Кобе мах, Яагаад ийм үнэтэй, онцгой байдаг вэ?

Японы Кобе муж вагью махны эх орон. Гэхдээ вагью мах бүрийг Кобе мах гэхгүй. Энэ хоёр нэрийн ялгаа их энгийн. Вагью нь үхрийн үүлдэр бол, Кобе нь чанар, гарал үүслийн баталгаа аж.
Кобе мах, Яагаад ийм үнэтэй, онцгой байдаг вэ?

Кобе мах, Вагью мах дэлхийн хамгийн үнэтэй, хамгийн өндөр үнэлэгдсэн мах. Амт, нэхдэс нь тасархай, аманд ороод л хайлдаг. Том зоогийн газруудын тансаг гүнцэг болдог хэн дуртай нь амталж чаддаггүй. Гэсэн хэдий ч вагью махны зах зээл улам өргөжиж, супермаркетуудаар их зарагдаж, амталгаа ч хийгдэх болжээ.

Японы Кобе муж вагью махны эх орон. Гэхдээ вагью мах бүрийг Кобе мах гэхгүй. Энэ хоёр нэрийн ялгаа их энгийн. Вагью нь үхрийн үүлдэр бол, Кобе нь чанар, гарал үүслийн баталгаа аж. Вагью нь Японоос гаралтай үхрийн нэг үүлдэр, ва гэдэг нь хөг зохицол, гью гэдэг нь үхэр гэсэн үг. Нийлэхээрээ зүгээр л япон үхэр гэсэн утгатай. Богино эвэртэй, хүрэн, халзан, хар буюу Тажима гэсэн дөрвөн үүлдрийн вагью үхэр байдаг. Дөрвүүлээ өөр ямар ч үхэрт байхгүй өвөрмөц, гоё амттай.

Кобе нь Японы Осака далайн булангийн уулархаг бүс нутаг. Онцгой чанартай вагью үүлдрийн үхэр сүргээрээ алдартай. Төрөхөөс нь авхуулаад өсөж томрох хүртэл нь нарийн арчилгаа, маллагаа шаардаж, хамгийн сайн чанарын тэмдэг олгодог газар юм. Тэгэхээр Кобегийн бүх мах вагью үхрээс гаралтай, гэхдээ бүх вагью мах Кобе гэсэн шошго зүүдэггүй.

Кобе маханд тавигдах шаардлага

Кобе гэсэн нэр, чанарыг олж авахын тулд мах нь маш тодорхой шаардлагуудыг хангасан байх ёстой. Юуны түрүүнд, хар буюу Тажима үхрийн мах байх ёстой. Тэр үхэр нь Кобе харьяалагддаг Хюго мужид төрж, өсөж, нядалгаанд орсон байх ёстой. Эзэн нь орон нутагтаа бүртгэлтэй, баталгаатай малчин байх бөгөөд уг үхрийг 28-60 сартайд нь нядална. Үхэр нь хээлтүүлэгд орж байгаагүй, эр үхэр бол хөнгөлсөн байх ёстой. Амьдын жин нь 470 кг-аас хэтэрч болохгүй, махны гарцыг нь тултал нь буюу А хэмжээнд хүргэх ёстой. Эцэст нь, махан дахь өөх алаглал нь зургаа болон түүнээс дээш үзүүлэлттэй байх ёстой. Энэ бүгдийн нарийн нягтлан шалгаж байж чанар, гарал үүслийн баталгаа олгоно. Хэрвээ мах эдгээр шаардлагыг хангахгүй бол Кобе мах гэсэн шошго авах эрхгүй, зүгээр л вагью мах болдог.

Шаардлага хангасан гэж үзвэл энэхүү вагью маханд япон удвал цэцгийн зурагтай бар код буюу Кобе махны шошго наана. Энэ кодоор хэзээ, хаана нядалж, хэн махыг эвдэж, зүсэж, савласан, хадгалах хугацаа зэргийг мэдэж болно. Ийнхүү жинхэнэ Кобе мах таны гар дээр очиход бэлэн болдог.

Кобе мах яагаад ийм үнэтэй байдаг вэ?

Зах зээл дээр ийм мах маш үнэтэй. Хязгаарлагдмал тооны үхрийг нядалгаанд оруулдаг нь кобе мах үнэд хүрэх эхний шалтгаан. Японд вагью үхэр, бухыг өсгөж, үржүүлэх үйл явц цэвэр гар ажиллагаатай. Бэлчээр дутмаг тул фермд гар ажиллагаа, маллагаа их явагддаг. Японоос экспортолж буй хэмжээ маш бага, жилд 3,000 толгой. Тиймээс жинхэнэ Кобе мах олж авна гэдэг маш хэцүү тул үнэ нь талийжээ. Хамгийн амттай, зөөлөн гэгддэг гол мах, дотор гол махны 1-2 хүний порц гэхэд л 200-300 еврогийн үнэтэй. Зоогийн газрын ширээн дээр очихоор бүр үнэтэй болно.

Аль нь илүү гоё вэ?

Кобе мах маргаан байхгүй хамгийн чанарлаг, амттай нь. Вагью махны албан тамгыг Япон улс тавьдаг. Зөвхөн Японд төрж, өсөж, нядалгаанд орсон үхрийн маханд тамга дарна. 2014 онд вагью махыг Европ руу гаргахыг хориглож байв. 2015 онд Испани, Франц болон Европын бусад оронд орж ирж, тэр даруйдаа хамгийн тансаг тамшаал болжээ. Энэ махны амт зүгээр л гайхуулдаг. Зөвхөн япон үхрийн махыг вагью хэмээн нэрлэнэ хэмээн ихээхэн маргаан дэгдэж байв. Гэвч Европ болон Америкт аль хэдийнээ вагью үхрийн ферм бий болж, вагью махны зах зээл өргөжсөөр байна.

Вагью үхэр нь бараг л алтадсан орд харшид асран хамгаалагчтай амьдардаг гэсэн яриа байдаг. Гэтэл тэдний гарал үүсэл, үүлдэр, өсгөж үржүүлэх арга барил нь л ийм алдар нэрийг авчирчээ. Вагью үхэр нь тохилог хашаанд тусдаа өрөөтэй, мах өөхийг нь алаглуулахын тулд зарим малчин гар аргаар иллэг хийдэг байсан нь үлгэр домог мэт яригдсаар газар авчээ. Зарим малчин үхрээ гялгар, гялбам болгохын тулд шар айргаар биеийг нь угааж үрдэг гэх яриа бас бий. XX зууны эхээр вагью үхэр нь газар хагалахад ашигладаг л үхэр байжээ. 1940-өөд оноос махыг нь өргөн хэрэглэх болж, фермд бордон таргалуулж байгаад анхны вагью махыг гарган авч байв. Хүчээр таргалуулдаг тул үхрүүд жаахан түрэмгий ааштай болоод байж. Тэгээд л нэг малчин тайвшруулахын тулд иллэг хийж үзжээ. Энэ домог яриа төдий болохоос вагью үхэрт иллэг хийгээд байдаг гэсэн үг биш. Харин хоёр дахь үеэс эхлэн таргалуулж буй үхрүүдийн ааш засарсан тул иллэг хийхээ больсон аж.

Аманд ороод л хайлдаг вагью мах нь омега 3, омега 6-р маш баялаг. Дархлааны системийг сайжруулж, холестеролыг бууруулдаг. 1970-аад онд Японоос хэдэн вагью бухыг Америкт авчирч Ангус үүлдэртэй нийлүүлснээр америк вагью сүрэг бий болж байв. Үр дүнд нь маш том биетэй, маш амттай махтай үхэр бий болжээ. 1990-ээд онд Испанийн Бургос мужийн хөдөөд малчин Пачи Гармендиа Аргентинаас вагью бухууд авчирч вагью сүргийг бий болгосноор Испани дахь энэ махны зах зээлийг эзлээд байна. Бургосын вагью мах нь Испанийн хамгийн үнэтэй махны нэг болжээ.

Эх сурвалж: www.iprofesional.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn