Д.Булгантамир: Аавынхаа барьсан замаар явахад аавтайгаа уулзсан юм шиг л санагддаг

Бидний ихэвчлэн анзаардаггүй, анзаарахдаа сайнаасаа илүү муугаар хэлж ярьдаг салбар бол авто замын салбар. Тэд байгалийн хүнд нөхцөл, санхүүгийн саад бэрхшээл тулгарч байсан ч ажлаа хийсээр л байдаг. Бид замын компаниуд ийм тийм гэж ад үзэхээс биш дотор нь ажиллаж байгаа хүмүүсийн жаргал зовлонг мэдэх билүү?
Д.Булгантамир: Аавынхаа барьсан замаар явахад аавтайгаа уулзсан юм шиг л санагддаг
Д.Булгантамир

- Сайн байна уу? Би орон нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэдтэй ярилцаж, нийтэд түгээх сайн дурын ажлыг эхлүүлээд удаагүй байгаа юм. Надад таны ажил, мэргэжлийн талаар ярилцвал их сонирхолтой санагдаж байна л даа. Та өөрийгөө танилцуулахын хамт авто замын салбарын мэргэжлийг анх сонгож байсан түүхээсээ хуваалцана уу?

- Намайг Дагвасүрэнгийн Булгантамир гэдэг. Би 1980 онд Өвөрхангай аймагт төрсөн. Миний авто замын салбарыг сонгосон шалтгаан бол аавтай минь шууд холбоотой. Аав маань авто замын инженер мэргэжилтэй хүн л дээ. Монгол Улсад анх авто замын техникийн мэргэжилтнүүдийг Төмөр замын техникумд бэлдэж эхлэхэд суралцаж төгссөн анхны 19-ийн нэг Цэндийн Дагвасүрэн гэж хүн байлаа. Бага наснаасаа л аавыгаа дагаж зам дээр өссөн дөө. Төрсөн цагаасаа л авто замтай холбогдсон. Би гурван ах, нэг эгчтэй, бид нар бүгдээрээ л аав хаана зам барьж байна, тэнд нь төрж өссөн хүүхдүүд. Тийм болоод ч тэр үү, энэ авто замын салбар, мэргэжил ер нь сэтгэлд их ойр, хийж чадах ажил минь гэж бодоод л энэ мэргэжлийг сонгосон. Гурван үеийн хилчин, удам дамжсан цагдаагийн алба хаагч гэдэг шиг л удам дамжсан замын мэргэжилтэн болсон гэж хэлж болох юм байна.

- Сургуулиа төгсөөд анх ажлын талбай дээр гарч байсан дурсамжаасаа хуваалцаач? Одоо та авто замын салбарт ямар ажил алба эрхэлж байна вэ?

- Би 2003 онд сургуулиа төгсөөд Дорноговь АЗЗА буюу Дорноговийн авто замын засвар арчлалт ТӨХК-д инженерээр ажилд орж байлаа. Тэр онд Дорноговьд Равжаа хутагтын мэндэлсний 200 жилийн ой болж таараад аймгийн төвд их бүтээн байгуулалтын жил болсон юм. Яг тэр бүтээн байгуулалт, зам, талбайн барилгын ажил дээр дадлагаар ажиллаж байгаад 2 сарын дараагаас зам барих үндсэн ажлаа хийж эхэлж байлаа.

Тэгээд 2008 онд авто зам, замын барилга байгууламж барих, засварлах үйл ажиллагааны чиглэлтэй “Борхойн зам” ХХК байгуулан 14 дэх жилдээ ажиллаж байна. Анх хоёулаа эхэлж байсан үеийг бодвол одоо орон тооны 50 орчим ажилтан, найман инженер техникийн ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ жилийн хувьд манайх орон нутгийн компани гэхэд харьцангуй өргөн цар хүрээтэй, түүхэн бүтээн байгуулалтын ажлыг хүлээж аваад ажил ихтэй л өдрүүд үргэлжилж байна даа.

- Зам, талбайн бүтээн байгуулалтын ажлын онцлог, сайхан зүйл нь, цаашдын үр өгөөж нь юу байдаг вэ?

- Зам барина гэдэг бол их буянтай ажил гэж бодож явдаг. Мэдээж цаашдын үр өгөөж, улс орны хөгжил, эдийн засагт оруулах хувь нэмэр зэргийг хүн бүр ойлгож байгаа. Замгүй газар зам барьснаар Улаанбаатараас Замын-Үүдэд хонож ирдэг байсан бол хэдэн цаг давхиад ирэх боломжтой болох жишээтэй. Хувь хүний цаг зав, бусад боломж, эдийн засгийн хэмнэлт гээд дурдаж болох давуу тал олон бий. Түүнээс гадна зам, талбайн бүтээн байгуулалт бол байгаль, экологид ч эерэг нөлөө үзүүлж байдаг. Ер нь тэгээд зам дагаж хөгжил гэж ярьдаг шүү дээ. Хүний эрүүл мэнд, тав тух, цаг хугацаа хэмнэлт, машин техникийн эвдрэл гэмтэл, түлш шатахуун зарцуулалт, цаашлаад улс орны эдийн засгийн эргэлт гээд бусдад олгогдож байгаа боломжийн талаар олон сайхан жишээ дурдаж болохоор байна. Тэгээд л энэ бүхний дүнд их л сайхан буянтай бүтээн байгуулалт хийж, улс орон, хүн ардынхаа төлөө ажиллаж хөдөлмөрлөж байна даа гэсэн бодол их төрдөг дөө.

ажлын цагаар

Хэцүү л дээ...

- Авто замын барилга, засвар арчлалтын ажлыг эрхлэхэд техник, технологийн шинэчлэл, хөгжилтэй мөр зэрэгцэхийг л ихээхэн шаарддаг болов уу гэж хардаг. Монгол Улсын авто замын салбарын хувьд дэлхийн жишигт нийцсэн техник, технологийг тухай бүрд нь худалдан авч, хэрэглэж, ашиглаж чаддаг уу? Манай улсын авто замын салбарын техник, технологийн хөгжил ер нь ямар түвшинд байгаа вэ?

- Монголд одоогийн байдлаар улсын бүртгэлд бүртгэлтэй авто замын салбарын 400 гаруй компани байдгаас авто зам, гүүрний барилга угсралт, засвар арчлалтын чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг, техник, технологи, ажиллах хүчинтэй 200 гаруй компани байдаг. Эдгээр компаниуд бүгд л шинэ, хүчин чадал сайтай техник бусад технологийг тухай бүрд нь эх орондоо авчирч хэрэглэх хүсэл эрмэлзэлтэй ажилладаг. Харамсалтай нь манай салбарынхан тэр бүр гадаадаас үнэтэй техник бүрийг тэр дор нь шууд худалдаж авчраад ашиглаад байх боломж байдаггүй ч аль болох боломж, чадлаараа л технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахыг хичээдэг юм. Мэдээж чадал, боломж нь хүрээд технологийн асуудлаа тэр дор нь шийдээд явдаг үндэсний томоохон компаниуд ч бас бий шүү. \инээв\

Хэцүү л дээ. Таны асууж байгаа энэ техник, технологийн чадал нь өөрөө эргээд чанартай зам, талбай, гүүр барих үндсэн шалтгаан болж байдаг. Гэвч Монгол Улсад бидний ажлыг үнэлэх үнэлэмж бага байдаг юм. Маш энгийнээр тайлбарлавал ОХУ-д 1 км замыг 15,000 төгрөгөөр, БНХАУ-д 24,000 төгрөгөөр үнэлдэг байлаа гэж бодоход манайд 3,000 төгрөгөөр үнэлж байх жишээний. За тэгээд улсаас тендер аваад ажил эхэллээ гэж бодоход тухайн ажлыг гүйцэтгэх үеийн санхүүжилт удах, хугацаандаа ордоггүйгээс болоод түрээсэлж байгаа болон худалдан авч байгаа техникийн өр төлбөр, бараа материал, шатахуун, ажилчдын цалингаа хүртэл банк, ББС-аас зээл авч зохицуулах нь бүх л замын компанид хэвийн үзэгдэл болчихсон л доо.

Гэхдээ нэг үеэ бодвол манай улсын авто замын салбар их сайхан хөгжиж байгаа.

- Авто замын салбарын хүнээс асуулгүй өнгөрч болохгүй нэг асуулт бий л дээ. Дарханы замын бүтээн байгуулалт ямар шалтгаанаар удаж байгаа талаар та мэргэжилтэн хүний хувьд өөрийн байр сууринаас дүгнэлт хийвэл?

- Манай авто салбар нэр хүнд их муутай шүү дээ. \инээв\ Дарханы замын асуудлаас болж бүр л муудаж байх шиг байна. Манай компани Дарханы зам дээр 3 сар орчим ажиллаад буусан л даа. Миний хувьд энэ ажлын нарийн ширийнийг мэдэхгүй ч, хөндлөнгөөс харж ойлгосноороо дүгнэвэл, тухайн төслийг Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа. Азийн Хөгжлийн Банкны шалгуур их өндөр. Манайд тухайн шаардлагад нийцэх компани байдаггүй гэж хэлж болно. Тиймээс таван багц төслийг таван Хятад компани хэрэгжүүлэхээр авчихаж байгаа юм. Тухайн компаниуд бүгд л туслан гүйцэтгэгчээр Монгол компаниудыг гэрээгээр ажиллуулж байна. Хамгийн түрүүнд тулгамдсан асуудал ковид байсан болов уу гэж хардаг. Хил хаасны улмаас шаардлагатай тоног төхөөрөмж, инженер техникийн ажил гүйцэтгэх Хятадын мэргэжилтнүүд, хөрөнгө мөнгөө шийдвэрлэх эрх бүхий хүмүүс нь хүрэлцэн ирж чадахаа больсон. Түүнээс биш ковидоос өмнө тодорхой хэмжээний зам барьчихсан л байсан шүү дээ. Бас нэг асуудал нь Монгол Хятад компаниудын хоорондын үл ойлголцол их байна уу гэж харагддаг. Гүйцэтгэлээр гэрээний дагуу хөлс мөнгөө өгөхгүй байхад ажиллаад байна гэдэг бас хэцүү.

Харин чанарын асуудал дээр яривал технологийн хувьд бол сайн хийгдэж байгаа зам. Манайдаа л хамгийн сайн компаниуд тэр зам дээр ажиллаж байна. Сарын өмнө билүү бороо ороод зам эвдэрсэн талаар сошиалаар баахан л шуугьсан. Ямар ч бүтээн байгуулалт байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө унах, эвдрэх асуудал үргэлж гардаг. Хүний гараар бүтсэн бүхэн байгалийн хүчин зүйлийн өмнө тэсвэртэй байгаад байх боломжгүй шүү дээ. Харин ч тэр чинь зам сайн тулдаа суурь далан бүтээсэн ажил нь үлдчихсэн байгаа байхгүй юу. Түүнээс жоохон чанар муутай зам байсан бол аль хэдийн тэр чигээрээ далантайгаа урсаад явчихна.

Замчин

Хэзээ хойно үр хүүхдүүд нь хүртэл бахархана

- Авто замын салбарын хүний нөөцийг бүрдүүлж байдаг ажиллах хүчний талаар яриагаа үргэлжлүүлье. Авто зам барих ажил хүнд хүчир, бэрхшээл ихтэй байдаг талаар олон ч ярилцлага, нийтлэлээс уншлаа. Байгууллага удирдаж байгаа хүний хувьд яг энэ салбарт ажиллахын сайн муугийн талаар яриач?

- Авто замын салбарын хүнд хүчир нөхцөлийг хэн хүнгүй л ярьдаг боловч бас тэр чинээгээрээ ойлгож хүлээж авдаг нь ховор байдаг. Зам барих ажил хийж байгаа ажилчдын гэр бүлээс эхлээд үл ойлголцол, саад бэрхшээл их гарна аа. Улирлын чанартай ажил болохоор зуны халуунд, байгалийн янз бүрийн үзэгдэл дунд л ажлаа хийж байдаг. Гэр орондоо харихгүй олон хононо. Олон хүмүүс дотор тууштай ажиллаж чадах нэг нь ч байна, шантраад гарах нь ч байна.

Миний хувьд залуустайгаа нэг баг болж хамтын хүчээр ажиллах зарчмыг баримталж ирсэн. Манай байгууллага оршин тогтноно гэдэг чинь ганц Булгантамираас шалтгаалаад байдаг юм биш шүүдээ. Гар нийлэн ажиллаж байгаа хамт олны минь хүч хөдөлмөр л өдий зэрэгт хүргэнэ. Энэ залуус бас ганцхан миний төлөө эсвэл байгууллагынхаа төлөө ажиллаад байгаа юм биш. Өөрийнхөө, өөрийн гэр бүлийн төлөө л ажиллаж хөдөлмөрлөж, өсөн дэвшиж, суралцаж байна. Ажиллах хүчин урам зоригтой байж, хамт олон ажлаа нэг сэтгэлээр хийхийн хэрээр л бидний хийж буй ажлын цар хүрээ тэлж, байгууллагын техник, тоног төхөөрөмж, ажилчдын цалин хөлсний баталгаа хүртэл дээшилж байдаг гэдгийг хаа хаанаа мэддэг байх хэрэгтэй гэж боддог.

Цэргийн хүмүүс өргөсөн тангаргаа бодон эх орныхоо төлөө зүтгэдэг гэдэг шиг замчид бидний хувьд хамгийн сайхан зүйл бол бидний барьж байгуулсан замаар хэчнээн олон хүн явж, түүний үр шимийг хүртэх бол, бидний бүтээн байгуулалт олон хүнд, улс оронд минь хэчнээн хэрэгтэй бол гэх цаашдын үр өгөөжийг нь бодон бахархаж ажлаа хийдэг хүмүүс байдаг юм. Хэзээ хойно үр хүүхдүүд нь хүртэл бахархана шүү дээ. Би одоо аавынхаа барьсан замаар явах бүрдээ үргэлж бахархдаг. Аавтайгаа уулзсан юм шиг л сайхан мэдрэмжийг төрүүлдэг.

Түүнээс гадна бидний ажлыг ойлгож хүлээж авдаг гэр бүл байх нь бас чухал. Өдөржин халуун наранд шороо тоос, цемент шохойтой зууралдаж нар жаргахтай зэрэгцээд амсхийн суух замчид маань ямар их хүнд нөхцөлд ажиллаж байдгийг гэр бүл нь ойлгодог байгаасай гэж их хүсдэг.

Бас хүнд хүчрээс нь болдог юм уу, ажил хийх хүн ховор болж байна аа. Эргэн тойрны 3, 4 аймгаас ажиллах хүн хайгаад олдохгүй, хүн хүч багатайгаар хариуцсан төслөө дуусгаж байгаа нэг жишээ манай байгууллага л даа. Энэ улсын хавтгайруулсан халамжаас болж бүтээн байгуулалтын ажил хийх хүсэл сонирхолтой хүн ховордоод байна.

Авто замын салбарт хүн хүчнээс гадна хамгийн хүнд асуудал нь тоног төхөөрөмж, бараа материалын хомсдол, үнийн өсөлт байдаг. Ковидын жилүүдэд бид энэ эрсдэлийг нуруун дээрээ үүрээд л ажилласан.

ажлын үеэр

- Орон нутагт ажиллаж амьдрах, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулахад хэр тохиромжтой байдаг вэ? Замын-Үүд сумын хувьд харьцангуй олон талын боломж ихтэй юм шиг санагдаж байна л даа.

- Хөдөө орон нутагт ажиллаж амьдрах, тэр дундаа хувиараа аж ахуй эрхлэх таатай газруудын нэг бол Замын-Үүд гарцаагүй мөн. Суурин хүн ам ихтэй, мэдээж улсын хилийн боомт байрладаг гэдэг утгаараа олон давуу талтай. Сум гэхээсээ илүү хотын статустай томоохон суурин шүү дээ. Гэвч нөгөө талаасаа байгалийн хүчин зүйлээс шалтгаалаад манай салбарын хувьд зам, талбай барихдаа хэрэгцээтэй материалаа холоос зөөж авчрах зэрэг хүндрэлүүд бас гарч л байдаг. Хэдийгээр олон давуу тал болон сул талыг дурдаж болох боловч хүн өөрийн сонгосон мэргэжил, хийж буй ажилдаа эзэн болж чадаж л байвал хот хөдөөгийн ялгаа, ажиллах орчны хүндрэл бэрхшээл бол тийм чухал асуудал биш гэж боддог.

- Авто замын салбарт ажиллахад хүндрэл бэрхшээл багагүй байдаг талаар олон дурдаж байна. Энэ мэргэжлийг сонгосон, ажиллаж буй залууст урам зориг өгөх хүний нэг нь та гарцаагүй мөн юм. Салбарынхаа шинэ залуу боловсон хүчинд хандаж ямар үг дайх вэ?

- Ярианыхаа завсраар олон л үг хэлэх шиг боллоо доо. \инээв\ Байшин барих, ном бичих, мод тарих нь хүний амьдралдаа гарцаагүй хийх ёстой зүйлсийн нэг гэж ярьдаг даа. Миний хувьд зам барих нь байшин барихтай ижил зүйл юм. Сонгож суралцсан мэргэжлийнхээ үр шимийг гаргаж, улс эх орныхоо ирээдүй, бүтээн байгуулалтад гар бие оролцон явах боломж, завшаан хэн хүнд олдоод байхгүй л болов уу. Бид чинь ийм л ховор боломжийн эзэд гэж бодож ажиллах хэрэгтэй дээ.

- Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.

- Баярлалаа.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn