Чөлөөт уран бүтээлч болсон сэтгэгдэл-2

Чөлөөт уран бүтээлч. (ЧУБ) Саяхныг хүртэл энэ үгийг зураачид түлхүү ашигладаг гэж боддог байлаа. Урландаа тамхиа баагиулсан, адаар ааштай, авьяаслаг ах нар санаанд бууна. Тогтсон ажилгүй, хүмүүстэй баг болж чаддаггүй нөхөд өөрсдийгөө хаацайлахад хэрэглэдэг юм шиг нэг тийм сөрөг утгатай. Энэ бодол минь дэндүү ахархан бөгөөд олон залуусын мөрөөдлийн ажлыг энэ нэршил дотроо агуулдаг байж.
Зургийг:
Зургийг:visaguide.world

Оршил түүх

Хэдэн жилийн өмнөөс “Орчин үеийн манлайлагч нар ажилчдынхаа бүтээмжид анхаарах болсон” тухай мөрөөдлийн юм шиг утга агуулгатай нийтлэлүүдийг уншаад атаархдаг байж билээ. Цагт баригдахгүй, заавал албан өрөөнд цуглах шаардлагагүйгээр өөрийн хүссэн газраас, дуртай цагтаа хийж гүйцэтгэсэн ажлаа үнэлүүлээд цалингаа авдаг систем ирээдүйд хүчээ авна гэж уншихаар сайхан. Гэхдээ Монголд нутагших нь нэлээд хол байх даа гэж бодогдоно. “Өглөө зураг авалтын талбай руу шууд очъё” гэхээр зөвшөөрөхгүй, заавал оффис дээр очиж цагаа бүртгүүлчихээд зургандаа гардаг байсан болохоор аргагүй биз.

Хүүхэд асрах уртын амралтаа авснаас хойш чөлөөт цагаараа толгойдоо орсон янз бүрийн бодлуудаа бичдэг болов. Олон хүн уншихгүй ч медиум (medium.com) дээр нэг бичвэр дуусгачихаараа нээх их юм хийчихсэн хүн шиг хэдэн өдөр сэтгэл өөдрөг явна. Нэг өдөр найз минь “Чиний хийж чадах ажил байна, ийшээ бүртгүүл” гэлээ. Харвал сайтад сэтгүүлчийн ажил бололтой. Цахимаар хийж болмоор, дуртай үедээ бичвэр илгээгээд хийснээрээ цалинжих боломжтой. Сэдэв нь бас чөлөөтэй, юу ч бичиж болно. Ваав, нөгөө алс хол санагддаг байсан мөрөөдлийн ажил! Мэргэжлийн сэтгүүлч биш учраас өөртөө нэлээд эргэлзсэн ч зориглон мэйл явуулж орхив. Гайхалтай нь тэр хамт олон ямар нэг шалгуур тавихгүй, намайг найрсагаар эгнээндээ элсүүлсэн юм. Чөлөөт уран бүтээлчдийг дэмжих Монголын хамгийн анхны платформ presscenter.mn-ий нэг хэсэг болсон миний түүх нэг ийм.

ЧУБ болсноор:

Өмнө нь сонин, сэтгүүл, сайтад сэтгүүлчээр ажиллаж үзээгүй учраас редакцаас өгсөн үүрэг даалгаврын дагуу судалж, зочдынхоо араас хөөцөлдөн, түүнийгээ буулгах нь өөрийн дураар бичихээс хэр ялгаатайг хэлж мэдэхгүй юм. Сонсохнээ ЧУБ байх нь нэрнээсээ ч илт, дүүрэн эрх чөлөө гэх. Үнэхээр тийм. Хэн ч намайг хий гэж шаардаж хүчлэхгүй, хийгээгүй ч зэмлэл сонсохгүй. Гэсэн ч өөртөө шаардлага тавьж, зорилго төлөвлөгөө боловсруулан, түүндээ хүрэх гэж өөрийгөө шахаж идэвхжүүлэх зан чанарын хичээлд давхар суралцах болсон. Мөн бичвэртээ цаг гаргахын тулд гэрийн эзэгтэй, ээж хүний дуусахгүй их ажлыг дэг журамд оруулж, цагийн менежменттэй болох зэргээр зөвхөн бичих ур чадвараас гадна хувь хүн талаасаа хөгжиж байгаагаа онцолмоор байна.

Бүтэн цагийн ажилтан байхад амьдралынхаа хамгийн идэвхтэй, үр бүтээлтэй цагийг ажилдаа зориулж, түгжрэлээс шалтгаалан ирж очих замдаа олон цаг зарцуулах зэргээс болж "амьдрах" боломж хомс болчихдог. Ажлын төлөө төрчихсөн юм шиг өдрүүдийн дунд "Би яг юу хийгээд байна" гэж зогсоод нэг бодох боловч ахиад л нөгөө хэмнэл рүү хүссэн хүсээгүй орчихно. Яг үнэндээ ажил хэзээ ч дуусдаггүй. Тиймээс хажуугаар нь "амьдрах" хэрэгтэй гэдгийг тасралтгүй 8 жил ажилласныхаа дараа ойлгосон юм. Хайртай хүмүүстэйгээ хамт байхаас гадна хоббиндоо зориулах цаг гаргах нь бидний сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл санаанд тун чухал. Мэдээж энэ бүхнийг баланслах хэцүү боловч боломжгүй зүйл бол биш. Тэр тусмаа ЧУБ хүний хувьд илүү давуу байх. Орон дотроосоо, хүүхдээ хөхүүлж байхдаа ч ажлаа хийчих боломжтой учраас өөр зүйлд хангалттай цаг илүү гарна.

Ажлынхаа хажуугаар амьдрах...

Гэхдээ би энэ бичвэрээр таныг ажлаасаа гарч ЧУБ болоорой гэж уриалах гээгүй юм шүү. ЧУБ гэдгийг над шиг буруугаар ойлгодог хүн байгаа бол залруулахыг хичээж буй санаа. Цаг үе өөрчлөгдөж байна. Магадгүй бидний бодлоос ч хурдан. Үнэхээр алс хол мэт санагдаж байсан мөрөөдлийн ажлаа өнөөдөр би хийгээд сууж байна гэхээр итгэмээргүй ч юм шиг. Монголд минь ЧУБ-г дэмжих санаачилга эхэлж, амжилттай үргэлжилж байгаад талархаж байна. Зөвхөн нэгхэн хүний жишээгээр ийм олон давуу зүйлсийг дурьдаж байхад цаашид энэ хэлбэр хүчээ авбал хичнээн олон хүн аз жаргалтай амьдрангаа ажиллах вэ! Бидний ихэнх нь ажлынхаа хажуугаар амьдрах гэж хичээдэг.

ЧУБ-г дэмжих хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухайд:

Халуун тогоонд нь чанагдсан туршлага байхгүй учраас мэргэжлийн өнцгөөс хэлэх үг надад байхгүй. Гэхдээ үзэгч, уншигчийн хувиас харахад 150 гаруй эх сурвалжаас мэдээ, нийтлэл ирнэ гэхээр цар хүрээ, агуулга хэлбэр нь илүү өргөн, далайцтай байж таарна. Монголд одоо үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагууд хамгийн ихдээ л 20 сэтгүүлчтэй байх. Ихэнх нь түүнээс хэд дахин цөөн. Бодлого тодорхойлж буй хүмүүсийг нь тоолбол энэ тоо бүр багасна. Тэгэхээр бид хэдхэн хүний бичиж, боловсруулсан мэдээ мэдээллийг үзэж, харж, уншиж суудаг гэсэн үг. Харин presscenter.mn одоогийн байдлаар 150 гаруй ЧУБ-с ирсэн мэдээ нийтлэлийг дамжуулж байна. Олон эх сурвалжаас ирж байгаагийн хувьд олон талын утга агуулга, өнгө аяс, хэлбэр харагдана. Өөрөө ажиллаж байгаа учраас магтаж байгаа хэрэг биш, угаас цахим орчин дахь мэдээллийг ангилж салгадаг хүний хувьд анзаарагдаж байгаа ялгарлыг хэлж байгаа юм. Цаашдаа энэ ялгарал илүү тодорно гэдэгт итгэж байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn