тоглоом наадгайнаас хол байлгадаггүй.

Хэдхэн хоногийн өмнө талбай дээр дэвссэн хиймэл зүлэг, хотын маань иргэдэд тоглож наадах газар ямар чухал байгааг харууллаа. Ер нь хотын төв талбайг яагаад зөвхөн баяр ёслол, жагсаал цуглааны үеэр ашиглах ёстой гэж. Скандинавчууд ийм сул талбайг аль хэдийн өвөрмөц архитектуртай, цагийг зугаатай өнгөрөөж болох газар болгосон байх биз ээ. Манайд тоглоомын талбай байгуулах зай талбай, хөрөнгө санхүүжилт асуудал биш. Харин хүүхдийнхээ төлөө, өөрсдийнхөө ирээдүйн төлөө гаргадаггүй сэтгэл л асуудал болж байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn