Хамгийн жаргалтай улс оронд амьдрахад сөрөг тал бий юу?

Дэлхийн хамгийн аз жаргалтай улс орнуудын жагсаалтыг хараад та атаархдаг бол түр азнаарай, жаргалтай нийгэм бас өөрийн сөрөг талыг агуулдаг гэнэ.
Хамгийн жаргалтай улс оронд амьдрахад сөрөг тал бий юу?
(KAL VISUALS/Unsplash)

Дэлхийн улс орнуудын хөгжлийг "аз жаргалын индекс" хэмээх шинэлэг аргачлалаар хэмжих нь сүүлийн жилүүдэд улам түгээмэл болж, жил бүр шинэчлэгддэг энэ жагсаалтыг олон хүн сонирхон ажигладаг болсон. Түүгээр зогсохгүй жагсаалтын эхэнд орсон улс орнуудыг атаархан харж, тэнд амьдардаг болоосой хэмээн шүүрс алдах хүн олон байдаг биз ээ.

Тэгвэл саяхан Scientific Reports сэтгүүлд үүнтэй холбоотой нэгэн сонирхолтой судалгааны үр дүн нийтлэгджээ. Дэлхийн хамгийн аз жаргалтай улс оронд амьдрах нь нөгөө талаараа хувь хүнд дарамт болдог гэдгийг саяхан хийгдэж дууссан уг судалгаа харуулж байна. Учир нь аз жаргалтай хүмүүсээр дүүрэн нийгэмд амьдарч буй хүн бас аз жаргалтай байх шаардлагатай тулгардаг бөгөөд энэ нь эргээд тухайн хүнд дарамт учруулж, улмаар сэтгэл зүйн хувьд зовлон зүдүүрийн шалтгаан болдог аж.

Анхандаа Австрали, АНУ-ын иргэд дээр хийсэн судалгааны дүнд дээрх дүгнэлтэд хүрсэн ба үүнийгээ лавшруулахын тулд судалгаагаа өргөжүүлэн 40 орны 7,443 хүн дээр явуулахад мөн адил дүгнэлтэд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, зовж шаналахгүй байх, аз жаргалтай байх шаардлага хэрэгцээг эргэн тойрноосоо мэдрэх тусам амьдралдаа сэтгэл дундуур болох, сөрөг сэтгэл хөдлөл илүүтэй илрэх, сэтгэлийн дарамтад өртөх үзэгдэл судалгаанд оролцогчид дээр бүгдэд нь харагдаж байжээ.

Энэ үзэгдлийг улс орнуудаар нь ангилж харахад бүр ч сонирхолтой дүр зураг ажиглагдсан гэнэ. Аз жаргалын индексээр дээгүүр ордог орны иргэд, тухайлбал Дани улсын иргэдэд аз жаргалтай байх шаардлага илүү өндөр байж, тэр хэрээр сэтгэл зүйн эрүүл мэнд муу байх нь түгээмэл байсан байна. Эндээс, нийгмийн ерөнхий аз жаргалын түвшин ба хувь хүний сэтгэл санааны байдал хоёр хоорондоо урвуу хамааралтай байгаа нь тодорхой харагджээ. Гэхдээ мэдээж хэрэг тухайн нийгмийн дундаж иргэн бүхэн ийм асуудалтай тулгардаг гэсэн үг биш юм.

Ийм үр дүн гарсантай холбоотойгоор улс орнуудын нийгмийн сайн сайхан байдал, хөгжлийг хэмжих арга барилаа эргэн харахыг уг судалгааг хийсэн эрдэмтэд санал болгожээ. Тодорхой хэлбэл, нийгмийн гишүүд нь хэр зэрэг баяр жаргалтай байгаагаар л зөвхөн улс орнуудын аз жаргалын индексийг гаргах бус мөн хүний амьдралд тохиолдох олон янзын үйл явдал, тохиолдлуудыг иргэд нь хэрхэн нээлттэй, тайван хүлээн авч чадаж байгаагаар нь бас хэмжих хэрэгтэй гэдгийг тэд хэлсэн байна.

Эх сурвалж: sciencealert.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn