Амьдрал бол хоосон өрөө биш: Анти-Минималист чиг хандлага

Олон улсад гэлтгүй нийслэл хотод маань анти-минималист буюу максималист хэв маягаар тохижуулсан орон сууц, оффис, кофе шопууд нэмэгдсээр байгаа билээ. Тэгвэл энэ хандлага яагаад эргэн сэргэж байгааг мэдэж авцгаая.
Амьдрал бол хоосон өрөө биш: Анти-Минималист чиг хандлага

Испанийн уран бүтээлч Хуанхо Фуентес BBC-д өгсөн нэг ярилцлагадаа “Миний сэтгэлийг шаазан эдлэл, буддаг ном, янз бүрийн тоглоомууд үргэлж татдаг” гэжээ. Түүний гэр янз бүрийн дүрс, содон, сонирхол татахаар зүйлсээр дүүрэн.

Тэрээр үргэлжлүүлэн “Би хуучин эд хогшил зардаг дэлгүүр орох дуртай. Гэр бүлээс маань уламжилж ирсэн бүхнийг хадгалдаг. Би их азтай хүн. Манай найзууд өөрсдөд нь эсвэл хамаатан саданд нь хэрэггүй болсон бүхнийг надад өгдөг”. Тэрээр инээмсэглээд “Магадгүй тэд надаас илүү минималист байх” гэж хэлсэн юм.

Хуанхо Фуентес ба түүний өвөрмөц урлагийн мэдрэмж
Хуанхо Фуентес ба түүний өвөрмөц урлагийн мэдрэмж

Гоёмсог эд хогшлуудаар дүүрэн өрөө; төрөл бүрийн өвөрмөц гэрлүүд, хээ угалзнууд хаа сайгүй. Ийм өрөөнд байгаа уран бүтээлч хүний нүд, сэтгэл хоёр яахин шинэ санаагаар бялхахгүй байх билээ. Түүний хана бүхэлдээ уран зургаар дүүрсэн байх бөгөөд ихэнх нь өөр уран бүтээлчээс сольж авсан зургууд ажээ.

Тухайн үед "Centre de Cultura Contemporània de Barcelona" гар урлалын бүтээлийн үзэсгэлэн гаргах чансаатай уран бүтээлч хайж байсан ба Фуентес болон Английн фото-зурагчин Мартин Парр нар хамтран уг үзэсгэлэнг бүтээсэн байна. Мэдээж тэдний бүтээл хүчтэй сэтгэгдэл төрүүлэм олон төрлийн анти-минималист гар урлалуудаас бүрджээ. Уг үзэсгэлэн 2012 онд гарч байсан хэр нь одоо ч урьд урьдынхаасаа илүү хүмүүсийн анхаарлыг татаж байна.

Тэрээр эд хогшлуудыг өвөрмөц байдлаар бөөгнөрүүлдэг цор ганц уран бүтээлч биш ээ.

Цар тахлын нөлөөгөөр бидний амьдралыг харах өнцөг эрс өөрчлөгдсөн гэхэд хилсдэхгүй. Хөл хорионд өнгөрүүлсэн хугацаа хүмүүст амьдарч байгаа гэрийнхээ дотоод тохижилтын талаарх ойлголтыг өөрчлөхөд хүргэжээ.

Максималист интерьер нь утгагүй эмх замбараагүйн цуглуулга бус бүтээлч эмх замбараагүйн нэгдэл байдаг.
Максималист интерьер нь утгагүй эмх замбараагүйн цуглуулга бус бүтээлч эмх замбараагүйн нэгдэл байдаг.

Өглөө, оройдоо л үзэгддэг байсан гэр нь ажиллах, амьдрах, дайтах, зугаацах, орогнол хайх гол орчин болж хувирсан байна. Зарим хүмүүсийн хувьд гэртээ удаан хугацаагаар байх нь хуучин эд хогшил, хувцаснаасаа салах сайхан боломж болж бусдад хандивласан бол зарим нь өөрсдийгөө дуртай зүйлсээрээ хүрээлүүлэн өвөрмөц орчин бүрдүүлжээ.

Бид хамгаалагдаж, халамжлуулж байгаа гэдгээ мэдрэхийг хүсдэг. Эд зүйлсээр өөрийгөө хүрээлүүлэх нь яг үүрэндээ, ичээндээ байгаа мэт мэдрэмж төрүүлдэг.
Женнифер Ховард

"Clutter: An Emtidy History" номын зохиолч Женнифер Ховард:

-Өнөө цагт хүмүүс өөрийгөө халамжлах, энхрийлэх максималист барилыг сонгож байна. Бид аюулгүй, тав тухыг мэдрэхийг, анхаарал халамж хүртэхийг хүсэж байна. Эд зүйлсээр өөрийгөө хүрээлүүлэх нь яг л өлгийдүүлсэн мэт таатай мэдрэмж төрүүлдэг.

Цахим сүлжээнд шинэ хөдөлгөөний #cluttercore-хаштагтай постууд уг нийтлэлийг бичигдэж байх үед TikTok дээр 13 сая гаруй үзэлт авч, Instagram дээр 7,000 гаруй удаа ашиглагдсан байна.

Сүүлийн хэдэн арван жилийн турш бидэнд бага эд хогшилтой, эмх цэгцтэй, япон маягийн амьдралтай байхыг уриалж, сургаж байсан. Харин энэ хандлагын эсрэг хүний бүтээлч байдлыг нэмэгдүүлэх, баригдмал хатуу дэгийг сорих максималист чиг хандлага дахин сэргэж байна.

Зарим хүмүүс үл мэдэгдэх ирээдүйгээс илүү нууцлаг өнгөрснийг дүрсэлсэн дотоод заслыг сонирхож байна.
Зарим хүмүүс үл мэдэгдэх ирээдүйгээс илүү нууцлаг өнгөрснийг дүрсэлсэн дотоод заслыг сонирхож байна.

Нэг зүйлийг тодруулахад, максималист хэв маягаар амьдарна гэдэг угаагаагүй цайны аяга, пиццаны хайрцаг зэрэг хөглөрсөн хогууд дунд аж төрөхийг хэлэхгүй. Зураач Фрэнсис Бэконий эмх замбараагүй байдлыг дүрсэлсэн алдартай зургууд хүртэл тийм хөглөрсөн, тухгүй байдлыг дүрсэлдэггүй. “Cluttercore” хэв маяг нь эрч хүчтэй өнгө, бүтэц, хэв маяг, хээ угалзны тэсрэлтүүдийг онцлон үүнийгээ сонгодог минималист чиг хандлагын эсрэг сөргүүлдэг.

Женнифер Ховард:

-"Clutter" гэдэг үг надад эмх замбараагүй зүйлсийг санагдуулдаг. Харин энэ эмх замбараагүй байдал хэрхэн хүчтэй өнгө, содон хэв маягтай нэгдэхийг харах нь надад гайхалтай байдаг" гэжээ.

Түүнийхээр "Энэ хандлага бол илүү бүтээлч эмх замбараагүй байдал юм"

Яагаад хүмүүс максималист хэв маягтай кофе шоп, оффис, галерейд очих дуртай байдаг вэ?
Яагаад хүмүүс максималист хэв маягтай кофе шоп, оффис, галерейд очих дуртай байдаг вэ?

Хэрэв Оксфордын англи хэлний толь "clutter" гэсэн үгийг хайж олоод үзвэл "Эмх замбараагүй төлөвт байгаа эд зүйлсийн цуглуулга" гэсэн тодорхойлолт, энэ үгээр төлөөлүүлдэг интерьерийн чиг хандлагын агуулгатай тохирдоггүй.

”Cluttercore” бол өрөөгөө дүүргэх тухай биш; харин байгаа зүйлсээ хайрлах тухай юм. Өөрчлөгдөж буй энэ ертөнцөд бид үргэлж сорилттой тулгардаг. Максималист байдал хүмүүст энэ сорилтыг өнгөрсөн үеэс улбаатай сайхан зүйлсээрээ дамжуулан даван туулахад тусалдаг.

Догдлуулам үл зохирохуй

Фуэнтесийн гэр бол үүний нэг жишээ юм. Хэсэг бүр өөрийн гэсэн байртай, эрч хүчтэй хэр нь үл зохицох зүйлсийн нэгдэл. Өнгөрсөн хавар гарсан World Interior сэтгүүлд Британийн дизайнер Мэттью Уильямсон бүтээлээрээ "баяр баясгалантай максимализмыг" харуулсан байна. Тэрээр бүтээлүүдээ урлаж байхдаа өөрөөсөө "Бүх зүйлд аз жаргалыг нэмэгдүүлдэг увдис байдаг уу хэмээн асуудаг" гэжээ.

Копенгаген хотын 18 дугаар зууны барилгад байрлах The Apartment загварын галерей үүнтэй төстэй дүр төрх санал болгодог. Саяхан Financial Times сонинд хэвлэгдсэн нийтлэлд уг галерейн үүсгэн байгуулагч Тина Сейденфаден Баскийг "Үл зохицох хэр нь хараа булаам дүр зургийн анхдагчийн нэг" хэмээн магтсан байна.

“The Apartment” яах аргагүй максималист интерьерийн гайхалтай жишээ
“The Apartment” яах аргагүй максималист интерьерийн гайхалтай жишээ

The Apartment-ийг музей гэхээс илүү хувийн орон сууц шиг тохижилттой боловч доторх засал нь байнга өөрчлөгддөг онцлогтой. Та тэндээс таалагдсан ямар ч зүйлээ худалдаж авч болно. Урлагийн бүтээлээс тавилга, жижиг хэрэглэл хүртэл юу ч байсан болно. Юу ч өөр хоорондоо "тохирохгүй" боловч бүх зүйл гайхалтай сэтгэл татам харагдана.

Баск:

-Надад таалагдахгүй зүйлийг би худалдаж авахгүй. Гэр доторхоо харахад өөр өөр үндэстний, өөр өөрсдийн түүхтэй маш олон эд зүйл байдаг. Гэхдээ энэ ялгаатай зүйлс ямар нэгэн байдлаар нийцэл бий болгодог. Тиймээс миний сэтгэлийг татдаг зүйлсийн хооронд нь холбодог утас байгаа байх”.

Баск энэ санаагаа лавшруулан гэр бол байх ёстой зүйл гэхээс илүү дуртай зүйлээрээ хүрээлэгдэх газар мөн гэжээ.

Зохицол ба үл зохицол хоёрын нэгдэл нь максимализмын амин сүнс юм.
Зохицол ба үл зохицол хоёрын нэгдэл нь максимализмын амин сүнс юм.

Аз жаргал өгдөг сэтгэл догдлуулам, нарийн төвөгтэй, түүх өгүүлдэг эд зүйлсийг онцолдгоороо энэ хэв маяг интерьерийн ертөнцөд давамгайлсан минималист хэв маягаас нэлээд өөр. Та анзаарвал нийслэл хотод маань шинээр нээгдэж байгаа кофе шоп, бар, хоолны газрууд их бага хэмжээгээр максималист дотоод заслын элементүүдийг өөртөө агуулж байдаг.

Гэрээ ямагт эмх цэгцтэй, зохион байгуулалттай байлгана гэдэг тун хэцүү ажил.

Женнифер Ховард:

-Миний ярилцсан нэг хувийн зохион байгуулагчийн хэлснээр минималист гэж өөрсдийгөө нэрлэдэг олон үйлчлүүлэгч нь ийм амьдралын хэв маягаар амьдарч чадахгүй байгаагаа ярьсан байна”.

Амьдралыг сонирхолтой болгоход ганц дусал зориг, ганц дусал бүтээлч байдал хангалттай.
Амьдралыг сонирхолтой болгоход ганц дусал зориг, ганц дусал бүтээлч байдал хангалттай.

"Амьдрал бол хоосон өрөө биш"

Максималистууд маш их эд хогшилтой гэдгээ зөвшөөрдөг ч гэрийнхээ тавилгаа хүссэнээрээ зохион байгуулж, өөрчлөх нь тэдэнд таатай байдаг. Минималист ноёрхлын эсрэг энэ гоо зүйн хэв маяг зохих утга учиртай.

Дэггүй, эмх замбараагүй мэдрэмжээсээ татгалзах хэрэггүй

Заримдаа бид бүтээлч байдлаа алдаж, бусдыг дагах хандлагатай болдог. Хүүхэд хөгшид гэлтгүй “орчин үеийн чиг хандлага” гэсэн үгэнд амархан автаад дотор төрж байгаа бүтээлч хэр нь эмх замбараагүй, дэггүй мэдрэмжээсээ татгалздаг. Айл бүрд гэрийнхээ тавилгын байрлалыг үе үе өөрчлөх дуртай хүн байдаг шүү дээ. Хэдий мэддэг тавилга хэдий ч өмнөхөөсөө илүү шинэлэг, содон мэдрэмж төрүүлдэг учраас тэр.

Эд хогшил, гар урлалын зүйлсийг эмх замбараагүй байрлуулж эхлэхэд юмс хаана байрлах ёстойг бид зөн совингоороо мэддэг. Тод өнгөтэй ваарын хажууд эмэгтэй хүний хөрөг зураг, доор нь зузаан ном, номын хажууд хуучин лааны суурь гэх мэт. Яаж байрлуулах нь таны бүтээлч байдал, зөн совингоос л хамаарна. Максималистуудын авч байгаа тавилга, хогшлууд ихэвчлэн хуучин байдаг учир чинээлэг улсуудын жил бүр хаядаг асар олон эд хогшлыг бид дахин хэрэглэх боломжтой болдог.

Та анзаарч байсан бол "Howl's Moving Castle" хүүхэлдэйн киноны Ховлын өрөө яг ийм интерьертэй байдаг.
Та анзаарч байсан бол "Howl's Moving Castle" хүүхэлдэйн киноны Ховлын өрөө яг ийм интерьертэй байдаг.

Максималистуудын хувьд олж авсан содон, өвөрмөц эд хогшлоо хаядаггүй. Зураач Фуентес гайхалтай цуглуулгаасаа нэг зураг хаяна гэж үү. Тэдний олж авсан бүхэн өөрсдийн гэсэн түүхтэй, үнэ цэнтэй байдаг.

Минималистууд бидэнд хэрэггүй, утга учир өгдөггүй зүйлээсээ татгалзахыг санал болгож байгаа бол максималистууд бидэнд дуртай, сайхан санагддаг, урам зориг өгдөг зүйлээ авч үлдэхийг, хаялгүй хадгалахыг санал болгодог. Энэ хоёр хэв маягийн нэгийг зөвтгөөд, нөгөөг буруутгах аргагүй. Нөхцөл байдлаасаа хамаараад хоёулаа бидэнд үнэмшилтэй санагддаг гэдгийг энд хэлье.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn