Яагаад амандаа биш чанга дуугаар унших ёстой вэ?

Насанд хүрсэн хүмүүс уншиж эхлэхдээ толгой доторх хувийн, чимээгүй ертөнц рүүгээ умбадаг. Тэгвэл чанга дуугаар унших нь ямар ач холбогдолтой юм бол?
Яагаад амандаа биш чанга дуугаар унших ёстой вэ?

Түүхийн ихэнх цаг үед унших гэдэг нь тун ч чимээтэй ажил байжээ. Эртний Ирак, Сирит 4000 жилийн тэртээх шавар самбар дээр унших гэдэг үг нь “чанга хэлэх” эсвэл “сонсох” гэсэн утгатай байв. Дээрх үед хамаарах нэгэн захианд “Би маш чухал мэдээ илгээж байна. Энэ самбарыг сонсох тун. Хэрэв таалалд нь нийцвэл хаанд энэ мэдээг сонсго” гэжээ.

Ховор тохиолдолд эдгээр самбарт “харах” гэдэг үгээр амандаа уншихыг тэмдэглэсэн байдаг.

Шавар самбар

Орчин үед амандаа унших нь байдаг л зүйл. Номын сан, сургууль дээр аливаа текстийг амандаа уншдаг. Харин хүүхдээ унтуулахдаа үлгэр ярьж өгөх, бичсэн илтгэлээ хүмүүст хүргэхдээ бид чанга дуугаар уншдаг.

Гэвч өсөн нэмэгдэж буй олон тооны судалгаанаас харахад бид чангаар уншихын ач холбогдлыг анзааралгүй өнгөрөөдөг. Эрт цагийн чангаар унших арга нь ой санамжийг сайжруулах, нарийн төвөгтэй бичвэрүүдийг ойлгох, хүмүүсийн хоорондын сэтгэл хөдлөлийн холбоог бэхжүүлэх зэрэг олон давуу талтай.

Шүлэг, дууны үгийг тогтооход яагаад амархан байдаг юм бол?

Орчин үед чангаар уншихаа больсон мэт боловч бидний бодсоноос түгээмэл ашиглагддаг хэвээр байна. Бид ихэнхдээ ойлгомжгүй үг, өгүүлбэрийг ойлгохын тулд өөрөө ч анзааралгүй чангаар давтаж хэлдэг. Канадын Ватерлоогийн их сургуулийн сэтгэлзүйч Колин Маклеод чангаар унших нь ой санамжид ямар нөлөө үзүүлдэг болохыг сайтар судалжээ. Маклеод болон түүний хамтран зүтгэгчид үг, бичвэрийг амандаа уншсанаас илүү чангаар уншвал илүү сайн тогтоодог гэдгийг харуулсан байна.

Чангаар уншихын энэхүү үр нөлөө нь ялангуяа хүүхдүүдэд хүчтэй байдаг ч ахимаг насны хүмүүст ч мөн адил үр дүнтэй. Түүний хэлж байгаагаар "Чангаар унших нь бүх насныханд ашигтай".

Олон шашинд чанга дуугаар уншдаг номлол, адислал байдаг.

Маклеод энэ үзэгдлийг “үр бүтээлийн эффект” (production effect) гэж нэрлэсэн. Чангаар унших үед текстийг илүү сайн ойлгож, тогтоодгийг энэ эффектээр тайлбарладаг. Энэ ойлголтыг давтсан олон судалгаа сүүлийн арван жилд хийгджээ.

Австралид хийсэн нэгэн судалгаагаар 7-10 насны бүлэг хүүхдүүдэд үгийн жагсаалт өгч заримыг нь амандаа, заримыг нь чангаар уншихыг хүссэн байна. Дараа нь тэд чангаар уншсан үгсийнхээ 87%-ийг зөв таньсан ч амандаа уншсан үгсийн дөнгөж 70%-ийг л таньсан байна.

Өөр нэг судалгаагаар 67-88 насныханд ижил төстэй даалгавар өгсөн ба үгсийг амандаа эсвэл чангаар уншсаны дараа санаж байгаа үгсийг нь цаасан дээр бичүүлсэн байна. Тэд чангаар уншсан үгсийнхээ 27%-ийг, амандаа уншсан үгсийнхээ дөнгөж 10%-ийг эргэн санаж байв. Тэднээс уншсан үгсээ таньж байгаа эсэхийг асуухад чангаар уншсан үгсийнхээ 80%-ийг зөв тодорхойлж чадсан ч амандаа уншсан үгийн дөнгөж 60%-ийг л хэлж чаджээ.

Чангаар унших нь ой санамжтай холбоотой өвчнийг илүү тодорхой болгож, эрт илрүүлэхэд тустай байж магадгүй.

Чимээгүйхэн амандаа бувтнахад хүртэл ярьж байгаа зүйлээ сайн тогтоодог. Ариэлийн их сургуулийн судлаачид санах ойг сайжруулах энэ нөлөө нь хэл ярианы бэрхшээлтэй, чангаар уншсанаа бүрэн илэрхийлж чаддаггүй хүмүүст ч бас үр дүнтэй болохыг мэдэж авчээ.

МакЛеодын хэлснээр хүмүүс яагаад чанга хэлсэн үгсээ санаж байгаагийн нэг шалтгаан нь "чанга хэлэх үед үгс илүү тод, бусдаасаа ялгардаг учир энэ нь ой санамжийг сайжруулах үндэс болж өгдөг" гэжээ.

Ойлгохгүй байгаа текстээ чанга дуугаар уншиж үзээрэй.

Бид ерөнхийдөө өвөрмөц, ер бусын үйл явдлууд, түүнчлэн өөрөө оролцсон үйл явдлуудыг эргэн санахдаа илүү сайн байдаг. Жишээлбэл, асуултын хариуг өөрөө бодож олбол илүү сайн санадаг бөгөөд энэ үзэгдлийг “үүсгэх эффект” (generation effect) гэж нэрлэдэг. Үүний нэгэн адил, хэрэв хэн нэгэн танаас "бяцхан хүн, өлгийд унтдаг, "х" үсгээр эхэлдэг юмыг юу гэж нэрлэдэг вэ гэсэн асуулт асуувал та хүүхэд хэмээн өөрөө бодож олоод хариулбал илүү сайн санах болно.

Үгсийг үйл явдалтай уялдуулан цээжлэх өөр нэг арга бол “бөмбөг ойж байна” гэж хэлэхдээ бөмбөг ойж байгаа дүр зургийг дотроо төсөөлөх явдал юм. Эдгээр нь үр бүтээлийн эффект нягт холбоотой бөгөөд санах ойд тухайн үгийг тодорхой үйл явдалтай холбосноор дараа нь сэргээн санахад хялбар болгодог.

Бид өөрсдийн бодож байгаагаасаа ч илүү чанга дуугаар уншдаг.

Бид өөрсдөө чангаар уншвал үр бүтээлийн эффектийн нөлөө хамгийн хүчтэй. Гэхдээ өөр хэн нэгний уншсаныг сонсох нь ой санамжид өөр талаар ашигтай байдаг. Италийн Перужиагийн их сургуулийн судлаачдын удирдсан судалгаагаар оюутнууд нийт 60 гаруй удаа мартах эмгэгтэй ахмад настнуудад зохиолын түүвэр уншиж өгчээ.

Сонсогчид уншлагын дараа санах ойн тестийг өмнөхөөсөө илүү сайн гүйцэтгэсэн нь сонссон түүхүүдээ өөрсдийн дурсамж, төсөөлөлдөө холбодгоос үүдэлтэй. Мөн тус уншлага нь мэдэж авсан зүйлээ бодол санаандаа цэгцлэхэд нь тусалсан байж магадгүй юм. "Аливаа түүхийг анхааралтай сонсох нь мэдээллийг илүү эрчимтэй, гүнзгий боловсруулахад хүргэдэг бололтой" гэж эдгээр судлаачид дүгнэжээ.

Хүүхдэдээ чанга дуугаар юм уншиж өгөх нь тэдний үгсийн сан болон хэл ярианы хөгжилд тустай.

Чанга унших нь мартах өвчний зарим асуудлыг илүү тодорхой болгож, ийм асуудлыг эрт илрүүлэхэд тустай. Нэг судалгаагаар эхэн үеийн Альцгеймерийн өвчтэй хүмүүс чангаар уншихдаа алдаа гаргадаг болохыг тогтоосон байна.

Бид чангаар уншихын ач тусыг зөн совингоор мэддэг бөгөөд энэ техникийг бодож байгаагаас илүү ашигладаг болохыг нотлох нотолгоонууд олон бий.

Лондоны их сургуулийн коллежийн насанд хүрэгчдийн бичиг үсэг судлаач Сэм Дункан 2017-2019 онд Их Британи даяар 500 гаруй хүний дунд хоёр жилийн хугацаатай судалгаа явуулж, тэд хэзээ, хэрхэн чангаар уншдаг болохыг олж мэджээ.

Ер бусын байх тусмаа бид тэр үйл явдлыг санахад амар байдаг.

Түүний хэлж байгаагаар "Насанд хүрэгчид чангаар унших нь хэвийн зүйл. Энэ бол зөвхөн хүүхдүүдийн хийдэг эсвэл амандаа уншиж чаддаггүй хүмүүсийн хийдэг зүйл биш" гэжээ.

Заримдаа бид бусдыг хөгжөөхийн тулд инээдтэй зурган шоглоом (meme), текстийг чангаар уншдаг. Бусад нь итгэл бишрэлийн шалтгаанаар залбирал, адислалыг чангаар уншдаг. Зохиолч, орчуулагчид нооргоо өөрсдөдөө уншиж зохиолын үйл явдлын нийцэл, уялдааг ойлгох гэдэг. Хүмүүс мөн хүнд агуулгатай, нарийн дүрслэлтэй бичвэрүүдийг ойлгохын тулд чангаар уншдаг. Энгийнээр бол ямар ч текстийг сайн ойлгомоор байгаа бол яаралгүй, тайван чангаар уншиж, сонсох хэрэгтэй.

Хэрэв чангаар унших нь ийм ашиг тустай юм бол хүмүүс яагаад амандаа уншихыг илүүд үздэг бэ?

Дунканы судалгаанд хамрагдсан хүмүүсийн хувьд чангаар унших нь баяр баясгалан, тайтгарал, харьяалагдах мэдрэмжийг өгдөг гэжээ. Зарим хүмүүс өвчтэй эсвэл үхэх нь тодорхой болсон нөхдөдөө зориулан чангаар юм уншиж өгдөг бөгөөд энэ бол тэдний "хамтдаа хаа нэгтээ зугтах арга" байдаг.

Жишээ нь, нэгэн эмэгтэй ээжийгээ Уэльс хэлээр шүлэг уншиж, түүнтэй ярилцдаг байсныг санажээ. Ээжийгээ нас барсны дараа уг эмэгтэй түүнтэй өнгөрүүлсэн сайхан дурсамжаа сэргээхийн тулд Уэльсийн яруу найргийг чангаар уншиж эхэлсэн байна.

Биднийг орхин одсон хайртай хүмүүсийнхээ хэлсэн, дуулсан бүхнийг яг л өчигдөр мэт санах тохиолдол бий.

"Хэн нэгэн чангаар юм уншиж (үлгэр, түүх ярьж өгөх гэх мэт) өгөх үед танд тэд өөрсдийн цаг хугацаа, анхаарал халамж, дуу хоолойгоо бэлэглэж байгаа мэт мэдрэмж төрсөн тухайгаа ярьсан оролцогчид байсан" гэж Дункан бичжээ.

"Бид хүүхдүүдэд чангаар үлгэр, түүх уншиж өгөхдөө тэдэнтэй илүү ойр дотно болж байгаагаа олж хардаг боловч насанд хүрэгчид үүнийг төдийлөн тоодоггүй"

Хэрэв чангаар унших нь ийм ашиг тустай юм бол хүмүүс яагаад амандаа уншихыг илүүд үздэг бэ? Энэ асуултын хариулт Ойрх Дорнодоос олдсон “cuneiform” бичгээр бичсэн өнөөх шавар самбаруудыг бүтээсэн бичээч нарт байж болох юм.

Түүхийн туршид бичээчид бичвэрийг буулгах илүү хурдан бөгөөд илүү үр дүнтэй аргыг боловсруулахыг хичээсээр ирсэн. Норвегийн Бергений их сургуулийн когнитив археологич Каренлэй Оверманны бичсэнээр өмнөх түүхэнд хурдан бичнэ гэдэг нэн чухал зүйл. "Ингэж амандаа унших нь бодол санааны хурдтай таарч хугацаа хэмнэдэг". Харин чанга унших нь цаг их авдаг.

Оверманн "Амандаа унших чадварын давуу тал бол ямар ч текстийг хурдан унших боломжтой болгодог. Чанга унших нь таны унших чадварын хурдыг удаашруулдаг" гэжээ.

Өнөөгийн бидэнтэй адил эртний бичээчид ч мөн хоёр өөр унших аргатай байх дуртай байсан бололтой.

Францын ассирологич (ассирын иргэншил судлаач) Доминик Шарпин эртний бичиг үсгийн тухай "Вавилоны үеийн унших ба бичих зан үйл" номдоо Хулалум хэмээх бичээчийн захидлыг иш татсан бөгөөд энэ захианд амандаа хурдан унших тухай гардаг. Хүлалум тухайн нөхцөл байдлаас шалтгаалан “харах” (өөрөөр хэлбэл амандаа унших) болон “хэлж/сонсох” (чанга унших) хоёрыг хооронд нь сольж хэрэглэсэн бололтой.

Захидалдаа тэрээр шавар дугтуйг онгойлгосон тухай бичжээ. Месопотамчууд самбаран захидлыг бусдаас нууцлахын тулд ийм нимгэн шавар дугтуй дотор хийдэг байсан бөгөөд хаан л зөвхөн энэ мэдээг сонсох (унших) ёстой гэж итгэдэг байсантай нь холбоотой юм.

Эртний бичээчид чангаар уншихын ашиг тусыг мэддэг байсан болов уу?

Хулалумын бичсэнээр “Энэ захидал [өөр хэн нэгэнд] бичигдсэнийг би харсан, тиймээс хаан үүнийг сонсох (унших) шаардлагагүй”

Эртний бичээчид өнөөгийн бидэнтэй адил хоёр өөр унших аргатай байх дуртай байсан бололтой. Нэг нь хурдан, чимээгүй бол нөгөө нь удаан, чимээтэй хэр нь уншсанаа тогтооход тустай.

Бидний бусадтай харилцах харилцаа, авч буй мэдээллүүд дэндүү хурдан, түр зуурын шинжтэй байгаа өнөө үед чангаар уншихад илүү их цаг гаргах нь өөрийгөө хөгжүүлж, уншиж байгаа текстээ сайн ойлгоход тань туслах болно. Магадгүй та энэ нийтлэлийг чанга дуугаар уншаад дээрх үр дүнгүүдийг туршиж үзээрэй.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn