Долоо хоногийн нэг л өдөр амттан иддэг соёл, "Lördagsgodis"

Гурван нас хүртэл нь хүүхдэдээ чихэрлэг зүйл огт амсуулдаггүй шведүүд "Бямба гарагийн амттан" буюу долоо хоногийн нэг өдөр л чихэр идэх уламжлалыг яагаад бүх нийтээрээ дагаж мөрддөг болсон вэ?
Долоо хоногийн нэг л өдөр амттан иддэг соёл, "Lördagsgodis"
@scandikitchen.co.uk

Бусад өдөр нэг ширхэг чихэр ийм амттай байх болов уу?

"Эрүүл бус" гэсэн шошго зүүдэг ч сахрын агууламж хүний биед тодорхой хэмжээний сайн нөлөө үзүүлдэг. Үнэндээ чихрийн бүрэн хязгаарлалт нь сайнаас илүү хор хөнөөл учруулж болзошгүй ажээ. Шведүүд энэ асуудалд маш ухаалгаар ханддаг бөгөөд бямба гарагийг чихэр хэрэглэх өдөр хэмээн нэрлэсэн байдаг.

Энэ соёл тэдний дунд дэлгэрээд бараг 100 жил болсон юм. 1980 оноос хойш төрсөн швед хүнээс "Бямба гарагийн амттан" хэмээх зүйл яагаад байх ёстой талаар асуувал тэдний олонх нь "Угаасаа л ийм байх ёстой шүү дээ" хэмээн хариулах байх. Учир нь тэдний амьдралын бүх хугацаанд ийм байсан гэсэн үг. Гэхдээ Lördagsgodis гэх уламжлал үүсэх шалтгаан мэдээж байсан. Түүхийг эргэн харцгаая.

Энэ бүхэн дэлхийн II дайн дууссаны дараагаас эхэлжээ...

Дэлхийн I дайны үед долоо хоног тутамд 340 грамм элсэн чихэр хэрэглэх хоолны дэглэм хэрэгжүүлж эхэлсний дараагаас шүд цоорох өвчний тоо буурч байгааг эрүүл мэндийн ажилтнууд анзаарчээ. Тиймээс шведийн эмч нар "маш ёс зүйгүй" гэж нэрлэгдсэн нэгэн туршилтыг хийсэн юм. Чихрийн нөлөөг судлахын тулд Випехолмын сэтгэцийн хүрээлэнгийн оюуны хомсдолтой өвчтөнүүдэд янз бүрийн хэмжээгээр төрөл бүрийн амттан өгчээ. Уг туршилтаар сахар нь шүд цоорох, бактери үржихэд шууд нөлөөлдөг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Мөн чихрийг байнга хэрэглэх нь цөөн давтамжтайгаар нэг удаа их хэмжээгээр идэхээс илүү шүд цоорох магадлалыг нэмэгдүүлж байгааг тогтоожээ.

Шведүүд энэ туршилтын үр дүнд итгэснээр Lördagsgodis буюу шууд утгаараа "Бямба гарагийн амттан" хэмээх долоо хоногийн нэг өдөр л чихэр идэх соёлын хөдөлгөөн бий болсон юм.

BBC Reel-ийн энэхүү богино бичлэгээс Бямба гарагийн амттаны сэтгэл догдлолыг харж, орчин үед шведүүд lördagsgodis-ийн талаар ямар сэтгэгдэлтэй байгааг хараарай.

Логикийг нь ашиглацгаая!

Магадгүй бид Шведийн энэхүү соёлын дагуу "Эрүүл бус" гэсэн шошготой бүхий л бүтээгдэхүүнийг (чихэрлэг хүнс, согтууруулах ундаа, шарсан хоол, ...) хэрэглэж болох юм. Эдгээр нь эрүүл мэндэд тийм сайн биш ч гэлээ бидний амьдралыг хөгжилтэй, баяр жаргалтай болгодог шүү дээ. Хэрэв бид өдөр тутмын хэрэглээндээ хязгаарлалт тогтоож, онцгой тохиолдлуудад тэдгээрийг зориулбал илүү их баяр баяслыг төрүүлэх ч юм билүү. Цаашилбал, ийм дадал зуршил нь зөвхөн өөрт төдийгүй хайртай хүмүүст маань сайн нөлөө үзүүлэх нь гарцаагүй.

Эх сурвалж: Goodness Exchange

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn