Ахимаг насныханд санал болгох хобби

Нас ахихын хэрээр нүдний хараа, ой тогтоолт, биеийн тамир тэнхээ муудсанаар хийх дуртай зарим зүйлсээсээ татгалзахад хүрдэг. Түүнчлэн өөрийн хийх дуртай зүйлийг олоогүй өтөлсөн хүмүүс ч олон бий. Тэгвэл ахимаг насны хүмүүст тохирсон, эрүүл мэнд сэтгэл зүйд нь тустай хоббины жагсаалтыг санал болгож байна.
Ахимаг насныханд санал болгох хобби
@vectorstock.com

Сэтгэл зүйгээ эрүүл байлгахын тулд хүн насан туршдаа дуртай зүйлээ хийж байх хэрэгтэй гэж сэтгэл судлаачид зөвлөдөг. Хоббитой байх нь зөвхөн стресс тайлаад зогсохгүй нийгэмших хэрэгцээг хангаж, амьдралын идэвхтэй байхад туслах төдийгүй настайчуудын тархийг хатангиршихаас урьдчилан сэргийлнэ. Хэрэв таны хайртай аав ээж, эмээ өвөө чинь гэртээ гиюүрэн суугаа бол хоббигоо олоход нь туслах сонирхолтой үйлүүдийг санал болгоорой.

1. Цэцэг, ногоо тарих

@fortcollinsnursery.com
@fortcollinsnursery.com

Цэцэрлэгжүүлэлт нь настай хүмүүст хамгийн тохирсон, бас ашиг тустай үйл юм. 2015 онд хийгдсэн нэгэн судалгаагаар ургамал тарьж, цэцэг арчлах нь зан чанарт эергээр нөлөөлөн, тархины үйл ажиллагааг эрс сайжруулдаг болохыг тогтоожээ. Үр тарьж, ургахыг нь харах мэдрэмж үнэндээ донтуулдаг. Та өөрийн цэцэрлэгээ (цонхны тавцан, цэцгийн тавиур, хашаагаа) хамгийн үзэсгэлэнтэй цэцэг, ургамлаар дүүргэхийг эрмэлзэнэ. Цаашлаад жимс, ногоо тариалахыг хүсэж ч магадгүй. Эсвэл та ирээдүйн бонсай мастер ч юм бил үү хэн мэдлээ.

Цэцэг, ногоо, жимс, ургамал, мод тарьж ургуулах нь стрессийг бууруулж, биеийг чийрэгжүүлэн, идэвхтэй байхад тусална. Түүнчлэн та хоббиныхоо ачаар цэвэр агаарт амьдарч, тэжээллэг эрүүл хоол хүнсээр хангагдах боломжтой.

Зургийг: Г.Оюунжаргал
Зургийг: Г.Оюунжаргал

Цэцэг ургуулах хоббитой болоод 10 орчим жил болж байгаа Г.Оюунжаргал эгчийн хашаагаар оронгуут яг лагерьд ирж буй сэтгэгдэл төрнө. Шороо тоостой гэр хорооллын дунд ийм гоё цэцэрлэг оршдог гэж үү гэж бодогдмоор. Хэд хэдэн төрлийн мод, өнгө алагласан цэцэгсийн дундуур явсаар гэрт нь ороход цонхны тавцан дээрх цагаан ягаан цэцгүүд нь өөдөөс мишээв. Оюунаа эгч арчилгаа ихтэй ч цэцэглэдэг цэцэгс ургуулах дуртай.

Багадаа цэцэг их зурдаг байсан тэрээр хүүхэд гаргаад гэртээ байх үедээ 100 гаруй цэцгийн хатгамал хийж байсан гэнэ. Харин тэтгэвэртээ гарсны дараа цэцгийг амьдаар нь тарьж, ургуулах хоббитой болсон бөгөөд хүүхдээ эрхлүүлэх мэт тэдэнтэйгээ ярилцдаг аж. Хорооны хэсгийн ахлагчийн танилцуулсан, ойрхон амьдардаг, хоббигоороо нийлсэн хэдэн сайхан найзуудтай. Нэгэндээ цэцэг өгч авалцан, дуртай зүйлийнхээ талаар хязгааргүй ярилцах найзтай байхын сайхныг яриан дундаа тэр онцолсон юм. Түүний эрч хүчтэй, найрсаг, эрхэмсэг зан чанарт хобби нь нөлөөлсөн гэдэгт итгэлтэй байна.

2. Бүжиглэх

Бразилын Сан Пауло дахь бүжигчид.
Бразилын Сан Пауло дахь бүжигчид.@Getty Images

NHS-ийн мэдээлснээр 65 ба түүнээс дээш насны ихэнх хүмүүс өдөрт дунджаар 10-аас дээш цагийг сууж эсвэл хэвтэж өнгөрүүлдэг байна. Дасгал хөдөлгөөн чухал гэдгийг мэддэг ч спортоор хичээллэх нь энэ насанд хэцүү санагдаж болох юм. Тэгвэл аз жаргалтайгаар хөдлөх нэг арга бол бүжиглэх. Ямар ч шалтгаанаар эхэлсэн бай, сонирхсон хүмүүс бүгд л бүжигт дурлаж орхидог. Хүн аливаа дасгалыг хийж байхдаа "Би үүнийг хийх ёстой" гэж тэвчиж, дууссаныхаа дараа "Тийм ээ, чадлаа" гэж баярладаг. Харин бүжиг бүжих зуураа аз жаргалыг мэдэрдэг нь юутай сайхан. Заавал гүнзгийрүүлэн сурч биеэ зовоохгүйгээр гэртээ дуртай хөгжмийнхөө хэмнэлд хөдлөхөд л хангалттай дасгал болно.

Та бүжгийн аль нэг төрлийг сонгон суралцахад тийм ч оройтоогүй байна. Үе тэнгийн чинь хүмүүс цугладаг бүжгийн эвэнт хаа нэгтээ болж л байгаа. Хүсвэл тэнд очин, шинэ найз нөхөдтэй болохын сацуу эрүүл мэнд, сэтгэл санаагаа тэтгэж яагаад болохгүй гэж.

Нэг жишээ дурдъя. 2019 оноос хойш хорооныхоо хэдэн ахмадуудтай нэгдэж, сайн дураараа хийн дасгалаар хичээллэж эхэлсэн Ж.Пүрэвдоржийн гэр бүл тэр жилдээ дүүргийн иргэдийн наадмаас хоёр төрлөөр хос алтан медаль авсан гэнэ. Улмаар багаараа хийн дасгал, шугаман бүжиг, гимнастикийн төрлөөр бэлдэж, олон уралдаан тэмцээнд оролцон амжилт үзүүлсээр байгаа аж. Хамгийн сүүлд 5 дугаар сарын эхээр нийслэлийн хэмжээнд зохиогдсон "Гимнастрада" уралдаанд 3-р байр эзэлсэн байна. Сайн дураараа нэгдсэн 16 хүний бүрэлдэхүүнтэй тэдний багийг нэг нь ахлаж, хөдөлгөөний эвсэлтэй нэг нь эхлээд бичлэгээс хөдөлгөөнөө сураад бусдадаа зааж өгөх маягаар бэлтгэлээ хийдэг гэнэ. Байнгын уралдаан тэмцээнд оролцож, бэлтгэлээ хийгээд завгүй явах Ж.Оюунтунгалаг эгчээс сэтгэгдлийг нь асуухад "Хөдөлгөөнтэй, хамт олонтой байна гэдэг чинь эрүүл мэндэд тустай. Жишээ нь, миний ууц нуруу, үе мөч өвддөг байснаа больсон. Өөрөө сонирхоод ирэхээр энийг суръя, тэрийг сурчих юмсан гээд идэвхтэй болдог. Мөн "чадаж байна" гэдэг мэдрэмж авах нь сайхан" гэж хариулсан юм.

3. Тоглоом (шатар, даалуу, хөзөр, видео тоглоом...)

"Даалуу тоглодог хөгшчүүд зөнөгрөх өвчин тусах магадлал бага байдаг" гэж сэтгэл заслын эмч Р.Энхтүвшин хэлсэн. Тоглоом нь зугаатай төдийгүй нийгэмших боломжийг олгодог. Ганцаараа тоглодог тоглоом гэж бараг байхгүй. Тэр ч байтугай видео тоглоомуудыг хүртэл найзуудтайгаа зэрэгцэн тоглох боломжтой. Мөн танихгүй хүмүүсийн эсрэг онлайнаар тоглож, дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүстэй чаталж болно. 65-аас дээш насны дөрвөн хүн тутмын нэг нь ухаалаг утсаа видео тоглоом тоглоход ашиглаж байна гэж Telegraph мэдээлжээ.

93 настай, Японы тоглогч 
Урабе Ямамото
93 настай, Японы тоглогч Урабе Ямамото@topgear.com
Зураг дээрх Урабе Ямамото бол таксины жолооч. Бүх насаараа жолоо барьсан тэрээр 80 хүрээд машин барьж чадахаа болих үед ач хүү нь түүнд тусалснаар видео тоглоомоор тоглож эхэлжээ. Арав гаруй жил виртуал ертөнцөд жолоо барьсаар байна.

Мэдээж видео тоглоомыг удаан хугацаагаар тоглох нь эрүүл мэндэд сайн биш. Тиймээс та заримдаа ач, зээтэйгээ шатар нүүж, цагийг зугаатай өнгөрүүлэхийн зэрэгцээ тэднийхээ тархины хөгжилд хувь нэмрээ оруулж яагаад болохгүй гэж.

@Pixabay.com

Түүнчлэн эвлүүлдэг тоглоом бол заавал хийж үзэх сонирхолтой үйлийн нэг мөн. Цөөхөн ширхэгтэй амархнаас эхлээд ахисан түвшний маш том хэмжээтэй эвлүүлдэг тоглоом ч бий. Хамгийн гоё нь та заавал нэг дор дуусгах шаардлагагүй. Өөрийнхөө тохиромжтой цагт эвлүүлэн, хэдэн өдөр, бүр хэдэн сар ч зугаацах боломжтой. Эвлүүлдэг тоглоом нь ахимаг насны хүмүүст чухал ач холбогдолтой бөгөөд судалгаагаар оюун ухааны хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлдэг болохыг тогтоожээ.

4. Амьтан тэжээх

Budimir Jevtic

Гэрийн тэжээвэр амьтантай болох нь танд хариуцлага бий болгодог. Тэднийг хооллох, салхилуулах, цэвэр цэмцгэр байлгах, аливаа аюулаас хамгаалах үүрэг танд оногдоно. Хариуд нь тэд таны уйтгар гуниг, ганцаардлыг үргээж, үнэхээр сайн хань болно. Хүүхдүүд өсөж том болоод гэрээсээ явсны дараа "хоосон байшинг" дүүргэх шилдэг арга бол амьтан тэжээх. Түүнчлэн нохой, муураа илэх нь цусан дахь стресстэй холбоотой гормоны түвшнийг бууруулдаг нь судалгаагаар батлагдсан.

5. Контент бүтээх

Та завтай цагаа ашиглан өөрийн амьдралаас сурсан хичээл, ажлын туршлага эсвэл гэр бүлийн түүхээ үр хүүхэд, залуус дүү нартаа үлдээх боломжтой. Магадгүй ирээдүйд хэн нэгэнд асар хэрэгтэй мэдлэгийн сан тантай хамт мөхчих ч юм билүү. Чадахаар бол өөрөө эмхэтгэн бичиж, үгүй бол цэгцтэй сайхан ярьсан ч болно шүү дээ.

Эсвэл видео контент бүтээн, ютүүбэр (Youtuber) болох боломж ч таны өмнө байна. Үе тэнгийнхэндээ зориулсан зөвлөгөө мэдээлэл бэлтгэн, телевизийн хөтлөгч болох мөрөөдлөө биелүүлэхэд оройтоогүй гэдгийг танд сануулъя.

72 настай, Sixty and Me сувгийг хөгжүүлэгч
72 настай, Sixty and Me сувгийг хөгжүүлэгч

6. Сонирхлын бүлгийн уулзалт

"Японд “Zoom”-ээр зурагт номыг настай хүмүүст уншиж сонсгодог зурагт номын зохиолч багш байдаг. Хөгшчүүл тэр номд юу гарсан тухай яг л хүүхдүүд шиг ярина. Тухайлбал, “Улаан малгайт” үлгэр дээр гэхэд л улаан малгайт охин яагаад заавал улаан малгайтай байсан юм бэ? Та юу гэж бодож байна гээд л асуулт хариулт өрнүүлдэг. Настнууд бодоод өөр өөрсдийн бодлыг хэлнэ. Тэнд зөв буруу гэж байхгүй. Үнэхээр сонирхолтой. Үүнийг л Монголд дэлгэрүүлэх юмсан" гэж сэтгүүлч Б.Гэрэлмаагийн "Япон дахь Монголчууд" цуврал нийтлэлийн нэг зочин ярьсан байсан. Энэ мэт олон шалтгаанаар уулзалт ярилцлага өрнүүлэх нь настайчуудын дунд түгээмэл тохиолддог мартах төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

@careline.co.uk
@careline.co.uk

Ганцаардал бол ахмад настнуудад тулгардаг хамгийн том бэрхшээлүүдийн нэг. Найз нөхөд, гэр бүлийн хүн нь хорвоог орхиж, ганцаараа үлдэх нь эрүүл мэнд, сэтгэл зүйн олон асуудлыг дагуулдаг. Харин хобби, сонирхол дээр суурилсан олон нийтийн бүлэгт элссэнээр таны сонирхлыг хуваалцдаг найз нөхөдтэй болж, ганцаардалгүйгээр ганцаараа амьдрах боломжтой болох юм. Цар тахлын улмаас сонирхлын бүлгийн уулзалтуудын зарим нь цахим хэлбэрт шилжсэн. Тиймээс гэрээсээ гаралгүйгээр олон хүмүүстэй уулзах бололцоотой гэсэн үг. Таны сонирхлыг татах уулзалт хараахан бий болоогүй байвал та өөрөө ч эхлүүлж болно шүү дээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn