Бүжиглэцгээе!

Бүжиглэх нь эрүүл мэндэд хэрэгтэй, дээр нь үнэхээр кайфтай. Ямар ч шалтгаанаар эхэлсэн бай, хүмүүс бүгд бүжигт дурлаж орхидог. Хүн аливаа дасгалыг "Би үүнийг хийх ёстой" гэж тэвчээртэйгээр хийж, дууссаныхаа "Тийм ээ, чадлаа" гэж баярладаг бол бүжиглэж байхдаа аз жаргалыг мэдрэн хөдөлгөөнөө гүйцэтгэдэг. Таны амьдралд хөдөлгөөн хэрэгтэй байгаа бол бүжгээр хичээллээд үзээрэй.
Зургийг:
Зургийг:netflix.com

Оршил түүх

Би өөрийгөө хөгжмийн хэмнэлд хөдөлж чаддаг юм байна гэж анх удаа бодохдоо 22 настай байсан. Хятадад хэлний бэлтгэлд сурч байсан үе. Шинэ жилээр хайртай хүмүүсээсээ хол, он солигдсон чинь нэг тийм “эмо” мэдрэмж. Өрөөнөөсөө гарлаа. Гадаад оюутны байрны давхар болгонд хурлын заал шиг нэг сул өрөө байдаг байсан юм. Тэндээс хөгжим сонсогдоно. Хаалгаар нь шагайвал харанхуйд дисконы гэрэл асааж, спикер дээр хөгжим тавиад дөрвөн оюутан бүжиглэж байна. Би тэдэнтэй нэгдэж болох эсэхийг асуухад уриалагхан зөвшөөрөв. Нэг Румын, хоёр Судан, надтай нийлээд хоёр Монгол. Бид тав нэг нэгнээ харж сонжихгүй, зүгээр л өөрийнхөөрөө нэлээд удаан хамт бүжиглэсэн. Надад лав цоо шинэ мэдрэмж… Тэр өдрийг хүртэл өөрийгөө ямар ч эвсэлгүй гэж боддог байснаа гайхав.

Бас нөгөө уйтгар гуниг хаашаа ч юм алга болж, жаргал дүүрэн хүн тэр өрөөнөөс гарч ирснээ санаж байна. Тэр өдрөөс хойш хааяа нэг оролцдог шинэ жилийн цэнгүүн, бас бус арга хэмжээнд бүжгийн талбай руу зүглэдэг болсон юм. Учиргүй голд нь орж балайг нь авахгүй ч мод шиг хөдөлгөөнгүй зогсож хүмүүсийн хараанд бас өртчихгүй. Өмнө нь олон нийтийн арга хэмжээн дээр ширээний ард бүжиглэж буй хүмүүсийг ажиглан суудаг байсан болохоор бүжгийн талбайд байх үедээ “Хэн нэгэн харж байгаа байхдаа” гэсэн бяцхан ичингүйрэл одоо ч намайг дагадаг хэвээр. Гэхдээ юу ч бодохгүйгээр зөвхөн хөгжмийг сонсоод биеэ хэмнэлд нь тааруулж хөдөлгөхийн сайхан мэдрэмжийг мэддэг болсон.

Бүжиг гэдэг нөр их хөдөлмөр

Энэ бичвэрийг бичих өдрүүдэд хамгийн ихээр бодогдсон зүйл энэ. Тайзан дээр, дууны клипэнд эсвэл зүгээр юүтүүб (YouTube) дээрх бичлэгийн ард олон арван өдрийн бэлтгэл бий. Хэдэн зуун удаа бэлтгэл хийсний дараах үр дүнг бид олж хардаг. Тэр утгаараа хүн тэсвэр тэвчээрийг суралцаж, амьдрал дээр сэтгэлийн хаттай болдог байж магадгүй хэмээн бүжигчин Г. Нандин-Эрдэнэ надтай ярилцах зуураа дурдаж байсныг онцолмоор байна.

Унаган авьяас мэдээж бий. Гэхдээ ямар ч хөдөлгөөний эвсэлгүй хүн хэсэг хугацаанд тууштайгаар бүжгийн аль нэг төрлөөр хичээллэвэл тодорхой үр дүнд хүрч, өөрчлөлт мэдэрнэ. Тэрхүү өөрчлөлт хүнд өөрт нь шууд мэдрэгдэх учраас урам орж, бүжгийн урлагт илүү ихээр дурлан, хичээнгүйлэн бэлтгэлээ хийдэг болсон хүний жишээг аль ч бүжгийн багшаас сонсох боломжтой. Тиймээс та эвсэлтэй юу, үгүй юу гэдгээс үл хамааран яг одоогоос бүжгээр хичээллэж болох нь. Бүжгийг ерөнхийд нь сонгодог, ардын, орчин үеийн гэж үндсэн 3 төрөл болгон ангилдаг бөгөөд эдгээр нь тус бүртээ нэг бүрчлэн бичишгүй олон дэд төрлүүдэд хуваагдана.

Мөн гимнастик, уран гулгалт, усны гимнастик зэрэг бүжиглэдэг спортын төрлүүд ч бий. Бүжиг нь 9000 гаруй жилийн өмнө үүссэн гэж үздэг бөгөөд хүн төрөлхтөн бүжгээр дамжуулан сэтгэл санаа, үзэл бодлоо илэрхийлээд зогсохгүй нийгмийн харилцаа, түүхийг харуулсаар ирсэн. Мөн дасгал хэлбэрээр олон орны соёлд шингэж, хөгжин өөрчлөгдсөөр буй юм.

Ямар бүжгээр хичээллэх вэ гэдгээ хүн өөрөө сонгосон нь дээр

Та өөрөө өөрийгөө хурцалж, дасгалжуулах чадвартай бол өнөө үед бүжгийн бараг бүх төрлийг интернэтээс сурах боломжтой. Гэхдээ аль нэг сургалтын төвийг зорьсноор мэргэжлийн зөвлөгч багшаар бүжиг заалгахаас гадна сонирхол нэгтэй хүмүүстэй танилцаж, хамтрагчтай болж чадна.

Харин өөрт тохирох бүжгийн төрлийг олохын тулд заавал мөнгө төлж сургалтад суух шаардлагагүй. Бичлэг харан хийж үзээд, хурд нь танд тохирч байна уу, хөгжим нь чихэнд хэр наалдаж байна гэдгээ мэдэхэд хангалттай.

Хичээллэх бүжгийн төрлөө сонгосны дараа аль клубт очихоо шийдээрэй. Бүжгийг анхан шатнаас эхлэн заадаг төрөлжсөн бүжгийн клуб олон бий. Салса бүжгийн эвентэд нэг удаа сонирхож очоод, 2 жилийн турш хагас сайн өдөр бүр тэрхүү арга хэмжээнд тасралтгүй оролцсон бодит түүх мэдэхийн хувьд, та угийн бүжгийн эвсэлтэй, бүжиглэх сонирхолтой бол дагнасан бүжгийн эвентийг зорьж нэг үзээрэй гэж зөвлөе.

Бүжигчин Г.Нандин-Эрдэнийн анхлан суралцагч нарт зориулсан зөвлөгөө:

1. Сурах гэж байгаа бүжгийнхээ бичлэгийг олон давтан үз. Нүдэндээ дасгах хэрэгтэй.

2. Бүжгийнхээ хөгжмийг байнга сонсож мэдэр. Чихэндээ дасгах хэрэгтэй.

3. Уйгагүй давтах хэрэгтэй. Биедээ дасгах хэрэгтэй

Бэлтгэл хийхдээ өөрт эвтэйхэн хувцас сонгоорой. Бэлтгэлийн үед уух ус, хөлсний алчуур танд хэрэг болно. Биеэ халаасны дараа аль болох ус уухгүй байсан нь дээр. Үгүй бол халаасан бие чинь эргээд хөрж мэднэ. Бүжигчид том тольтой өрөөнд бэлтгэл хийдэг нь мэдээж учиртай. Толинд өөрийгөө харснаар алдаагаа, илүү ажиллах ёстой хэсгээ мэдэж авна. Ямар ч үед бэлтгэлээ сунгалтын дасгалаар дуусгаж, заавал хувцсаа сольж байгаарай.

Бүжиг гэж бодохоор л над шиг шантардаг хүн байвал эхэндээ бүх зүйл хэцүү байдаг гэдгийг санаарай. Бүжиг сурах эхний 3–4 оролдлого хэцүү байж магадгүй. Гэхдээ нэг удаа оролдож үзээд шантарч огт болохгүй. Эхэндээ сунгалт хийх хэцүү байдаг бол сүүлдээ түүнээсээ кайф авна. Тиймээс эхний хэцүү санагдах үеийг даваад л гарах хэрэгтэй шүү. Дасгал хөдөлгөөнтэй, амьдралын зөв хэв маягийг заавал зовж бий болгох шаардлагагүй. Бүжиг бүжиглэн жаргаж, стресс ядаргаагаа тайлах боломж бий.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn