Л.Дамба: Тухайн үед нээрээ л дайн байлдаан болох юм шиг бодож албаа хааж байсан

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүссэний 101 жилийн ойн өдрийг тохиолдуулан одоогоос 30 жилийн өмнө Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 0129 дүгээр ангийн 0223 дугаар салбарт байлдагчаас Монголын Хувьсгалт Залуучуудын эвлэлийн үүрийн даргын алба хүртэл дэвшин, гурван жилийн цэргийн алба хаасан Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэн Л.Дамбатай тухайн үеийн дурсамжийг нь хуваалцан ярилцлаа.
Л.Дамба: Тухайн үед нээрээ л дайн байлдаан болох юм шиг бодож албаа хааж байсан

Танд "Монгол цэргийн баяр"-ын мэнд хүргэе. Таны, байлдагчаас Монголын Хувьсгалт Залуучуудын эвлэлийн үүрийн даргын албыг хаах болсон түүхээс яриагаа эхлэх үү ?

Баярлалаа. Миний бие Хилийн цэргийн 0129 дүгээр ангийн байлдагчаас жагсаалын дарга, тасгийн дарга, заа тэгээд Монголын Хувьсгалт Залуучуудын эвлэлийн үүрийн дарга хүртэл дэвшин ажиллаж байсан. Тухайн үед түрүүч цолтой байлаа. Ингэж дэвшин ажиллах болсны шалтгаан нь их энгийн л дээ. Цэргийн албандаа дурласан байлдагч байсан төдий. Цэргийн албандаа "албатай" мэт ханддаггүй байсан. Хүн дуртай ажлаа хийхэд өсөн дэвших, амжилт гаргах боломж нэмэгддэг л гэж боддог доо.

Одоогоос 30 жилийн өмнөх цэргийн ангийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг байсан нь их сонирхолтой санагдаж байна ?

Өглөө зургаан цагт босоод өглөөний гүйлт, гимнастиктаа гараад л өдөр эхэлнэ шүү дээ. Хоолондоо орсны гурав гурваараа хилийн манаандаа гардаг байлаа. Өвөл бол тэмээгээр, хавар намартаа мориор явж хилээ манадаг байсан. Хилийн манаанд гараагүй цэргийн анги дээр үлдсэн цэргүүд малаа маллах, хашаа хороогоо цэвэрлэх, цэвэрлэгээ хийх зэргээр аж ахуйн ажлаа хийгээд үлддэг байсан.

Тухайн үеийн цэргийн ангийн бэлтгэл сургуулилт хэрхэн өрнөдөг байсан бол?

Өглөө бүр дасгалтай, бэлтгэлийн бэлэн байдалд байдаг байсан. 14 хоног тутамд 15 километрийн марш тактикт гүйдэг байлаа. Би 20 буу үүрээд сонс /бүтэн эргэх/ эргэдэг байсан. Залуу байхад ч эрч хүчээр цатгалдаж явжээ. Сонс эргэхээрээ "од" болж байсан /инээв/. Сонс эргэхээс гадна буудах дуртай байсан. Хоёр удаа онц буудагчаар шагнуулж байлаа. Тухайн үед нээрээ л дахиад дайн байлдаан болох юм шиг бодож бэлтгэл сургуулилтаа хийдэг байсан. Эх орон дуудвал цээжээрээ хамгаална гэж ярьдаг шижигнэсэн залуустай мөр зэрэгцэн алба хааж явлаа. Амьдралын минь сайхан дурсамжуудын ихээхэн хэсэг хилийн цэргийн албанд зүтгэсэн гурван жилд шингэж, багтаж үлджээ.

Хилийн цэргийн ангид алба хаахын сайхан нь юу байв. Хүнд хэцүү үе ч тохиолдож байсан байх ?

Миний хувьд албандаа дуртай цэрэг байсан болохоор хэцүү хүнд гэхээсээ илүү дурсамжтай сайхан үе л тод санагдаж байна. Хээрийн сургуулилтад 18 аймгийн цэргээ командлаад явж байх л их сайхан. Цэргүүдээ хариуцан бэлтгэлд гарч ирээд мөр зэрэгцэн алба хааж яваа нөхдийнхөө урд гараад дарга нартаа илтгэл өгөх бол хэзээ ч мартагдахгүй сайхан дурсамж болж үлдсэн байна. Одоо тэр үеийг бодохоор бүтэн амьсгаа авч байгаа юм шиг уужирдаг. Тэрнээс гадна цэргийн морьдыг уурганд сургасан үе ч их сайхан. Морь уургалах авьяастай, алдартай цэрэг байлаа.

Бүтэн гурван жил цэргийн алба хаах хугацаанд хөгжилтэй, хөгтэй явдал их л тохиолдоно биз ?

Хөгтэй явдал их л тохиолддог байсан санагдаж байна. Хувцсаа солих, өглөө сэрэх, орой унтахад хөглөх явдал бишгүй гарна. Тухайн үед бүтэн сайн өдөр болгон аймаг аймгаараа хоол хийдэг байсан. Тэр их гоё. Орой нь үдэшлэг зохиодог байлаа. Нэг удаа оройн үдэшлэг дээр кино дүрд тоглох боллоо. Зэрэг нэмэхийн өмнө киноны Долдойн дүрд тоглож байгаад халтирч унаад нүүрээ халзалж байсан юм. Унахтай зэрэгцээд заал дүүрэн инээдэм болж байсан. Тухайн үедээ их л инээдтэй, хөгтэй явдал болж байсан юм.

Цэргийн албанаас оргох тохиолдол гарч байсан уу?

Оргохыг завдсан, оргосон тохиолдлууд гарч байсан. Дарга нартай явж, оргосон цэргийг буцаан авч ирэх үе ч байсан. Нэг удаа оргосон цэргээ цэргийн ангидаа буцаан авч ирээд, хоол унд өгч, сэтгэл санаагаар дэмжиж, бэлтгэл сургуулилтад нь тусалж байсан. Сүүлд тэр цэрэг маань албандаа их дуртай болж, тасгийн дарга болтлоо дэвшиж, эвлэлийн үүрийн хурал дээр цэргийн алба хааж байгаадаа бахархалтай байгаа тухайгаа ярьж, нэр төртэйгөөр албаа хаагаад халагдсан.

Цэргийн албаа нэр төртэйгөөр хаасныг нь төр засаг үнэлж, урамшуулаасай гэж хүсдэг үү ?

Яалаа гэж. Би үүрэгт албаа өөрийн хүслээр нэр төртэйгөөр хаасан. Тухайн үед хичээл зүтгэлийг минь үнэлж урамшуулсан удирдлагууд, олон нөхдийн магтаал сайшаал хамгийн том шагнал болсон.

Гэрээ, гэр бүлээ санадаг байсан уу. Тухайн үеийнхээ хайр дурлалын талаар хуваалцвал ?

Тухайн үед эхнэртэйгээ танилцаагүй, ганц бие залуу явсан. Харин шинэхэн цэрэг болж очоод цэргийн карантины 45 хоногийн хугацаанд гэрээ, аав ээжийгээ их санаж байсан. Ойр ойрхон захиа бичдэг байлаа. Цэргийн карантинаар цэргийн алхаагаар алхаж гишгэж, дуулж, жагсаж, тангараг дүрмээ заалгаж, цээжилж, тэвчээр хатуужлаа шалгуулж, жинхэнэ цэрэг байх ухаанд суралцаж 45 хоног өнгөрсний дараа цэргийн амьдралдаа, албандаа дурлаж гэрээ санах гэдгийг мартсан даа. Сүүлдээ захиа бичих маань ч цөөрсөн.

Цэргийн алба хаасан нь таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ ?

Би багаасаа их туранхай, бие бялдрын хөгжил муутай хүүхэд байсан. Сургуульд байхдаа биеийн тамирын хичээлдээ сонирхолгүй, аль болох хойш суух гэдэг сурагч байлаа. Харин өнөөдөр 60 нас гарсан би гүйж харайгаад явж байгаа минь 30 жилийн өмнө хилийн цэргийн ангид алба хаасны гавьяа гэж боддог. Цэргийн алба хааж байх үедээ хэзээ ч сонирхож байгаагүй самбо бөхөөр барилдаж, морь унаж, хил манаж, өглөө бүр гүйж харайж, хээрийн бэлтгэлд гарч, олон аавын хөвгүүдтэй сорилт бэрхшээлийг туулж, гурван жилийн турш тогтмол бэлтгэл, дасгал сургуулилттай байснаар туранхай сулбагар хүү тэвчээр хатуужилтай, бие бялдар чийрэг эр болтлоо бие төрхөөрөө ч бодол санаагаараа ч төлөвшсөн. Үүнээс илүү сайхан нөлөөлөл гэж юу байхав. Бие сэтгэлийн тэвчээр хатуужил, тэнхээ ухаан олох гэж л цэргийн албанд очдог юм шиг санагддаг.

Өнөөдөр "Монгол цэргийн баяр"-ын өдөр тохиож байна. Энэ өдөр танд юу бодогддог вэ. Ямар мэдрэмж төрдөг вэ?

Энэ өдөр миний хувьд их чухал. Цэргээс халагдаж ирсний дараахан ч тэр өнөөдөр ч тэр ялгаагүй догдолж сууна. Гурван арван жил өнгөрсөн ч тухайн үеийн дурсамж өчигдөр юм шиг тод санагдаж байна. Энэ өдөр цэргийн алба хааснаараа бахархаж, тэртээх сайхан он жилүүд, цаг үе, цэргийн нөхдөө санаж, дурсдаг. Олон аавын хөвгүүдтэй нөхөрлөж, командлаж яваа маань нүдэнд харагддаг. Энэ тухайгаа ил гаргаж, хэн нэгэнд ярьж байгаагүй. Дотроо бодож, ганцаараа баярлаж, өөртэйгөө ярьж, сайхан цаг үеэ төсөөлдөг. Хүн дурсамжиндаа амьдардаг амьтан гэж үнэн бололтой юм. Цаг хугацаа өнгөрөх тусам хэдэн арван жилийн өмнөх сайхан үйл явдлууд бүдгэрэх биш бүр тодордог юм байна. Энийг хэдэн арван жилийн амьдрал туулсан хүмүүс илүү сайн ойлгох байх.

Сүүлийн үеийн залуус дунд цэргийн албанаас зайлсхийх тохиолдол ажиглагдах болсон. Энэ талаар та юу гэж боддог вэ. Ер нь хойч үе, залуустаа хандаж юу гэж хэлмээр байна ?

Хүнийг эцэг эх нь хүмүүжүүлдэг бол эр хүнийг эцэг эхийн нэгэн адил эр цэргийн алба дахин хүмүүжүүлдэг гэж боддог. Цэргийн алба эр хүнийг тэвчээр хатуужилтай, ухамсартай, ухаантай иргэн болгон төлөвшүүлэхэд их хувь нэмэр оруулдаг. Бидний үед бүхэл бүтэн гурван жил цэргийн алба хаадаг байсан. Харин одоо хугацаат цэргийн албыг нэг жил хааж байна. Залуус цэргийн албыг суралцах, хөгжих, төлөвших боломж гэж харах хэрэгтэй. Түүнээс гадна олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн алба хааж, нөхөрлөх хэчнээн сайхан гэж санана. Тэнд бужигнасан олон залуус эх орноо хамгаалах их үйлсэд бэлтгэгдэж, бие биенээсээ урам зориг авч, суралцаж, хөгжилдөж, хөглөж амьдралынхаа, залуу насныхаа хамгийн сайхан цаг үеийг өнгөрүүлдэг. Тэнд л жинхэнэ нийгэмшиж, төлөвшиж, тэвчээр хатуужил суудаг. Өлссөн, ядарсан, айсан, сандарсан өдөр бүрээсээ суралцаж өөрийгөө бүтээж байдаг юм. Тэгэхээр өөрийгөө бүтээхээс, олон сайхан найз нөхөртэй болохоос татгалзаж, хойш суувал харамсалтай шүү дээ. Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах журамт үүргээ дурлаж биелүүлээрэй л гэж захих байна.

Мөр зэрэгцэн алба хааж явсан нөхдөдөө хандаж хэлэх үгээр нь ярилцлагаа өндөрлөе.

0129 дүгээр ангийн дарга, хошууч Баатархүү, байлдааны бэлтгэл сургуулилтын дарга, ахмад Дурсгалжав, улс төрийн орлогч Эрдэнэбаатар, жагсаалын дарга Уртнасан болон 1982-1985 онд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 0129 дүгээр ангийн 0223 дугаар салбарт хилийн цэргийн алба хаасан нөхдөдөө орчин цагийн Зэвсэгт хүчин үүссэний 101 жилийн ой, "Монгол цэргийн баяр"-ын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсье.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn