Цаг хугацааг үр бүтээлгүй өнгөрөөхөөс бүү ай, амарч сурах нь хамгийн чухал

Зуны улирал айлчлан ирээд удаагүй байгаа энэ үед ихэнх хүмүүс олдсон амралтаа хэрхэн өнгөрөөх талаар урт бодолд дарагддаг. Гэхдээ энэ нийтлэлд яаж, юу хийж амарвал зүгээр болох тухай өгүүлэхгүй. Харин хэрхэн ажил, ар гэрийн асуудлаа бодож шаналахгүйгээр амарч, зугаалж болдог тухай өгүүлэх юм.
Цаг хугацааг үр бүтээлгүй өнгөрөөхөөс бүү ай, амарч сурах нь хамгийн чухал
Бид амарч сурах хэрэгтэй байна

BBC Radio 4-ийн "All in the Mind" нэвтрүүлгийн хөтлөгч, "Амрах урлаг" номын зохиогч Клаудиа Хаммонд хэлэхдээ "Завгүй байна гэдэг бусдад хүндлэгдэх шалтгаан болжээ. Бид ихэнх хүнийг завгүй байгаа гэж төсөөлдөг. Судалгаанаас харвал бид завгүй хүмүүсийг илүү сайн хүмүүс гэж боддог. Нөгөөтээгүүр амралт ч гэсэн зарим талаараа арилжааны шинжтэй болсон".

Үүний үр дүнд бид амрах ёстой үедээ ажил, амьдралын асуудлаа бодсоор байгаад бүрэн дүүрэн амарч чаддаггүй. Энэ оны эхээр америкт хийсэн судалгаагаар 45-65 насны америкчууд 1990-ээд оны үеийнхээс илүү стресст өртөж байгааг тогтоожээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага стресс бол "XXI зууны тахал" хэмээсэн нь оргүй зүйл биш бололтой.

Өнгөрсөн жил Роттердамд амьдардаг дизайны оюутан Кирстен Спруит "A Space for Lingering" нэртэй холимог медиа платформ бүтээжээ. Уг платформ нь үйлчлүүлэгчдийг өргөн хар гудас дээр хэвтүүлэн чихэвч зүүлгэж, хөнгөн хэмнэлтэй дуу сонсгон юу ч хийлгүй тайван амрахад нь тусалдаг байна. Мөн удаан давтамжтай, хүний нүдийг амраах зориулалттай (Би өнөөдөр юу ч хийлгүй амармаар байна гэсэн мэдрэмж төрүүлэх) богино кинонуудыг үзэх боломжтой.

Спруитийн үзэж байгаагаар орчин цагт хүмүүс үргэлж ямар нэг зүйл хийж, бүтээлч байх гэсээр өөрсдийгөө ядраадаг хандлага давамгайлж байна. A Space for Lingering бол хэрхэн ийм хандлагатай хүмүүст амрахад нь туслах зориулалттай платформ. Тэрээр “Ялангуяа манай үеийнхэн яаж амрахыг мэдэхгүй болчихсон" хэмээн зовниж буйгаа илэрхийлсэн юм.

Амралт нь ажил болчихсон юм уу?

2019 оны эхээр Их Британи даяар 2,200 гаруй хүний дунд явуулсан судалгаагаар Millennials-уудын 78% нь найз нөхөдтэйгөө уулзах, үдэшлэгээс явахаас татгалзах үедээ (JOMO буюу энгийнээр хэлбэл цагийг зугаатай өнгөрөөхөөс илүү залуу хүн завтай байж болохгүй гэсэн хийрхлээсээ) таатай мэдрэмж мэдэрдэг болохыг тогтоожээ.

2020 оны 2 дугаар сард Калифорнид төвтэй сэтгэцийн эмч, доктор Камерон Сепах "хурдан допамин" гэсэн ойлголтыг бий болгосон байна. Тэрээр энэ ойлголтоороо дамжуулан орчин үеийн амьдралын хэт хурдан хэмнэл бидний зан авирт хэрхэн нөлөөлж байгааг шүүмжилжээ. Түүнийхээр хүн өөрийгөө уйдаахгүй байхын тулд юу ч хийхэд бэлэн байхын оронд зүгээр л сэтгэлд төрж буй уйтгар, гуниг ганцаардлыг мэдрэхийг хичээх хэрэгтэй. Илүү энгийн, удаан хэмнэлтэй үйлдлүүдээс авсан таашаал удаан үргэлжилдэг бол “гаж”, хурдан хэмнэлтэй үйлдлээс авсан таашаал төдийлөн удаан үргэлжилдэггүй.

Өөрийгөө амрааж чаддаггүй хүн асуудлынхаа боол нь байдаг.
Өөрийгөө амрааж чаддаггүй хүн асуудлынхаа боол нь байдаг.

Гэхдээ хэрхэн энгийн зүйлсээс таашаал авах вэ?

"Амрах урлаг" ном нь 18,000 гаруй хүнээс авсан “таныг хамгийн сайн амрааж чаддаг 10 зүйлийн тухай” судалгаанд үндэслэсэн юм. Судалгаанаас үзвэл хүмүүсийг хамгийн сайн амрааж байсан арван үйлдлийн 7 дугаарт ваннд усанд орох байжээ.

Хаммонд уг номынхоо "Сайхан ваннтай халуун усанд орох нь" гэсэн бүлэгт “Ваннд усанд орно гэдэг бие угаах төдий үйлдэл бишээ. Халуун устай ваннд хэвтэж байхдаа бид өөрсдийн мэдэлгүй гайхалтай амарсан байдаг. Биеийн бүх булчин суларч, хагас жингүйдлийн төлөвт орно. Гэтэл зарим хүмүүс ваннд усанд орохыг цаг алдсан хэрэг гэж үздэг нь тун харамсалтай” гэжээ. Нэгэнт Фүжи уулын энгэрт, цас малгайлан орсон өдөр халуун рашаанд хэвтэж чадахгүйгээс хойш яагаад гэртээ ваннаа дүүргээд хэдэн минут хэвтэж болохгүй гэж?

Нөгөөтээгүүр халуун усанд орно гэдэг бидний бодсоноос олон төрөлтэй аж. Жишээ нь, ваннтай усанд хэвтээд, чичирхийлэл бүхий тайвшруулах дуу сонсох нь хүний зүрхний цохилтыг бууруулж, стресс, өвдөлтийг намжааж, сэтгэлийн түгшүүрээс ангижруулдаг байна. Бясалгалын эмч Тамара Клиен "Тайвшруулах дуу сонсонгоо ваннтай усанд хэвтэх нь хүмүүст гүн гүнзгий бясалгалын төлөвт ороход нь маш их тус болдог. Миний хувьд ваннд хэвтэж байхдаа бие махбодын онцгой мэдрэмж авдаг. Энэ нь үндсэндээ бие өөрөө өөрийгөө эдгээх үйл явц болдог" хэмээжээ.

Өнгөрсөн жил Woodland Trust-аас “ойд халуун усанд орох”-ыг эмнэлгийн бус эмчилгээнд оруулахыг эмч нарт санал болгосон. Шинрин-ёку гэгддэг Японд 1980-аад онд нээгдсэн ойн халуун усны газар нь зүгээр нэг цэцэрлэгт хүрээлэн биш ээ. Forest Bathing Institute-ийн үүсгэн байгуулагч Гари Эванс “Observer” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа:

  • Ихэнх хүн өөрийгөө бүх насаараа халуун усанд ордог гэж боддог. Гэхдээ та гэртээ усанд орж байхдаа хүүхдүүддээ эсвэл ажилдаа санаа зовсоор байдаг. Ойд усанд орно гэдэг бол модны халхавч дор өөрийгөө амрааж, сэтгэл санаа болон бие махбодоо тайвшруулах, хий хоосон сэтгэл зовнилгүй, амар амгаланг мэдрэх цаг хугацаа юм.

Сэтгэл хөдлөл судлаач Сюзан Ж Мэтт:

  • Бид хувь хүний хөгжилдөө хэт анхаараад амар амгалан, таашаал, уйтгар гэх мэт сэтгэлийн төлөвүүдээс ч мөн бүтээлч байдал бий болох боломжтойг мэддэггүй юм шиг санагддаг. Цаг хугацааг үр бүтээлгүй өнгөрөөж байна гэж айлгүй өөрийгөө амрааж сурах нь хамгийн чухал. Өнгөрснийг бид нэгэнт өөрчилж, ирээдүйг тааж чадахгүй учир заримдаа мөрөн дээрх ачаагаа түр ч болов тавиад, амсхийгээд үзээрэй.

Ой мод бол сүнсээ анагаах хамгийн шилдэг газар
Ой мод бол сүнсээ анагаах хамгийн шилдэг газар

Амрах нь бидэнд өөрсдийнхөө тухай эргэцүүлэх цаг өгдөг. Сүүлийн жилүүдэд бидэнд ийм амралт үнэхээр дутаж байна.

Холли Френд

The Future Laboratory-н зохиолч Холли Френд:

  • Бид амралтаас авч болох сайн сайхан зүйлсийг бараг мартжээ. Бие болоод сэтгэлийн амар амгалан. Сүүлийн жилүүдэд өөрийгөө сайхан амраах чадвар үнэхээр дутаж байна. Сайхан амралт гэдэг боломжгүй, идеал зүйл мэт болсон.

Бодит үйлдэл болж чадаагүй урам зориг, идэвх санаачилга зэрэг зүйлс хий хоосон төсөөллөөс ялгаагүй. Иймд энэ талбарт мэргэшсэн хүмүүсийн үзэж байгаагаар өөрийгөө сайн амрааж чаддаг байх нь өнөөгийн хэт хэрэглээнд төвлөрсөн нийгмийн тогтолцоонд эрүүл ухаанаа авч үлдэх найдвартай арга аж.

Ой модон дунд усанд орно уу, дуу сонсоод ваннд хэвтэнэ үү, эсвэл орондоо хэвтэнэ үү алийг нь ч хийсэн бай та хэсэг хугацаанд нийгмийн амьдралаас амсхийж, юунд ч санаа зоволгүй өөрийгөө амрааж чадаж байгаа нь та эрх чөлөөтэй, бие даасан хүн гэдгийг тань харуулна.

Тэрээр үргэлжлүүлэн “Дуг хийх, бясалгалд явах эсвэл дэлгэц ширтэлгүйгээр цахим сүлжээнээс ирэх мэдээллийн бөмбөгдөлтөөс түр амсхийх нь бидэнд амьдралын тухай эргэцүүлэх, бодит байдлыг ойлгоход тусалдаг. Амарна гэдэг чимээгүй эсэргүүцэл мөн. Энэ эсэргүүцэл бидэнд ертөнцийг олон талаас нь харж бас ойлгох шинэ арга замуудыг өгдөг” гэжээ.

Бүх зүйлийг хурдан амжуулах гэж хичээхгүй байхаас сайхан амралт эхэлдэг бололтой.

Френдийн үзсэнээр “Цагийг сайхан өнгөрөөх, амрах нь амьдарч буй нийгмийн тогтолцоогоо шүүмжлэх нэг арга болжээ”. Шинэ мянганы эхэнд бизнес хийх нь “моодонд” орж, залуу хүн завтай байж болохгүй гэсэн уриа газар авч, цагийг зугаатай өнгөрөөх, чөлөөт цагтай байх явдал нь залхуу хойрго хүний шинж, гэмтэй үйлдэл мэт ойлгогдож, олдож байгаа хугацаандаа хүн өөрийгөө оюун ухаан, бие бялдрын хувьд байнга хөгжүүлж байх ёстой гэж итгэж байлаа. Гэтэл өнөө цагт өөртэйгөө цагийг өнгөрөөх, ганцаараа байх, юманд яаралгүй тайван хандах нь "моодонд” орж байна.

Бясалгалын багш Бриджит Лафф:

  • Аливаа зүйлд удаан, тайван хандах нь юмсыг олж харах олон өнцгийг бий болгодог. Удаанаар төвлөрч хийнэ гэдэг бол барууны нийгэмд тунхаглаж буй “бага хүчээр илүү хурдан хийе” гэсэн зарчмын эсрэг үйлдэл юм.

Хажуугаар нь өнгөрөх зүйлсийг анзааралгүй урагшаа зүтгэж байхдаа түр амсхийж амрах, юу таны сэтгэлийг зовоож байгааг тунгаах нь амьдралд хэрэгтэй чадваруудыг эзэмшихэд зайлшгүй хэрэг болдог. Жишээ нь, дасан зохицох чадвар сүүлийн жилүүдэд тохиогоод байгаа гэнэтийн өөрчлөлтүүдийг даван туулахад ямар чухал болохыг бид өөрсдийн биеэрээ мэдэрсэн. Хэцүү цаг үеийг давахын тулд бид өөрийгөө амрааж, сэтгэл санаагаа тайван байлгаж, асуудал дээрээ төвлөрөх хэрэгтэй болдог. Энэ утгаараа өөрийгөө амрааж сурах нь үүсээд байгаа нөхцөл байдалтай дасан зохицож байгаагийн нэг хэлбэр мөн.

Френд BBC Culture-д өгсөн ярилцлагадаа бүтээмжтэй байх, өөрийгөө сайжруулах хэрэгтэй гэсэн хандлагын эсрэг дотоод сэтгэлгээ рүүгээ өнгийсөн, зарим талаар уйтгартай, хүнд амралт өгөх, аз жаргал мэдрүүлэх зүйлсэд чиглэсэн хандлага дэлгэрч байгааг дурдсан юм.

"Цар тахлын үеэр гэртээ суухаас өөр сонголтгүй болсон хүмүүс амьдралын шинэ хэмнэлийг ойлгож эхэлсэн. Шинэ мянганы эхлэл дэх “залуу хүн завтай байж болохгүй” гэсэн хандлага өөрчлөгдөж байна. Тайван байж юу ч хийлгүй өөрийгөө амраах нь бусдаас ичих ёстой үйлдэл байх ёсгүй. Харин ч хүнд өөртэйгөө цагийг өнгөрөөх, амьдралаас тав тухыг мэдрэх боломжийг олгож буй хэрэг”.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn