Хөгшрөлтийн хурдыг хэт боловсруулсан хүнс нэмэгдүүлж байна

Хэт боловсруулсан хүнс хэрэглэх үед эсүүд илүү олон хуваагдах замаар хурдан хөгширдөг ажээ.
Хөгшрөлтийн хурдыг хэт боловсруулсан хүнс нэмэгдүүлж байна

Дэлхий дахинд хэт боловсруулсан хүнсний (UPF – Ultra processed food) хэрэглээ нэмэгдсээр байна. Хэт боловсруулсан хүнс гэдэг нь байгалийн гаралтай хоол хүнсний гол найрлага болох уураг, өөх, тос, нүүрс усыг цэврээр нь ялган авсан хүнс юм. Гарал үүслийн хувьд байгалиас гаргаж авсан боловч түүний найрлагад ордог, хүний эрүүл мэндэд тустай бүрэлдэхүүн хэсгүүдийг ялган авснаар хоол хүнсний үндсэн шинж чанар алдагддаг.

Үүнд ундаа, чихэр, чипс, цагаан гурилын талх, шарсан тахиа, хөлдөөсөн ногоо, төрөл бүрийн бэлэн хоол, зайрмаг, энергийн ундаа болон хиймэл өнгө амт оруулагч ашигласан бусад хүнсний бүтээгдэхүүнүүд хамаарна.

Хэрэглээ

Үүгээр зогсохгүй хэт боловсруулсан хүнсийг үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ харагдах байдлыг хэрэглэгчдийн таалалд нийцүүлэх, хадгалах хугацааг уртасгах зорилгоор амт оруулагч, эмульгатор, будагч бодис болон бусад хүнсний нэмэлтүүдийг нэмж өгдөг нь хэт боловсруулсан хүнсийг тэжээллэг чанар муутай болгодог юм.

Нэг талаас үйлдвэрлэлийн зардал бага, дэлгүүрт удаан хадгалагддаг зэргээс шалтгаалан үйлдвэрлэгчдэдээ өндөр ашиг өгдөг, нөгөө талаас хэрэглэгчийн хувьд идэхэд амттай, хямд үнэтэй, удаан хадгалж болдог зэрэг давуу тал нь уг төрлийн хүнсний хэрэглээ өсөх шалтгаан болж байна.

Эрүүл мэндэд үзүүлэх нөлөө

Хэт боловсруулсан хүнс илүүдэл жин, таргалалт, зүрх судас, бодисын солилцооны эмгэг, хорт хавдар, чихрийн шижин, сэтгэл гутрал зэрэг олон өвчин эмгэгийн нэг шалтгаан болж байгаа нь тогтоогдоод байна. Эдгээрээс гадна эрдэмтэд хэт боловсруулсан хүнсний хэрэглээг биологийн хувьд хурдан хөгшрөх шалтгаан болж байна гэж үзжээ.

Бидний хромосомын төгсгөлд теломер хэмээх бүтэц байрладаг бөгөөд энэ нь удамшлын мэдээлэл агуулдаггүй ч гутлын үдээсний үзүүрт байдаг үдээсийг нугарах, сэмрэхээс сэргийлдэг хамгаалалтын бүрээс шиг хромосомыг задрахаас сэргийлж, бүрэн бүтэн байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг юм.

Эсүүд үржих тусам хромосомууд олон дахин хуваагддаг ба тухай бүрд теломер богиноссоор байдаг. Улмаар теломер дуусах үед тухайн эс дахин хуваагдах боломжгүй болсноор хүний амьдрах хугацаа дуусдаг аж. Иймээс теломерийн хэмжээ нь хүний биологийн насыг илтгэдэг гэж үздэг.

Испанийн Памплона хотын Наварра их сургуулийн судлаачид хэт боловсруулсан хоол хүнсийг их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүсийн хромосомын теломер нь бусад хүмүүсийнхээс богино байгааг тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, хэт боловсруулсан хүнс хэрэглэх үед эсүүд илүү олон хуваагдах замаар илүү хурдан хөгширдөг гэсэн үг юм.

Иймээс дээр дурдсан олон тооны өвчин эмгэгүүдийн эрсдэлийг бууруулж, хөгшрөлтийг удаашруулахын тулд хэт боловсруулсан хүнсний хэрэглээг бууруулахыг зөвлөсөн байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn