Дугуйтай гэр бүлийн зөвлөгөө

Түгжрэл ихтэй Улаанбаатар хотод унадаг дугуй хамгийн тохиромжтой унаа мэт. Гэвч хүйтний улирал, дугуйн зам, шороо тоос гэх мэт олон шалтгааны улмаас 4 дугуйтаа хоёроор солих зоригтой хүн ховор. Харин Дугуйтай гэр бүлийнхний хувьд унадаг дугуйг үндсэн тээврийн хэрэгслээ болгоод нэлээдгүй удаж байна.
Дугуйтай гэр бүлийн зөвлөгөө
Дугуйтай гэр бүл

"Ямар нэгэн хөдөлгүүрээр биш яг өөрийнхөө хүчээр энгийн алхахаас хамаагүй хурдан явж чаддаг. Нийтийн тээврээр зорчихдоо гаж донтнууд, хулгайчаас их айдаг байсан. Тийм айдасгүйгээр би хүссэн газартаа маш эрх чөлөөтэй, байгальд ээлтэйгээр хүрдэгтээ дуртай. Хурд, эрх чөлөө, эрүүл байна, чадаж байна гэсэн мэдрэмжүүд ер нь их сайхан" гэж Дугуйтай гэр бүлийн ээж С.Анударь ярьсан юм. Гурван хүүхэдтэй энэ гэр бүлийн гишүүн бүр нь ажил, хичээлдээ дугуйгаар явдаг. Тэд ням гараг бүр МҮОНТелевизээр цацагдаж буй “Агаараар гүйцгээе” нэртэй цуврал нэвтрүүлгээрээ унадаг дугуй бол зөвхөн хобби, спорт төдий бус хүн бүрд хүртээмжтэй тээврийн хэрэгсэл, амьдралын хэв маяг гэдгийг сурталчлан таниулсаар байгаа юм. Унадаг дугуй нь уур амьсгалын өөрчлөлтөд өртөөд байгаа эх дэлхийгээ аврах ногоон төлөвлөгөө, шийдлийн нэг хэсэг хэмээн үздэг тэдний гэр бүлээс Улаанбаатар хотод дугуйгаар зорчиход юуг анхаарах хэрэгтэйг тодрууллаа.

  • Хөдөлгөөнд оролцохын өмнө дугуйгаа чөлөөтэй унаж чаддаг, явж байхдаа эргэн харж, тэнцвэрээ хадгалж сурсан байх шаардлагатай.

  • Өөрөөс биш гэхэд өрөөлөөс болж гэмтэх тохиолдол гардаг учраас бээлий, толгойн хамгаалалт /каск/, өвдгөвч заавал зүүгээрэй.

  • Хэрвээ дугуйн зам байхгүй тохиолдолд явган хүний замаар явах нь илүү аюулгүй. Ингэхдээ явган зорчигчдыг айлгаж цочоохгүй, шүргэх төдий ч хүрч болохгүй.

  • Бага насны хүүхэд гэнэт ямар нэгэн үйлдэл хийх магадлалтай учраас хажуугаар нь хурдаа хасаж гарна.

  • Автобусны буудал эсвэл хүн бөөгнөрсөн газраар түрж явах нь илүү амар байдаг.

  • Машин замаар явахын тулд дугуйныхаа характерыг мэддэг, жолоочид дохио өгч эргэж сурсан, анзаарагдахуйц тод хувцастай, шөнийн цагаар бол гэрэлтэй, гэрэл ойлгогчтой хувцас хэрэгсэлтэй байх хэрэгтэй.

Биедээ эвтэйхэн хэр нь урт хормой, унжсан уяа багатай хувцас өмсөхгүй бол хигээс гинжинд орооцолдох эрсдэлтэй байдаг.
  • Дугуйнаас унах үед хөнгөн бэртэхийн тулд техниктэй болох хэрэгтэй. Унаж байхдаа биеэ суллах, дугуйнаасаа зуурахгүй байх зэрэг өөрийн биеэ захирч, бага бэртэл авч сурах нь чухал.

  • Нар салхинд арьс түлэгдэх учир нарны тосыг мартаж огт болохгүй. Зуны улиралд хуруугүй бээлий өмсөх нь илүү дээр байдаг ч хурууны ил гарсан хэсэг бээлий доторх хэсгээс тэс өөр өнгөтэй болчихдог тал бий. Мотоциклын каскны дотор өмсдөг маск өмсвөл нүүрний арьсаа түлэгдэж харлахаас хамгаалж чадна.

  • Цас, бороо, салхи ихтэй эсвэл хэт халуун хүйтэнд дугуй унахаар бол нэмэлт хэрэгслүүдээ бэлтгэж, аюулгүй байдлаа заавал хангах ёстой.

  • Зам муу болохоор дугуй хагарах явдал нэлээд их тохиолдох болохоор гэрийнхээ ойр дугуйн засвар үйлчилгээ үзүүлж болох газруудыг мэддэг байх хэрэгтэй.

  • Эцэст нь "Хэзээ ч битгий яар! Бусдад саад болохгүй маш хариуцлагатай бай!"

Дугуй худалдаж авахдаа юуг анхаарах вэ?

Үнэ, чанар, эдэлгээ, техникийн боломж зэргээр ялгаатай маш олон янзын дугуйнаас "хэнтэй хамт хэрхэн хэрэглэх вэ" гэдгээ бодолцон сонголт хийгээрэй.

  1. Хамгийн эхэнд өөрийн биеийн хэмжээнд тохирсон дугуйг сонгоорой. Дугуй ч гэсэн размертай.

  2. Ямар зориулалтаар авах гэж байгаагаа тодорхойлох нь чухал. Засмалын дугуй авчихаад ууланд унаад байж болохгүй.

  3. Зөвхөн дугуйнаас гадна хамгаалалтын малгай, бээлий, амны хаалт (унадаг дугуйны), дугуйны гэрэл, жижиг цацруулагч (биедээ бэхэлдэг эсвэл дугуйндаа бэхэлдэг), хонх гэх мэт нэмэлт хэрэгсэл авах төсөвтэй яваарай.

  4. Дугуйгаа хадгалах газар бэлтгэх. Хадгалахад амар дугуй сонгох эсвэл хадгалах хэсэгтэй болох шаардлагатай.

  5. Монголд тэр дундаа Улаанбаатарт зарагдаж буй дугуйны дийлэнхийг уулын дугуй эзэлдэг ба борлуулагчид ч тийм дугуйгаа санал болгодог. Гэтэл заримдаа дугуйгаа өргөөд саадыг тойрох хэрэгтэй болно, лифт ажиллахгүй үед гэр рүүгээ өргөөд оруулах шаардлага гарна гэдгийг дугуй сонгохдоо бодолцоорой.

Удаан хугацаагаар дугуйгаа унахгүй хадгалахаар бол дугуйны хийг суллаж, гинж арааг нь шороо тоосонд дарагдахаас сэргийлэн хучиж, эд ангийг нь хамгаалах хэрэгтэйг мартаж болохгүй.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn