Махыг угаах нь зөв үү?

Биед нэвтэрч орвол аюул учруулж болох олон тооны бактери маханд бий. Тийм учраас зарим хүмүүс махыг хоол хийхийн өмнө эсвэл хөлдөөхийн өмнө угаах ёстой гэж үздэг. Махны эрүүл ахуй томоохон асуудал болоод байгаа өнөө цаг үед энэ асуудлыг хөндөх нь чухал санагдана. Гэтэл шинжлэх ухааны баримтууд энэ нь огт шаардлагагүй, зарим талаар аюултай ч байж болохыг сануулж байна.
Махыг угаах нь зөв үү?

Хоол хийхээс өмнө махыг угаах хэрэгтэй юу?
Жимс, хүнсний ногоо зэрэг зарим хүнсний бүтээгдэхүүний гадаргуу дээр шороо, бактери байж болох учраас хүйтэн ус урсгаж угаах нь бохирдлоос цэвэрлэж, идэхэд бэлэн болгох хамгийн энгийн арга гэж тооцогддог. Ихэнх хүмүүс махыг ч мөн ингэж угаавал гадаргуу дээрх бактери болон бусад бохирдлыг устгана гэж үздэг. Гэвч мэргэжилтнүүд махыг угаахгүй байхыг зөвлөдөг аж. Жишээ нь, АНУ-ын Хөдөө аж ахуйн яам махыг аль ч тохиолдолд угаахгүй байхыг сануулсан байдаг.

Махны шүүсэнд нян хамгийн ихээр агуулагддаг. Ялангуяа Campylobacter болон Salmonella бактериуд мал болон шувууны махыг голчлон бохирдуулна. Campylobacter нь дэлхий дахинд хоолны хордлого, гэдэсний үрэвсэл, суулгалтын хамгийн гол шалтгаан юм. Salmonella-гийн хувьд илүү хүнд хэлбэрийн гэдэсний үрэвсэл үүсгэдэг бөгөөд ихэнх тохиолдолд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болдог.

Махыг угаах гэж оролдох нь эдгээр бактерийг махны шүүс хүрээгүй гадаргууд тараах шалтгаан болдог гэж үздэг байна. Угаах үед цацарсан ус нь хувцас болон гал тогооны бусад хэсгийг ч бохируулах магадлалтай. Ингэж тархсан бактериудыг нэг бүрчлэн цэвэрлэж устгах боломжгүй төдийгүй бусад хоол хүнсэнд нэвтэрч, хоолны хордлого ч үүсгэж болно.

Түүхий махыг олон удаа угаасан ч зарим төрлийн бактерийг арилгах боломжгүй. Тэгэхээр махыг угаах нь бактерийг бүтэн устгаж чадахгүйн зэрэгцээгээр тэдгээрийн улам тараах эрсдэлтэй үйлдэл ажээ.

Зарим хүмүүс махыг хэрэглэхээсээ өмнө давстай усанд дэвтээх аргыг хэрэглэдэг ч энэ нь мөн адил эрсдэл үүсгэдэг байна. Иймээс махыг угааж цэвэрлэх нь нянгийн бохирдолтоос сэргийлэхэд төдийлөн үр дүнтэй биш.

Махыг бид ихэвчлэн өндөр температурт болгож хэрэглэдэг нь түүнд агуулагдаж байгаа бактерийг устгахад хангалттай. Махны дотоод температур хамгийн багадаа цельсийн 70 хэм хүрэх үед бүх бактери үхнэ. Шаардлагатай бол хүнсний термометр ашиглан хэмжиж болно. Харин хадгалах шаардлагатай бол хөлдөөгчид хийж хөлдөөхөд л хангалттай.

Хөлдөөхийн өмнө махыг угаах хэрэгтэй юу?
Махыг хөлдөөхөөс өмнө угаах шаардлагагүй. Угааснаар дээрхтэй адил хөндлөнгийн бохирдол үүсэх эрсдэл нэмэгддэг. Махыг шууд хөлдөөснөөр бактери тархах боломж хязгаарлагдана. Цельсийн -18 хэмээс доош температурт махыг ямар ч хугацаагаар хадгалж болох ба энэ температурт бактери унтаа байдалд ордог. Спор буюу унтаа төлөвт шилжсэн бактери ямар ч хор хөнөөлгүй, үржих чадваргүй болдог.

Харин урт хугацаанд хөлдөөх нь махны амт, чанарт нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Хөлдүү махыг гэсгээсний дараа хөлдөөхөөс өмнөхтэй ижил бактери дахин үржиж эхлэх тул гэсгээсний дараа аль болох хурдан зохих температурт болгож хэрэглэх нь зөв.

Махыг амталж дарахын өмнө угаах хэрэгтэй юу?

Дээрхтэй ижил шалтгааны улмаас махыг амталж даршлахаас өмнө угаах нь тийм ч сайн санаа биш. Ингэснээр хөндлөнгийн бохирдлыг нэмэгдүүлэх төдийгүй бүх бактерийг устгахад хангалтгүй. Үүний оронд махыг шууд амталж дарах хэрэгтэй ба амтлагч нь махыг бүрэн бүрхсэн эсэхийг шалгах нь зүйтэй. Сэрээгээр махаа хатгаж, нүх гаргах нь амтлагчийг маханд илүү сайн шингээхэд тустай.

Ингэж даршилснаар хоол хийхээс өмнө хөргөгчид хэд хоногийн турш аюулгүй хадгалах боломжтой ба хөндлөнгийн бохирдлоос сэргийлэхийн тулд гялгар уутанд битүүмжилж, хэрэглэсний дараа хаяж болно.

Хлороор угаасан мах аюулгүй юу?

Үйлдвэрлэгчид нядалгааны дараа махыг нянгийн бохирдлоос цэвэрлэхийн тулд хлороор угаадаг. Зарим хүмүүс хлороор угаасан махыг хэрэглэхээсээ өмнө хлорыг нь арилгахын тулд мөн л угаана. Европын хүнсний аюулгүй байдлын албаны мэдээлснээр махыг хлоржуулсны дараа хэрэглэхэд ямар нэг аюул байхгүй юм. Судалгааны үр дүн ч үүнтэй ижил байдаг тул хлоржуулсан маханд санаа зовох хэрэггүй.

Энэ бүхнээс үзэхэд аль ч тохиолдолд махыг угаах нь ариутгах гэхээсээ илүүтэйгээр хөндлөнгийн бохирдолд хүргэх өндөр эрсдэлтэй байдаг. Махыг угаах үед махнаас гар, гал тогооны хэрэгслүүд болон гадаргуу зэрэг бусад бүх хэсэгт нян тархах боломжийг бүрдүүлдэг. Харин махыг хангалттай өндөр температурт болгох нь бүх бактерийг устгаж чаддаг бол хөлдөөснөөр бактери үржиж боломжгүй болгодог ажээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn