Үхлийн тухай ойр ойрхон эргэцүүлж бай

Яагаад ч юм нэг л “бүрэн дүүрэн” амьдарч чадахгүй байгаа юм шиг санагдаж байна уу? Тэгвэл энэ тухай тунгаахад тань туслах хэд гурван санааг хуваалцъя.
Үхлийн тухай ойр ойрхон эргэцүүлж бай
“Үхлийн тухай ойр ойрхон эргэцүүлж бай. Амьдрал чинь илүү утга учиртай болно” - О.Дашбалбар

“Үхлийн тухай ойр ойрхон эргэцүүлж бай. Амьдрал чинь илүү утга учиртай болно” хэмээн зохиолч О.Дашбалбар гуай бичиж байв. Бидэнд заримдаа амьдралд шантрах, өнгөрсөн амьдралдаа харамсах үе ирдэг. Амьдрал утга учиргүй, үр бүтээлгүй өнгөрч байгаа мэт. Гэтэл хэн бүхэн цаг хугацааны эрхэнд үхэлтэй нүүр тулна. Үүнийг анзаарах тусам бидний сэтгэлд гуниг хурдаг.

Харин алдарт зохиолчийн маань үзсэнээр үхлийн тухай эргэцүүлэх нь хүнийг уйтгар гуниг, айдаст автуулахаас илүүтэйгээр үлдсэн хугацаагаа утга учиртай, харамсах зүйлгүй өнгөрүүлэх боломж олгодог аж.

Бид үхлээс айх хэрэггүй. Үхэл ирлээ ч бид үүнийг мэдрэхгүй. Гагцхүү бид үхэлд хүргэх зүйлсээс л айдаг. -Эпикур
Бид үхлээс айх хэрэггүй. Үхэл ирлээ ч бид үүнийг мэдрэхгүй. Гагцхүү бид үхэлд хүргэх зүйлсээс л айдаг. -Эпикур

Бүрэн дүүрэн амьдрахын тулд бүхнээс түрүүнд “амьдралын” салшгүй хэсэг нь үхэл болохыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Амьд биеийг амьгүйгээс нь ялгадаг гол ялгаа бол “үхэл” байдаг. Амьгүй бие үхдэггүй. Харамсалтай нь ийм энгийн зарчмыг бид тэр бүр анзаардаггүй.

Аж үйлдвэржсэн, механикжсан нийгэмд хүн үхлийн тухай эргэцүүлэх бололцоо маш бага. Эргэцүүлэх цаг байхгүйдээ бус сатаарах зүйл хэтэрхий их. Хүний мөнх бусыг илтгэх бодит байдлыг бид чадах чинээгээрээ далдлах гэж хичээж байна.

Үхэлтэй эвлэр. Үүний дараа бүх зүйл боломжтой. - А. Камю

Гоо сайхны бүтээгдэхүүн, загвараар дамжуулан “үүрдийн гоо сайхан” гэх домгийг сурталчлах, үхлийн тухай хүүхэд битгий хэл томчууд ярихгүй цээрлэх, өндөр настай аав ээжээ асрамжийн газар аваачих зэргээр “үхэл”-ийн тухай аль болох бодохгүй, үхлийг санагдуулах зүйлсийг харахгүй байх аргаа бид аль хэдийн олсон.

Энэ зургаа Фрида Кало өвчтэй, хэвтэрт байхдаа зурсан гэдэг.
Энэ зургаа Фрида Кало өвчтэй, хэвтэрт байхдаа зурсан гэдэг.

Биднийг хүлээж байгаа гарцаагүй үхлийг ойлгох нь сэтгэлийг тань түгшээх олон айдсыг давахад нэмэртэй. Мөнх бус байдлынхаа тухай ухамсарлах зоригтой байх нь “одоог” буюу өөрийн амьдралдаа гаргаж буй сонголтуудаа удирдахад юу юунаас илүү тустай. Фрида Калогийн "Үхлийн тухай эргэцүүлэн бодох нь" гэх өөрийн хөрөг зургийн агуулгыг төсөөлөөд үзээрэй. Түүний духан дээр гавлын ястай зураг наасан байдаг. Францын философич Альбер Камю нэгэн удаа "Үхэлтэй эвлэр. Үүний дараа бүх зүйл боломжтой” гэж хэлж байсныг санах хэрэгтэй.

Гэхдээ “үхэлтэй эвлэрэх” гээд амаараа хэлэхэд амархан. Үүнийг хийх нэг арга бол үхэл авчрагч эрлэгийн элчийн тухай эргэцүүлэх бус, харин үлдсэн хугацаандаа хэн баймаар байгаагаа төсөөлөх явдал юм.

Хойд насандаа барьсан оройн зоог

Лев Толстойн 1886 онд хэвлэгдсэн "Иван Ильичийн үхэл" роман дээр тушаал ахиж, гэр бүлээ хөрөнгөтний нийгэмд нэр хүндтэй байр суурь эзлэхэд нь туслахын тулд амьдралаа зориулсан Санкт-Петербургийн шүүхийн прокурор "Иван Ильич" 45-хан насандаа үхлээ хүлээн хэвтэж байгаа тухай өгүүлдэг. Тэрээр амьдралаа хуурмаг, өнгөцхөн зүйлд үрсэн юм биш байгаа хэмээн өөрөөсөө асууна. "Хэрэв миний өнгөрсөн амьдрал бүхэлдээ буруу байсан бол яах вэ?"

"Иван Ильичийн үхэл" номын гол дүр бээр үхлээс айхгүй байгаа цорын ганц хүн болох зарцаасаа бага ч болов сэтгэлийн тайтгарал олдог.
"Иван Ильичийн үхэл" номын гол дүр бээр үхлээс айхгүй байгаа цорын ганц хүн болох зарцаасаа бага ч болов сэтгэлийн тайтгарал олдог.
Бид амьдралынхаа сүүлийн мөчид байна гэж төсөөлье? Амьдралаа эргээд харахад ямар санагдах бол?

Энэхүү түүхээс сэдэвлэн нэгэн сэтгэхүйн туршилт хийцгээе. Үхлээ хүлээгээд хэвтэж байна гэж төсөөлөөрэй. Амьдралаа эргээд харахад ямар санагдах бол? Туулсан амьдралаараа та бахархаж чадах уу? Амьдралын хамаг сайхан бүхнээс амталж чадаагүй өнгөрчихсөн юм шиг санагдах болов уу? Эсвэл Иван Ильич шиг харамсах сэтгэлээр дүүрэн байх болох уу? Ийм эргэцүүлэл бидэнд яг одоо өөрсдийн амьдралаа өөрчлөх эрх чөлөөтэй байгааг харуулдаг юм.

Үхэл ирэх мөчид туулсан амьдралдаа сэтгэл хангалуун байсан уу гэж олон хүн өөрөөсөө асуудаг. Үхэл жинхэнээсээ ирэхийг хүлээхийн оронд амьдралынхаа төгсгөл рүү түр зуурын төсөөллийн аялал хийж, энэ тухай эргэцүүлэх боломж олгодог "Хойд насандаа барьсан оройн зоог" гэж нэрлэдэг сэтгэхүйн дасгалыг хийцгээе.

Та тэдний дундаас “хэн” нь байхыг илүүд үзэх байсан бэ?
Та тэдний дундаас “хэн” нь байхыг илүүд үзэх байсан бэ?

Өөрийгөө нас бараад хойд насандаа оройн зоог барьж байна гэж төсөөлцгөөе. Оройн зоогт уригдсан зочид бол таны өөр сонголт хийсэн бол байж болох байсан “хувилбарууд” байна. Өдөр шөнөгүй хичээлээ хийдэг “та”. Ажлаасаа гараад мөрөөдлөө дагасан “та”. Архичин болсон “та”, бас машины ослоор үхэх шахсан “та”. Тэгээд заяаны ханиа хайж яваа жинхэнэ “та” гэх мэт.

Дараа нь та эдгээр өөр сонголт хийсэн өөрийнхөө хувилбаруудыг сайтар ажиглаарай. Тэдний зарим нь сэтгэл татам байхад зарим нь бүдүүлэг, ядаргаатай мэт санагдана. Цөөн хэд нь танд дутуу дулимаг, залхуу сэтгэгдэл төрүүлнэ. Тэгвэл тэдний хэнтэй нь уулзаж, ярилцахыг хүсэж байна? Хэнээс нь зайлсхийх вэ? Аль хувилбартаа атаархаж байна вэ? Та тэдний дундаас “хэн” нь байхыг илүүд үзэх байсан бэ?

Үл тасрах амьдралын хэлхээ

Өөрийн оршихуйг ойлгоход нэмэр болох хоёр дахь арга бол амьдрал ба үхлийн хооронд байх хаалтыг нураах явдал юм. Маори хэлэнд вхакапапа гэдэг ойлголт бий. Тэдний хувьд энэ нь "удам угсаа" эсвэл "угийн бичиг" гэсэн утгатай байдаг. Тус ойлголт ёсоор бид бүхэн одоог өнгөрсөн үеийнхэнтэй болон ирээдүйн бүх үетэй холбодог амьдралын агуу хэлхээнд холбогдсон ажээ.

Амьд, үхсэн болон төрөөгүй бүх хүмүүс бидэнтэй хамт нэг өрөөнд байдаг гэдгийг ойлгож, мөн тэдний эрх ашгийг өөрсдийн адил хүндэтгэх хэрэгтэй.

Mаоричууд нүүрэн дээрх шивээс нь тэднийг өвөг дээдэстэй нь холбодог гэж итгэдэг.
Mаоричууд нүүрэн дээрх шивээс нь тэднийг өвөг дээдэстэй нь холбодог гэж итгэдэг.

Гэрэл яг энэ мөчид, одоо бидний дотор гэрэлтэж байна. Вакапапагийн гол санаа нь гэрлийг илүү олон газарт хүрэхэд нь туслах явдал юм. Ингэснээр хүн цаг хугацааны хавтгай дээр байгаа амьд бүхнийг харж чадна. Энэ хавтгай дээр амьд, үхсэн болон төрөөгүй бүх хүмүүс бидэнтэй хамт нэг өрөөнд байдаг. Тэдний эрх ашгийг өөрсдийн адил хүндэтгэх хэрэгтэй. Учир нь бүх зүйл үндсээрээ холбогдсон байдаг. Энэхүү уран сэтгэмжийн үсрэлтийг хийх нь барууны хэрэглээний соёлд автсан бидний хувьд хэцүү боловч бүрэн дүүрэн амьдрахыг хүссэн хэн бүхний тунгаах ёстой зүйл юм.

Цаг хугацаагаар аялах өөр нэг сэтгэхүйн туршилт бий. Та мэддэг, хайрладаг нэг хүүхдийнхээ тухай бодоорой. Найзын хүүхэд, зээ охин эсвэл өөрийн хүүхэд, ач зээ нарын аль нь ч байж болно. Одоо тэднийг 90 насны төрсөн өдрийн үдэшлэг дээрээ гэр бүл, найз нөхдөөрөө хүрээлэгдсэн байна гэж төсөөлье. Тэдний хөгширсөн царайг төсөөлөөд, цонхоор харвал ямар ертөнц хүлээж байгааг ажиглаарай.

Одоо хэн нэгэн ирээд 90 настай төрсөн өдрийн эзэн болох “нөгөө хүүхдэд” нэгэн нялх хүүхдийг тэврүүлж байна гэж төсөөлье. Энэ хүүхэд бол түүний анхны ач. Тэрээр нялх хүүхдийн нүд рүү хараад, өөрөөсөө "Энэ хүүхдэд олон жил, хэдэн арван жил амьд үлдэхийн тулд юу хэрэгтэй вэ?" гэж асуух болно.

Би энэ ертөнцөөс юу авч чадах вэ гэж асуухын оронд юу өгч чадах вэ гэж асуух хэрэгтэй.
Би энэ ертөнцөөс юу авч чадах вэ гэж асуухын оронд юу өгч чадах вэ гэж асуух хэрэгтэй.

Энэ тухай яаралгүй тунгаагаарай. Энэ нялх хүүхэд буюу таны хүүхдийн хүүхдийн хүүхэд XXII зуунд амьдарч байж магадгүй гэдгийг ойлгоорой. Тэдний ирээдүй бол шинжлэх ухааны уран зөгнөл биш. Энэ бүхэн таны амьдралаас хэдхэн алхмын зайд байгаа бодит байдал юм. Хэрэв бид тэр нялх хүүхдийн амьдралд санаа тавьж байгаа бол амьтай бүхэнд санаа тавих хэрэгтэй. Хүн бүрд амьсгалах эрүүл агаар болон амьдралын бүтэн хэлхээ хэрэгтэй.

Ийм сэтгэхүйн туршилтууд бидэнд хүний амьдралын хязгаарыг давж, вакапапагийн мэргэн ухаантай холбогдоход тусална. Бид бүгд амьдралын агуу хэлхээний нэг хэсэг. Үүний дотор эзлэх өөрсдийн байр сууриа таньж мэдсэнээр бид "одоо" гэж юу болох тухай ойлголтоо өргөжүүлж эхэлнэ.

Секунд, минут, цагаас тогтдог байсан бидний явцуухан “одоо цаг”, хэдэн арав, зуу бүр мянган жилийн дараах “одоо цаг” хүртэл өргөждөг. Одоог ойлгох нь өнгөрсөн үеэ хүндэтгэж, маргаашийн хойч үедээ үлдээх өвийн өмнө хариуцлагатай байхыг бидэнд сануулна.

Цаг хугацаагаар аялцгаая

Шекспирийн "Гамлет"-ийн хэлдгээр "Хэзээ ч үхэхгүй юм шиг амьдарч, огт амьдраагүй юм шиг үхнэ" гэдэг тун харамсалтай. Хүний амьдрах хугацаа орчлон ертөнцийн насны дэргэд нүд ирмэх мэт богино билээ. Гэхдээ бидний ард уртаас урт түүх өрнөсөн шиг өмнө маань ч бас уртаас урт аялал үргэлжлэх болно гэдгийг санаарай. Манай нар таван тэрбум жилийн дараа сөнөхөд бид мөхсөн ч өөр амьтад оршин тогтнох боломжтой шүү дээ.

Бид бол уртаас урт түүхийн зүгээр л өнгөрч буй мөч юм.

Ертөнцтэй харьцуулахад бид ямар богино настай тухайгаа эргэцүүлэх нь хүн өөрийн учруулж чадах хор хөнөөлөө ухаарах боломж олгодог. Хоёрхон зууны аж үйлдвэржсэн соёл иргэншил экологийн сүйрэл авчирч, үхлийн аюултай технологиудын улмаас бид хэдэн тэрбум жилийн турш хувьсан өөрчлөгдөж байсан дэлхийг аюулд оруулаад байна. Бид хойч үедээ эх дэлхийгээ “эрүүлээр” нь үлдээх үүрэгтэй биш гэж үү? Ирээд буцахын хооронд яагаад дэлхийд ийм их сүйрэл авчирна вэ?

Н.К.Жемисин, Урсула Ле Гуин зэрэг шинжлэх ухааны уран зөгнөлт чиглэлээр бичдэг зохиолчдын тусламжтайгаар бидний оюун ухаан ирээдүйд, алс тэртээх эрин зуунд аялах боломжтой болжээ.

Би хэн байсан бэ? Би хэн байсан гэж дурсагдмаар байна вэ?
Би хэн байсан бэ? Би хэн байсан гэж дурсагдмаар байна вэ?

Магадгүй та ном унших завгүй бол өөр хэлбэрээр энэ аяллыг хийж болно. 200 сая жилийн настай аммонитыг гартаа барьж үзэхэд танд ямар мэдрэмж төрөх бол? Бид ямар урт амьдралын түүхийн зөвхөн нэг л хэсэг болохоо ойлгох болно.

Бүр энгийнээр, намуухан шөнө оддыг ажиглаж хараарай. Тэдний зарим нь манай нар үүсэхээс ч өмнө оршиж байсан гэдгийг санаарай. Эсвэл хөгшин мододтой хэсэг хугацааг өнгөрөөгөөрэй. Бид бол илүү том, урт түүхийн зүгээр л өнгөрч буй мөч юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn