Хооллолтын хэмнэл ба сэтгэцийн эрүүл мэнд

Хооллолт бол хүний физиологийн зайлшгүй хэрэгцээ бөгөөд эрүүл мэндэд хамгийн чухал нөлөөтэй хүчин зүйлсийн нэг юм. Хоол хүнс нь хүний эрүүл мэндэд нөлөөлөх зүй тогтлыг авч үзвэл юу идэх нь илүү чухал мэт боловч сүүлийн үеийн судалгаануудаар хэзээ идэх нь илүү чухал гэж үзэх боллоо. Энэхүү нийтлэлд хооллолтын хэмнэл сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг авч үзэх болно.
Хооллолтын хэмнэл ба сэтгэцийн эрүүл мэнд

Тогтмол бус, тодорхой цагийн хуваарьгүй хооллох зан төлөв нь бидний сэтгэл санааны байдал, тэр дундаа сэтгэл гутрал, айдас түгшүүр, цаашлаад зүрх судасны өвчин, таргалалтын нэг хүчин зүйл болж байна.

Гэхдээ бид үүнийг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж ч болно. Өөрөөр хэлбэл, хооллох хэмнэлээ өөрчлөх замаар сөрөг сэтгэл хөдлөлийг хязгаарлаж, сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулах боломжтой юм. Судлаачид хоол тэжээл, сэтгэцийн эмгэгийн хоорондох хамаарлыг судалдаг эрдэмтэд хооллолтын хэмнэл нь тархинд хэрхэн нөлөөлдөг талаар олон тооны нотолгоог олж илрүүлээд байна.

Бидний биед циркадиан цагийн систем буюу "биологийн цаг" ажиллаж байдаг. Энэ нь гэрэл, хоол хүнс гэх мэт хүрээлэн буй орчны дохиололд үндэслэн бие махбодын дотоод үйл ажиллагааг өдрийн тодорхой цагт оновчтойгоор тохируулах үүрэгтэй. Хүмүүс хэдэн мянган жилийн турш нарны хэмнэлийг даган хооллож, унтаж ирсэн тул бидний бие махбод ч энэхүү хэмнэлд тохируулан зохистойгоор ажиллаж сурсан байдаг. Гэтэл ердөө 150 орчим жилийн өмнөөс цахилгаан эрчим хүч, хиймэл гэрэл бий болсноор бидний амьдралын хэв маяг бүхэлдээ өөрчлөгдөж, бие махбодын үйл ажиллагааны хэмнэл алдагдаж эхэлсэн нь олон тооны өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үздэг. Үүнд хамгийн их өртөж буй эрхтнүүдийн нэг нь тархи юм.

Өдөр-шөнийн мөчлөгийн дагуу бодисын солилцоо зохицуулагдаж байдаг ба энэ нь бидний хооллох хэмнэлтэй шууд холбоотой байдаг. Хоол боловсруулах эрхтнүүд нь өөрийн гэсэн тодорхой цагийн хуваарийн дагуу ажилладаг. Жишээ нь, нарийн гэдэс, элэг зэрэг эрхтнүүд хоол хүнсийг боловсруулах, шингээх чадвараараа өдөр шөнийн цагт харилцан адилгүй байдаг.

Хэрэв бидний хооллох хэмнэл өөрчлөгдвөл дотор эрхтнүүдийн ажлын хуваарь ч өөрчлөгдөхөөс өөр аргагүй болох бөгөөд тархины үйл ажиллагааны биологийн хэмнэл нь хооллох хэмнэлтэй нийцэхгүй байвал тархины ажиллах чадварт сөргөөр нөлөөлдөг. Тархи нь бидний нийт биеийн жингийн 2%-ийг эзэлдэг ч нийт үйлдвэрлэгдсэн эрчим хүчний 25 хүртэлх хувийг ганцаараа зарцуулдаг. Иймээс илчлэгийн өөрчлөлтөд хамгийн мэдрэг эрхтэн юм. Өөрөөр хэлбэл, хэвийн бус хооллох хэмнэл нь тархины үйл ажиллагаа, сэтгэл санааны байдал, сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн үг.

Хэдийгээр үндсэн механизм нь тодорхойгүй байгаа ч хооллолтын хэмнэл ба сэтгэлийн хөдөлгөөнийг зохицуулдаг мэдрэлийн төвүүдийн үйл ажиллагаа нь хоорондоо харилцан хамааралтай байдаг болох нь тогтоогдоод байна. Мөн хооллолттой холбоотойгоор хоол боловсруулах эрхтнүүдээс ялгардаг дааврууд нь сэтгэл санаа, эрч хүч, таашаал авахад чухал үүрэг гүйцэтгэдэг нейротрансмиттер болох допаминд нөлөөлдөг бөгөөд сэтгэл гутрал, сэтгэцийн хоёр туйлт эмгэгтэй хүмүүст допамины хэмжээ өөрчлөгдөж байгааг Харвардын их сургуулийн судлаачид тогтоосон.

Тогтмол бус хооллолт нь сэтгэл гутралын нэг шалтгаан болдог. Жишээ нь, Бразилын эрдэмтдийн судалгаагаар сэтгэл гутралтай эсвэл сэтгэцийн хоёр туйлт эмгэгтэй хүмүүсийн хооллолтын хэмнэл нь тогтмол бус байдаг болохыг илрүүлсэн байна.
Түүнчлэн, тогтмол бус хооллох хандлагатай байдаг ээлжийн ажилчид нийт хүн амтай харьцуулахад сэтгэл гутрал, айдас түгшүүр ихтэй байгааг Австралийн Квинсландын их сургуулийн судалгааны баг тодорхойлсон.

Эдгээр нотлох баримтууд нь бидний хооллох хэмнэл нь сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлдөг болохыг харуулж байна. Тэгвэл бид юу хийж чадах вэ?

Үүний тулд бид хэмнэлийг илүү оновчтой болгох хэрэгтэй. Одоогоор хооллолтын хэмнэлийн хамгийн зохистой хэлбэр бол завсарлагатай мацаг (intermittent fasting) гэж нэрлэгддэг цагийн хязгаарлалттай хоолны дэглэм (TRE - time-restricted eating) юм.

TRE гэдэг нь хоол боловсруулах эрхтнүүд идэвхтэй ажиллаж байдаг өдрийн цагаар хооллож, орой, шөнийн цагаар хоол идэхгүй байх тодорхой цонхыг бий болгох арга юм. Өөрийн ажил, амьдралын хэв маягт тохируулах хоол идэх ёстой цаг нь өдөрт 4-12 цаг байж болох ба үлдсэн хугацаанд нь буюу шөнө, оройн цагаар хоол идэхгүй байж болно. Жишээ нь, өглөөний 9:00 цагаас оройн 19:00 цагийн хоорондох 10 цагийн хугацаанд бүх хоол, хөнгөн зуушийг идэж болох ба үлдсэн хугацаанд нь мацаг барьж болно.

Энэ арга нь тархины үйл ажиллагаа, энергийн солилцоо, бодисын солилцооны даавруудын үйл ажиллагааг илүү оновчтой болгодог болох нь олон тооны судалгаагаар нотлогдсон. Жишээ нь, Мексикийн Үндэсний Автономит их сургуулийн судлаачид ээлжийн ажилчдыг TRE маягийн хооллолтын хэв маягт шилжүүлэх замаар сэтгэл гутрал, айдас түгшүүрийн шинж тэмдгүүдээс урьдчилан сэргийлдэг болохыг нотолсон бол Хятадын эрдэмтэд нь үүнтэй ижил үр дүнд хүрчээ. Тогтмол цагийн хуваарийн дагуу, цагийн хязгаарлалттайгаар хооллох нь зөвхөн сэтгэцийн эмгэгээс сэргийлээд зогсохгүй таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчин зэрэг эрүүл мэндийн асуудлуудыг бууруулахад тустай болох нь мөн нотлогдоод байна.

Бид хиймэл гэрлээр дүүрсэн 24 цагийн турш тасралтгүй амьдрал буцалж байдаг ертөнцөд, хоногийн аль ч цагт хаанаас ч хоол хүнс олж идэх боломжтой нийгэмд амьдарч байна. Энэ нь хүмүүсийн хооллох хэмнэл алдагдах, улмаар энэ нь сэтгэцийн эрүүл мэндийн хувьд доройтох нэг шалтгаан болж байна. Гэхдээ сэтгэл гутралтай хүмүүсийн хооллолтын хэмнэлийг өөрчлөх замаар шинж тэмдгүүдийг бууруулах, амьдралын чанарыг эрс сайжруулах боломжтой юм. Тэгэхээр хэрэв бид хооллолтын хэмнэлээ зөв тохируулж чадвал энэ эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадна.

Түүнчлэн нийт хүн амын эрүүл хооллолт, оновчтой хооллолтын хэмнэлийг бий болгох хямд бөгөөд өндөр үр дүнтэй цагийн хязгаарлалттай хооллолт мэт аргуудын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх нь нэн чухал юм. Ялангуяа, эрүүл хооллолтын талаар ярихдаа зөвхөн хоолны агуулгыг анхаарч үзэхээс гадна хоолны хэмнэл чухал гэдгийг байнга сануулж байх хэрэгтэй.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn