Яагаад мод тарих нь тэмцлийн нэг хэлбэр вэ?

1980-аад оны үеэс эхэлсэн мод тарих хөдөлгөөн дан ганц "эх дэлхийгээ хайрлая" гэсэн уриа лоозон төдий байсангүй. Харин эх дэлхий, ирээдүйн сайн сайхны төлөөх тэмцэл байжээ.
Яагаад мод тарих нь тэмцлийн нэг хэлбэр вэ?
Модонд хайртай зураачийн түүх

1982 онд зураач, байгаль орчны идэвхтэн, Германы Ногоон намын үүсгэн байгуулагч Жозеф Бьюйс Германы төв хэсэгт орших нэгэн хотын эргэн тойронд 7,000 царс мод тарих ажлыг эхлүүлсэн байна. Бьюйс 7,000 царс мод Дэлхийн II дайны үеэр бөмбөгдөлтөд өртсөн Кассель хотын иргэдийн сэтгэлийн шархыг эдгээнэ гэж үзсэн нь энэ. Хотын музей болох “Fridericianum”-ийн өмнөх зүлгэн дээр мод бүрийг тарихдаа Бьюйс галт уулын задралын улмаас үүссэн хар төмрөөр баялаг чулуун багануудыг хослуулан тавьж байлаа.

Касселийн иргэдэд эхэндээ түүний энэ төсөл таалагдаагүй бөгөөд дайны үеийн бараан дурсамжийг сэдрээх, бөмбөгдүүлсэн газруудыг сануулах тэмдэг мэтээр хүлээн авчээ. Гэвч Бьюйс эхлүүлсэн ажлаа зогсоосонгүй. Тэрээр иргэдэд хандан "Хэрэв бидэнд 7,000 мод тарих газар олдвол энэ хотод бугшсан дайны сүүдрийг арилгаж чадна" хэмээн эрс шийдэмгий өгүүлж байсан гэдэг.

Улмаар оршин суугчдаас эхлээд хотын удирдлагууд, цэцэрлэгчид, байгаль орчны мэргэжилтнүүд хамтран мод тарих газрыг сонгож, тарих ажилд нь тусалжээ. Машины зогсоол болгохоор төлөвлөгдөж байсан газрууд гэнэт залуу моддын гэр, хүмүүсийн уулзах газар болж хувирав. London's Tate-ийн туслах куратор Майкл Рэймонд энэ талаар "Одоо олон хүмүүс түүний санаачлан тарьсан мод, ногоон байгууламжид маш талархалтай ханддаг" гэжээ.

Кассель дахь 7,000 царс мод
Кассель дахь 7,000 царс мод

Дэлхий нийтийг хамарсан тахлын улмаас 16 сар үргэлжилсэн айдас, тодорхойгүй байдлаас гарч байгаа энэ үед түүний хийсэн үйлдэл үнэхээр талархмаар хэрэг болохыг одоо бид ойлгож байна. Олон удаагийн хөл хорионы үеэр ойролцоох цэцэрлэгт хүрээлэн рүү нэг цагийн турш ч хамаагүй "зугтах" гэсэн хүсэл биднийг эх дэлхийтэйгээ харилцах харилцаагаа дахин харахыг шаардсан билээ.

Цар тахлын хүнд хэцүү цагийг туулсны дараа Бьюйсийн "байгалийн гайхалтай гоо үзэсгэлэн ба түүний эмзэг байдлыг хүн төрөлхтөнд ойлгуулж, хамгаалах" үйл хэрэг орчин цагт нийгмийн амьдралд өөрчлөлт авчрах хамгийн "моодны" санаануудын нэг болоод байна. "Жозеф Бьюйс: Хүн-байгалийн харилцааг дахин харах нь" өгүүллийн зохиолч Фабио Мария Монтанино "Бьюйсийн үзэл санааг олж мэднэ гэдэг бүх өвчнийг эдгээх рашаан олохтой адил. Та түүнээс яаж амьдарвал хамгийн зохистой болох тухай маш олон шинэ санааг олж авах боломжтой. Тэрээр маш нарийн мэдрэмжтэй, сонирхолтой хүн байсан" гэжээ.

Бьюйсийн хэлснээр бидэнд байгалийг хайрлах хайраа илүү идэвхтэй үйл хэрэг болгон илэрхийлэхэд цаг бараг үлдсэнгүй.

Түүний мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Рэймонд Бьюйсийн үйл хэрэг одоо ч утга учиртай хэмээн үнэлэх болжээ. "Улс төр, урлаг, сайн дурын үйл хэргийн нэгтгээд харвал тэрээр X зууны урлагийн томчуудын нэг юм".

Люфтваффед ажиллаж байх үедээ тэрээр сэтгэлийн хямралд орж, үүнийгээ даван туулахаар Дюссельдорфын Урлагийн академид монументал уран баримлын чиглэлээр суралцахаар явжээ. Энэ талбарт амжилттай байсан тэрээр удалгүй уг тэнхимийнхээ профессороор томилогдсон байна. 1960-аад оны үед тэрээр урлаг ба амьдралын уламжлалт хил хязгаарыг сөрж, кино, уран зураг, үзүүлбэрээр дамжуулан өөрчлөлтийн тухай санааг нийгэмд хүргэхээр судалж байсан ба түүний хамтарч ажиллаж байсан уран бүтээлчид дунд Ёоко Оно тэргүүтэй зураачид багтдаг.

Бьюйс байгаль орчны идэвхтнээс гадна гайхалтай зураач байжээ.
Бьюйс байгаль орчны идэвхтнээс гадна гайхалтай зураач байжээ.

Тэрээр өөрийн бүтээлүүддээ улс төрийн шинж чанартай “хүн бүр үндсэндээ уран бүтээлч бөгөөд илүү шударга, хүмүүнлэг, экологийн хувьд тогтвортой ирээдүйг бий болгохын тулд бид бүгдээрээ хамтран ажиллах ёстой” гэсэн санааг тусгажээ. Түүний алсын хараа хүн төрөлхтөнд юу юунаас илүү хэрэгтэй байв.

Бьюйс Free International University-ийг үүсгэн байгуулахдаа “Нийгэм бол хамтдаа барих ёстой уран баримал бөгөөд урлаг бол хамтын оролцоо мөн” гэсэн үзлийг дэвшүүлжээ. 1977 оны 6 дугаар сарын 24-өөс 10 дугаар сарын 1-ний хооронд “Free International University 100 хоног” нэртэй урлагийн арга хэмжээний үеэр Бьюйс эх дэлхийн өмнө тулгамдсан асуудал, сорилтыг тоймлон харуулсан цуврал семинар, хэлэлцүүлэг, уран сайхны тоглолтоор дамжуулан их сургуулийнхаа үйл ажиллагаа, чадавхыг харуулсан байна.

Хүнд цохилт авсан ард түмний байгаль дэлхийтэйгээ дахин холбогдох, мөн түүнийг хайрлах сэтгэлийг залуу моддын үндсэнд амьдрал бэлэглэхээс өөр юу өдөөж чадна гэж?

Тус сургууль олон жилийн турш үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн хэдий ч Бьюйсийн хувьд 7,000 Эйхен (7,000 царс мод) төсөл нь хамгийн чухал ажил хэвээр байв. Бьюйс нэгэн удаа Шотланд галерейн эзэн Ричард Демаркод "Би гадаа гарч байгалийн, хүн төрөлхтний асуудлуудын дунд байхыг хүсэж байна. Энэ бол бидний өмнө тулгамдаж буй бүх асуудлыг шийдвэрлэх эмчилгээ болно" хэмээн өгүүлсэн байдаг. Хүнд цохилт авсан ард түмний байгаль дэлхийтэйгээ дахин холбогдох, мөн түүнийг хайрлах сэтгэлийг залуу моддын үндсэнд амьдрал бэлэглэхээс өөр юу өдөөж чадна гэж?

Tate Modern-ийн гадаа талбайд ургах Beuys' Acorns-н суулгацууд
Tate Modern-ийн гадаа талбайд ургах Beuys' Acorns-н суулгацууд

Бьюйсийн хичээлд суудаг байсан оюутан Питер Хэйжнен түүнтэй хамт мод тарих зуураа "Мод өндөр болмогц тарьсан хүн нь байхгүй болно" гэж хэлэхийг нь гунигтайхан сонссоноо эргэн дурсаж байв. "Эдгээр моднууд дээр суухаар Кассель руу хэчнээн шувууд ирэхийг төсөөлөөд үз дээ. 7,000 мод бол уран баримал юм. Өвөрмөц чанаргүйгээр уран баримал амилж чадахгүй. Мод нэгэнт үндсээ бэхэлсэн үеэс байгалийн нэг хэсэг болдог. Модод шувуудын жиргээгээр дүүрч, салхитай хөөрөлдөн хөгжим эгшиглүүлэх мөчөөс өвөрмөц чанарыг олдог. Модод бол ирээдүйд хүрэх уран баримал мөн".

Ирээдүйд сүндэрлэж, амьдрал бэлэглэх уран баримал

Бьюйсийн модыг хайрлах хайр үүгээр дууссангүй. Байгалийг нөхөн сэргээж, хойч үедээ дамжуулан өгөх тухай үзэл баримтлал Лондонд Beuys' Acorns гэх төслийн хүрээнд эргэн сэргэж байна. Уг төсөл нь Хизер Акройд, Дэн Харви гэх уран бүтээлчдийн Кассель хотоос цуглуулсан царс модны үрээс ургуулсан 100 залуу суулгацаас бүрддэг юм. Тэд биологи ба экологи, архитектур болон түүхийн огтлолцол дээр орших Бьюйсийн үзэл санааг санагдуулам бүтээлүүдээрээ алдартай.

Tate Modern-ийн урд дэнж дээр байх модод тус төсөл одоо ч хэрэгжсээр байгааг илтгэдэг. 2009 оноос хойш ургаж буй зулзаган моднууд нь өөр өөр газрын үзэсгэлэнд тавигдсан бөгөөд ой болоход хангалттай өндөрт ургасаар байна.

Рэймондод чиглэсэн “Дэлхийн өнцөг булан бүрээс тэдний бүтээлийг (моддын суулгацыг) харсан хүмүүст хүргэх гэсэн санаа нь эх дэлхийгээ хамгаалъя гэхээс хэтрэхгүй гэж үү?” хэмээх шүүмжлэлд Акройд санал нэгтэй гэдгээ илэрхийлээд "Би эдгээр моддыг хүйгээр нь огтолж байгаагүй. Бүтээлдээ ашиглах материал маань амьд зүйл гэж байнга өөртөө хэлдэг” гэж байв.

Мод бол ирээдүйд илгээж буй итгэл найдварын захиас
Мод бол ирээдүйд илгээж буй итгэл найдварын захиас

Global Forest Watch-ийн мэдээлснээр 2020 он бол 2002 оноос хойш хамгийн их ой мод сүйдсэн жил болжээ. Дэлхийн газар нутгийн ердөө 3% нь экологийн хувьд бүрэн бүтэн, амьтад амьдарч болох эрүүл, эвдрээгүй орчинтой байгаа аж. Бьюйсийн хэлснээр бидэнд байгалийг хайрлах хайраа илүү идэвхтэй үйл хэрэг болгоход цаг бараг үлдсэнгүй.

Бид байгалийг эрхшээдэг гэх төөрөгдлөөс ангижрах хэрэгтэй. Бид үнэндээ байгалийн эрхшээлд, түүний хишигт дулдуйдан аж төрдөг.

Акройд “Бьюйс бидний цаг үеийг хараад юу гэж хэлэх бол гэж би боддог. Учир нь бид сүйрүүлэхээс өөр зүйл хийгээгүй шүү дээ. Түүнийг амьд байхад тохиолдож байсан эмгэнэлт үйл явдал дунд одоо ч бид амьдарсаар байна. Тэр энэ бүхнийг харж байсан. Бүх зүйл зах зээл дээрх бараа солилцооноос хэтрэхгүй болсныг тэр хараад л мэдэх байсан. Бүх зүйл зүгээр л хурдацтай хөгжиж байна. Гэтэл бид байгалийн ертөнцийг хүндэтгэж, түүний нэг хэсэг гэдгээ ухаарах хэрэгтэй”.

Их Британийн урлагийн хос Ackroyd & Harvey нарын бүтээлүүд  нөхөн сэргэлтийг төлөөлөх зорилготой.
Их Британийн урлагийн хос Ackroyd & Harvey нарын бүтээлүүд нөхөн сэргэлтийг төлөөлөх зорилготой.

Моднууд нутгийн иргэдийн онцлог, хэрэгцээг хангасан, зэрлэг ан амьтдад амьдарч болох, жинхэнэ нөхөн сэргээгдэх "амьд мозайк" болно гэж найдаж байна. "Мод бүр тухайн экологи, газрын онцлог, хүмүүстэй гүн бат харилцаа тогтоож, эргэн тойрондоо байгаль дэлхийгээ хайрлах, хүндэтгэх мэдрэмжийг бий болгож чаддаг".

Мод тарина гэдэг бол ирээдүйнхээ төлөө хийж байгаа тэмцэл гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй.

Тэдний төслийн долоон суулгацыг ирэх жил Tate Modern цогцолборын эргэн тойронд суулгана. Beuys’ Acorns үзэсгэлэн гарах бүрд шинжлэх ухаан, уран зохиол, хууль эрх зүй, урлаг, архитектур, улс төр, эдийн засгийн салбараас уригдан ирсэн зочид, үзэсгэлэнг сонирхохоор ирсэн олон нийттэй ярилцан яриа өрнүүлж, хэлэлцүүлэг хийдэг. 2019 оноос хойш тус хэлэлцүүлгүүдийг Ackroyd & Harvey-ийн өвсөн дээл гэх бүтээл дээр хэвлэдэг болжээ.

Өөрчлөлтийг хаанаас эхлэх вэ? Магадгүй бяцхан үр л хангалттай байх.
Өөрчлөлтийг хаанаас эхлэх вэ? Магадгүй бяцхан үр л хангалттай байх.

“Байгаль бол ертөнцийн цөм бөгөөд хүний оршихуйн амин чухал зүйл” гэсэн санааг урлагаар дамжуулан олон нийтэд хүргэх Бьюйсийн үйл хэрэг одоо ч эрчтэй байгааг бид дээрх жишээнээс харж болно.

Рэймондийн дүгнэн өгүүлж байгаагаар "Мод бол итгэл найдварын захиас мөн. Эерэг өөрчлөлт хийх боломж гагцхүү бидний гарт байна. Хүмүүс өөрчлөлтийг авчрах, тэмцэх хүч чадал байгаа гэдгээ ойлговол дэлгэцээс холдож, илүү сайхан амьдарч чадах байх аа. Нэг өдөр л хүмүүс "Би очиж мод тарилаа. Энэ бол миний үр хойч, ирээдүйнхээ төлөө хийж чадах зүйл” гэж ярихыг сонсвол би үнэхээр их баярлах болно.

"Мод тарих бол ирээдүйнхээ төлөө хийж байгаа тэмцэл гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Энэ тэмцэл модны гоо үзэсгэлэнг ойлгоход цаг гаргахаас эхэлнэ".

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn