Аливаа зүйлийг хойшлуулахаа хэрхэн зогсоох вэ?

Хийх ёстой ажлаа хойшлуулах, түүнээс зугтах нь гэмших, бүтэлгүй амьтан мэт өөрийгөө мэдэрч буруутгах сөрөг мэдрэмжийг үүсгэж, урт хугацааны аз жаргалыг үгүй хийдэг байх нь. Цаашлаад ажлаас халшрах эмгэгтэй болох, юу ч хийх хүсэлгүй болгодог аюултай.
Аливаа зүйлийг хойшлуулахаа хэрхэн зогсоох вэ?

Чухал шалгалтын өмнөх өдөр дуртай цувралаа хэдэн анги дараалуулан үзэж байсан уу? Эсвэл даваа гарагийн өглөө олон төлөвлөгөөтэй ажилдаа ирчихээд хаанаас нь эхлэхээ мэдэхгүй зүгээр л оффисынхоо ширээг арчиж, бичиг цаасаа цэгцэлсээр үд хүргэж үзсэн үү? Эсвэл өглөө эрт ажилтай ч утсаа ухсаар шөнө дунд өнгөрөөж унтаж байсан уу?

Би ингэж байсан. Үүндээ гэмшиж, өөрийнхөө бүтээмжтэй ажиллах чадварт эргэлзэж, гутарч байсан үе бий. Гэтэл өнөөдөр олон нийтийн сүлжээ гүйлгэж байгаад “Хийх ажил маш их байгаа ч юу ч хийхгүй, дэмий утас ухаж, өөрийгөө сатааруулаад, хийхгүй байгаадаа гэмшээд байх юм. Би ч залхуу, бүтэлгүй амьтан юм даа” гэсэн танихгүй нэгний пост олж уншив. Тэр хүнд та залхуудаа биш, энэ бол “procrastination” буюу хойшлуулах сэтгэл зүйн төлөв бөгөөд давж туулж болдог гэдгийг хэлж өгөхийг хүсэж байлаа.

Хүн гэдэг машин механик, робот биш болохоор байнга бүтээмжтэй, бүхнийг яг таг хийнэ гэж байхгүй нь үнэн. Босоод ажлыг “ураад өгөх” байтугай орноосоо босох ч хүчгүй болдог үе бидэнд тохиолддог. Гэвч, аливаа зүйлийг хойшлуулж, боломжуудыг өнгөрөөсөөр байх хооронд амьдрал, цаг хугацаа хэзээ ч эргэж ирэхгүйгээр урсаж өнгөрдөг нь ч гашуун үнэн билээ.

Нэгэнт зугтах, хойшлуулах зан үйл тогтсон бол хамрын үзүүр дээрх боломжийг ашиглахгүй, ганцхан алхмын дараа бүтчих ажлыг ч амжуулж чадахгүй болдог. Энэ нь олон шалтгаантай.

Судалгаагаар бидний тархи ямар нэг зүйлийн ард гарч, үр шимийг нь хүртсэн үед илүү их аз жаргалын даавар ялгаруулдаг нь тогтоогджээ. Тиймээс хийх ёстой ажлаа хойшлуулах, түүнээс зугтах нь гэмших, бүтэлгүй амьтан мэт өөрийгөө мэдэрч буруутгах сөрөг мэдрэмжийг үүсгэж, урт хугацааны аз жаргалыг үгүй хийдэг байх нь. Цаашлаад ажлаас халшрах эмгэгтэй болох, юу ч хийх хүсэлгүй болгодог аюултай.

Хойшлуулах нь хийх ёстой зүйлээ хийхгүй хаях, хугацааг нь тулгаж хийх гэсэн хоёр янзаар илэрдэг.

Энэ нь завсарлага авахаас ялгаатай. Өдөржингөө ажиллачихаад орой дуртай киногоо үзэх нь завсарлага. Эрч хүчээ сэлбэж, амарч байна.

Харин ажиллах цагаараа кино үзээд байвал хойшлуулах хандлагатай байна гэсэн үг. Орой болоход ажилласан хүнээс ч илүү ядарсан байна. Хойшлуулах нь залхуурахаас ч өөр. Ямар нэг зүйл хийх хүсэлгүй байхыг залхуурал гэх бол хойшлуулах хандлагатай болсон хүнд хийх зүйл маш их, хийхийг ч хүсдэгээрээ ялгаатай. Тиймдээ ч илүү их гэмшиж, сэтгэл зүйгээрээ туйлддаг.

“Хойшлуулах тойрог” гэж ойлголт байдаг нь хүн юу ч хийхгүй- хийгээгүйдээ харамсана- гэмшинэ-өөртөө эргэлзэн итгэлгүй болж- сүүлдээ цөхөрнө-юу ч хийхгүй.

Шалтгаан нь юу вэ?

- Удаан хугацааны дараа үр шимээ хүртэх бол,

- Хэтэрхий их хийх зүйлтэй санагдахад,

- Аливаа зүйлийг төгс хийхээр тэмүүлэх, түүнээсээ дарамт мэдрэх,

- Алдаа гаргах, шүүмжлүүлэхээс айх… гэх мэт олон шалтгаанаар аливаа зүйлийг хойшлуулж, зугтдаг байна.

Хойшлуулахаа хэрхэн зогсоох вэ?

Сэтгэлзүйч, зан үйл судлаачид олон аргыг санал болгодог. Үүнээс надад хамгийн сайн тохирдог нь хийх зүйлээ жижиг хэсгүүдэд хуваах юм. Хийх зүйл хэтэрхий их, эсвэл хэцүү, хүнд санагдах үед хүн автоматаар хойшлуулж, зугтдаг. Тиймээс том ажлыг жижиг хэсгүүдэд хувааж, бага багаар хийх нь үр дүнтэй. Тухайлбал, том хэмжээний зохиол, бичвэр бичих бол өдөрт 3 цаг яс суух, дундуур нь тодорхой хугацааны тооны завсарлага тогтоож, түүнийгээ мөрдөх зэргээр жижиглэдэг. Ингэснээр бага хугацаанд тавьсан зорилгодоо хүрч, түүндээ сэтгэл ханаснаар ажлаа амжилттай, урам зоригтой үргэлжлүүлэх үр нөлөөтэй.

Пенсильванийн Их Сургуулийн судлаач Кэти Милкмэн (Katy Milkman at The University of Pennsylvania) “Урам зориг бүтээхүй” (Temptation bundling) хэмээх аргыг удаан хугацааны дараа үр шимийг нь хүртэх ажлыг хийхэд зориулан гаргажээ. Энэ нь зөвхөн хойшлуулж, зугтдаг зүйлээ хийх үедээ дуртай зүйлээ хийж, өөрийгөө шагнах гэсэн үг юм. Жишээлбэл, зөвхөн дасгал хийхдээ л дуртай дуугаа сонсох, гэрийн ажлаа хийж байхдаа дуртай цувралаа үзэх, ойлголцоход хэцүү ажлын хамтрагчидтайгаа уулзахдаа л дуртай хоолоо идэх гэх мэтийг нэрлэж болно.

Дараагийн арга нь хойшлуулж, зугтсаны даруйхан гарах хор уршгийг бий болгох юм. Ганцаараа дасгал хийдэг бол хэдэн удаагийн дасгал тасалдууллаа гээд хор уршиг нь тэр дороо гарахгүй. Харин найзтайгаа хатуу тохиролцсон үед найз тань уурлах, түүнд найдваргүй сэтгэгдэл төрүүлэх гэх мэт үр дагавар нь тэр даруй гарна. Эсвэл мөрий тавих, олон хүнд зарлах гэх мэт өөрийгөө хүчлэх аргуудыг ашиглаж болно.

Ирээдүйн үйлдлүүдээ загварчлах арга нь ирээдүйн зөв зуршлыг бүтээхийн тулд ашиглах арга юм. Цагаа дэмий үрдэг аппликэйшнүүдээ утаснаасаа устгах, хадгаламж үүсгэхийн тулд сар бүр автоматаар татдаг үйлчилгээ ашиглах гэх мэт.

Эдгээр болон бусад өөртөө тохирох аргуудыг ашиглан хойшлуулж, зугтахаа больсон бол цаашид үүнийгээ хадгалах нь чухал. Одоогоор би өдөрт чухал 3 л ажил төлөвлөж байгаа. Түүнийгээ чухлаас чухал чухал бус руу нь жагсааж, эхнээс нь нэгэнд нь төвлөрч дуусгасны дараа дараагийн ажилдаа ордог. Ингэснээр зэрэг зэрэг ажил эхэлж түүртэхгүй, нэг зүйлээ санаандаа тултал хийснээр сэтгэл ханамж мэдэрнэ. Цөөхөн ажил төлөвлөх нь чухал ажлаа ялгаж, олон зүйлд түүртэж стресдэхгүйгээс гадна өдрийн төгсгөлд ч төлөвлөсөн ажлуудаа бүгдийг нь хийж өөртөө баяр хүргэх боломжтой юм.

Эцэст нь та өнөөдөр зорилгынхоо төлөө ямар нэг зүйл хийсэн бол амжилт гэдгийг санаж, өөртөө урам өгөн урагшлаарай.

Эх сурвалж: jamesclear.com, procrastination.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn