Хүүхдийн аз жаргалын түлхүүр нь эрүүл хооллолтын дэглэм

Амттан, боловсруулсан хүнс, чихэрлэг ундаа зэрэг сахар, сахар орлуулагч, өөх тос, давс ихтэй эрүүл бус хүнсний аюулыг зарим эцэг эхчүүд дутуу үнэлдэг. Эдгээр нь хүүхдийн өсөлт, хөгжилд ямар ч ашиг тусгүй төдийгүй шүдний цооролт, таргалалт, эдгээрээс улбаалсан архаг үрэвсэл, дархлааны хямрал, сэтгэл зүйн асуудлуудад хүргэж, цаашлаад насан туршийн эрүүл мэндийн асуудлын үндэс болдог.
Хүүхдийн аз жаргалын түлхүүр нь эрүүл хооллолтын дэглэм

Илүүдэл жинтэй хүүхдийн тоо дэлхий дахинд улам бүр нэмэгдэж, олон улс орны хувьд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. АНУ-д л гэхэд 3 хүүхэд тутмын 1 нь илүүдэл жинтэй эсвэл таргалалттай байдаг бөгөөд энэ нь 1970-аад оноос хойш гурав дахин өссөн үзүүлэлт юм. Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйл нь хүүхдүүдийн хооллолтын хэв маягийн өөрчлөлт, ялангуяа хэт боловсруулсан болон сахар, цэвэршүүлсэн нүүрс ус их агуулсан хүнсний хэрэглээ нэмэгдсэн явдал юм.

Илүүдэл жин нь эрүүл мэндийн олон асуудалтай холбоотой байдаг ч үүний цаана сэтгэл зүйн асуудлуудыг ч дагуулдаг. Илүүдэл жинтэй хүүхдүүд өөрийгөө үнэлэх үнэлэмж бага байхын зэрэгцээ өөрийн биеийн талаарх сөрөг бодлууд тээж байдаг нь тэднийг сэтгэл гутралд илүү өртөмтгий болгодог.

Хүүхдийн таргалалт нэмэгдэхийн хирээр судлаачид илүүдэл жингийн цаадах сэтгэл зүйн асуудлуудыг илүү ойлгох, мөн илүүдэл жинтэй байх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлоход чиглэсэн олон тоо судалгаа хийгдэж байна. Түүнчлэн хүүхэд, нярайн хооллолт, амьдралын хэв маягаас үүдэлтэй эрүүл мэндийн асуудлуудыг тодорхойлох, тэдгээрээс урьдчилан сэргийлэх судалгаанууд ч хийгдсээр байна.

Шведийн Готенбургийн их сургуулийн Сахлгренска академийн баг хүүхдийн сэтгэл зүйн байдал ба жингийн хоорондын уялдаа холбоог судалсан судалгаа нь хүүхдийн хооллолт тэдний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдгийг тодорхой харуулжээ. Судалгаанд Европын найман орны 2-9 насны 7,675 хүүхдийн хооллолт болон сэтгэл зүйн байдлыг 2 жилийн турш ажигласан байна. Судалгааны үр дүнд эрүүл хооллолтын хэв маягийг дагаж мөрддөг хүүхдүүд 2 жилийн дараа сэтгэл санааны асуудал бага, бусад хүүхдүүдтэй харилцах харилцаа сайн бөгөөд өөрийгөө үнэлэх үнэлэмж илүү өндөр байдгийг тогтоожээ.

Илүү нарийвчилж авч үзвэл долоо хоногт 2-3 удаа загасаар хооллодог хүүхдүүдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж нь бусдаас илүү өндөр, үе тэнгийнхэнтэйгээ ямар ч асуудалгүйгээр харилцаж чаддаг бөгөөд сэтгэл санааны бусад асуудлууд ч бага байжээ. Бүхэл үр тарианы бүтээгдэхүүн илүү их хэрэглэх нь ч үе тэнгийнхэнтэйгээ холбоотой асуудал бага байхад нөлөөлж байв.

Түүнчлэн элсэн чихэр ихээр агуулсан амттан болон ундаа их уудаг хүүхдүүдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж харьцангуй доогуур байсан бол төрөл жимс, хүнсний ногоог илүү их хэрэглэдэг хүүхдүүд сэтгэл зүйн хувьд харьцангуй өөдрөг бөгөөд өөрийгөө илүү өндрөөр үнэлсэн байна.

Хүүхдийн хооллолтын хэв маяг тэдний сэтгэл зүйн байдалд нөлөөлдгийг тогтоосон үүнтэй төстэй олон судалгаа бий. Саяхан Nutritional Neuroscience сэтгүүлд хэвлэгдсэн нэгэн судалгаанд анхаарал сулрах, хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй хүүхдүүдийг жимс, хүнсний ногоо буюу эслэг их хэмжээгээр агуулсан хүнсийг түлхүү хэрэглүүлэх үед өвчний шинж тэмдгүүд буурч байгааг илрүүлсэн билээ. Мөн Зүүн Английн их сургуулийн судлаачид 2021 онд жимс, хүнсний ногоо их идэх нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд эергээр нөлөөлдгийг тогтоосон билээ.

Эдгээр судлаачид хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд жимс, хүнсний ногоо сайнаар нөлөөлж байгааг гэдэсний ашигтай бактериудтай шууд холбон тайлбарладаг. Учир нь гэдэсний ашигтай бактериуд нь жимс, ногоонд агуулагддаг эслэгээр хооллодог ба тэдний ялгаруулдаг тусгай бодисууд нь тархинд эерэг нөлөө үзүүлдэг болох нь олон тооны судалгаагаар нотлогдсон юм.

Эсрэгээрээ сахар ихээр агуулсан болон боловсруулсан хүнс их хэрэглэдэг хүүхдүүдийн гэдэсний бактери нь багасаж, төрөл зүйл нь цөөрдөг ба энэхүү өөрчлөлт нь хүүхдийн насанд туршид бие махбод болон сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, ирээдүйд хорт хавдар гэх мэт архаг, үрэвсэлт өвчнөөр өвдөх шалтгаан болдгийг нотолсон судалгаа ч бий.

Зарим судлаачид хүний сэтгэл зүйн байдлыг хооллолтоор нь зохицуулж болно гэж үздэг. Жишээ нь, 2008 онд Appetite сэтгүүлд хэвлүүлсэн судалгааны өгүүлэлдээ Германы Вюрцбургийн их сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн профессор Майкл Махт сэтгэл хөдлөл ба хооллолтын хоорондын хамаарлыг үзүүлсэн сонирхолтой загварыг танилцуулжээ. Тус загварт хоол хүнсний сонголтод тухайн санхүүгийн байдал, хүний ухамсраас гадна сэтгэл хөдлөл ихээхэн нөлөөлдөг бөгөөд эргээд тэрхүү сонголт нь тухайн хүний сэтгэл зүйн байдалд эерэг, сөргөөр нөлөөлж байдаг гэж дүгнэсэн байдаг.

Харамсалтай нь хүүхдүүд танин мэдэхүйн хувьд хоолны ашиг тусаас илүүтэйгээр аль нь илүү амттайг нь сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн сонгох магадлал илүү өндөр. Гэхдээ ихэнх тохиолдолд хүүхдийн юу идэхийг тэд өөрсдөө биш, эцэг, эх эсвэл хууль ёсны асран хамгаалагчид нь тэдний өмнөөс сонгодог. Хэрэв тэд мөн л сэтгэл хөдлөлдөө хөтлөгдсөн буруу сонголт хийвэл бас л тэдний сэтгэл зүйн байдал, цаашлаад сөргөөр нөлөөлөх болно.

Өөрөөр хэлбэл, хүүхдийн сэтгэл зүй болон бие махбодын эрүүл мэндийн байдал, цаашлаад ирээдүйд ямар нэг архаг өвчнөөр өвдөх эрсдэл нь тэдний хооллолтын хэв маягаас шууд хамаардаг. Тийм учир хүүхдэдээ юуг идүүлэх, идүүлэхгүй байх нь эцэг, эхчүүдийн хамгийн хариуцлагатай сонголт юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn