Ижил хүйстэн байх биологийн шалтгаан

ЛГБТ байхад нөлөөлдөг биологийн хүчин зүйлсийн талаарх таамаглалуудын нэг нь "Ах дүүсийн төрөлтийн дарааллын нөлөө" юм. Ижил хүйстэн байхад ах дүүсийн тоо нөлөөлдөг гэх энэ таамаглал олон талын судалгаагаар нотлогдсоор байна.
Ижил хүйстэн байх биологийн шалтгаан

Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд олон улс орон ЛГБТ (Лесбиян, Гей, Бисексуал, Трансжендэр) хүмүүст тэгш хандах, тэр дундаа олон нийтийн зүгээс дэмжлэг үзүүлэх, тэднийг төрөл бүрийн ялгаварлан гадуурхалтаас хамгаалах хууль тогтоомж батлах зэргээр олон талын ахиц дэвшилд хүрсэн. Гэвч эдгээрийг үл харгалзан бэлгийн цөөнхийг гутаан доромжлох явдал байсаар байгаа бөгөөд бэлгийн чиг баримжаа гарал үүсэл, өөрчлөгдөхөд нөлөөлөх хүчин зүйлсийн талаарх асуудлууд нь маргаантай хэвээр байна.

Бэлгийн цөөнхийг ялгаварлан гадуурхах гол шалтгаан нь тэднийг өөрсдийн сонголтоор, орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн, "моод" хөөж ижил хүйстэн болох замыг сонгосон гэж буруутгах хандлага юм.

Хүмүүсийн зарим нь яагаад бэлгийн чиг хандлагын хувьд ижил хүйсийн хүнийг илүү таашаадаг болохыг тодруулах зорилготой олон олон тооны судалгаанууд хийгдэж байна. Эдгээр судалгаанууд нь ЛГБТ хүмүүсийн талаарх олон нийтийн санал бодлыг өөрчлөхөд багагүй хувьд нэмэр болдог.

Жишээлбэл, бэлгийн чиг баримжаа нь биологийн хүчин зүйлийн (даавар, удамшлын нөлөөгөөр үүссэн төрөлхийн шинж чанартай) нөлөөгөөр үүсдэг гэж үздэг хүмүүс үүнийг нийгмийн хүчин зүйл эсвэл хувь хүний сонголтоос үүдэлтэй гэж үздэг хүмүүстэй харьцуулахад бэлгийн цөөнхийн эрх ашгийг илүү дэмжих хандлагатай байдаг.

ЛГБТ байхад нөлөөлдөг биологийн хүчин зүйлсийн талаарх хэд хэдэн таамаглал байдаг бөгөөд эдгээрээс "Ах дүүсийн төрөлтийн дарааллын нөлөө" хэмээх таамаглал нь сонирхол татдаг. Энэ нь хүний бэлгийн чиг баримжааны биологийн гарал үүслийг шинжлэх ухаанчаар нотолдог загваруудын нэг бөгөөд тус загварын дагуу эрэгтэйчүүдийн ижил хүйстэн болох магадлал нь төрсөн ах нарынхаа тооноос хамаардаг байна.

Хүүхдийн бэлгийн чиг хандлагад өмнө нь төрсөн ах нарынх нь тоо хэрхэн нөлөөлөх механизмын талаар Бельги улсын Льежийн их сургууль эрдэмтдийн PNAS сэтгүүлд 2018 онд хэвлүүлсэн судалгааны өгүүлэлд маш дэлгэрэнгүй тайлбарласан байна.

Тэдний судалгааны үр дүнг хураангуйлан авч үзвэл бүх үйл явц нь хүүхдийг эхийн хэвлийд байх үед эхэлдэг ба эхний жирэмслэлтийн үед эрэгтэй урагт үүссэн "4 Y-холбоот нейролигин" (NLGN4Y) хэмээх уураг нь эхийн цусны урсгалд орж дархлааны тодорхой хариу урвалыг өдөөдөг. Дархлааны хариу урвалын үр дүнд дараагийн хүүхдийн бэлгийн хөгжилд нөлөөлдөг эсрэг бие үүсдэг байна.

Дараагийн жирэмслэлтүүдээр эрэгтэй ургуудын тоо нэмэгдэх тусам энэхүү эсрэг бие нь эхийн цусанд улам бүр хуримтлагдсаар байдаг. Иймээс олон эрэгтэй хүүхэд дараалан төрүүлэхэд сүүлийн хүүхдүүд нь бэлгийн чиг хандлагын хувьд ижил хүйстэн байх магадлал нь илүү нэмэгддэг.

PNAS
PNAS

Үүнээс өмнө “Ах дүүсийн төрөлтийн үр нөлөө”-г нотолж, баримтжуулах зорилгоор олон тооны судалгаанууд хийгдэж байжээ. Жишээ нь 2006 онд Americal Journal of Psychiatry сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгааны өгүүлэлд төрсөн ах нарын тоо нэгээр нэмэгдэх тутамд дараагийн эрэгтэй хүүхдүүдийг ижил хүйстэн байх магадлал нь 33%-аар нэмэгдэнэ гэж үзсэн байна. Гэвч тэдгээр нь түүврийн хэмжээ жижиг, оролцогчдыг санамсаргүйгээр биш, тусгайлан сонгож судалгаанд хамруулсан зэргээрээ уг үзэгдэл үнэн бодитой эсэхэд эргэлзэхэд хүргэж байв.

Хамгийн сүүлд буюу 2022 оны 2 дугаар сарын 18-нд The Journal of Sex Research сэтгүүлд эрэгтэйчүүдийн бэлгийн чиг хандлагад ах нарын тоо нөлөөлдгийг баталсан томоохон хэмжээний судалгаа нийтлэгдсэн байна. Тус судалгаагаар Нидерланд хүн амын бүртгэлийн мэдээллийг ашиглан 1940-1990 оны хооронд төрсөн есөн сая гаруй хүний түүхийг судалжээ.

Тус бүртгэлд хүмүүсийн бэлгийн чиг хандлагын талаар тодорхой мэдээлэл байгаагүй боловч Нидерланд улс 1998 оноос ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулийн дагуу хүлээн зөвшөөрсөн учир тэдгээр хүмүүс ижил хүйстэнтэйгээ гэрлэж байсан эсэх, эсвэл бүртгэлтэй ижил хүйстний харилцаа байсан эсэх талаар мэдээлэл агуулагдаж байсан нь хамгийн үнэ цэнтэй мэдээлэл болжээ.

Судалгааны үр дүнд бэлгийн чиг хандлагад үзүүлэх “Ах дүүсийн төрөлтийн үр нөлөө”-г нотлох бодитой баримтууд олдсон байна. Тодруулбал, нэг ахтай эрчүүд нь нэг эгчтэй эрчүүдээс ижил хүйстэн болох магадлал 12 хувиар илүү, харин нэг дүү, эгчтэй эрчүүдээс 21 хувиар илүү байдаг байна. Түүнчлэн төрсөн дараалал маш чухал болохыг ч тогтоосон байна.

Айлын хамгийн бага хүү нь хамгийн том ахтай нь харьцуулахад ижил хүйстэн байх магадлал өндөр байдаг бөгөөд нийт ах нарын тоо нэмэгдэх тусам энэ магадлал улам бүр нэмэгдэж байжээ. Жишээлбэл, гурван ахтай эрэгтэй хүний ижил хүйстэн байх магадлал нь гурван эгчтэй эрэгтэйгээс 41 хувиар илүү байдаг бол гурван эрэгтэй дүүтэй эр хүний ижил хүйстэн байх магадлал нь хамгийн бага дүүгээсээ 80 хувиар бага байдаг байна.

Түүнчлэн эмэгтэй хүмүүст ийм нөлөө байгаа эсэхийг авч үзвэл эмэгтэйчүүд олон ахтай бол ижил хүйстэн байх магадлал нэмэгдэж байгааг илрүүлсэн байна. Энэ нь эхийн бие эрэгтэй ургийн нөлөөгөөр үүссэн эсрэг бие нь дараагийн уургуудын бэлгийн хөгжил, чиг хандлагад нөлөөлдөг гэж үзэх үндэслэл болж байна.

The Journal of Sex Research
The Journal of Sex Research

Зурганд 1000 эрэгтэй хүн тутамд ноогдох ижил хүйстэн хосын тоо нь тэдний ах, дүүсийн тооноос хэрхэн хамаарч байгааг үзүүлжээ.

Энэхүү судалгаа нь бэлгийн чиг хандлага нь зарим хүмүүсийн үзэл бодлын дагуу "амьдралын хэв маягийн сонголт" эсвэл "цаг үетэйгээ хөл нийлүүлэх загварын чиг хандлага" мэт зүйл гэхээсээ илүүтэйгээр төрөлхийн шинж чанартай гэх үзэл баримтлалтай бүрэн нийцэж байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn