Хоолны дуршил бактериудтай холбоотой

Та ямар хоолонд илүү дуртай вэ. Идэх дуртай хоол чинь илүүдэл жин, таргалалт цаашлаад бусад өвчин эмгэгийн шалтаан болж байгаа юм биш биз. Гэхдээ таны ямар хоолонд илүү их дурлаж байгаа нь таны өөрийн биш, харин гэдсэнд агуулагдаж байгаа бактериудын хүсэл байх магадлалтай.
Хоолны дуршил бактериудтай холбоотой

Ямар хоол идэх талаарх бидний шийдвэр зөвхөн тархинаас гардаггүй гэнэ. Пенсильванийн Питтсбургийн их сургуулийн доктор Кевин Кол, доктор Брайан Тревеллин нар хулгана дээрх туршилтаар бидний идэх хоолоо сонгох механизм гэдэсний бичил биетэнтэй холбоотой байх магадлалтайг тогтоосон байна.

Тэдний судалгаагаар хулгануудын гэдэсний бичил биетнийг өөрчлөх үед хулгануудын хоолны сонголт өөрчлөгдөж байжээ. Өөрөөр хэлбэл, амьтад гэдэсний бичил биетний найрлагаас хамааран юу идэхээ сонгодог байх өндөр магадлалтай байгаа юм.

Аливаа амьд биет бүрд амьд үлдэхийн тулд уургийн бүтцийн гол найрлага болох зарим амин хүчлүүдийг гадаад орчноос авах хэрэгтэй болдог. Яг үүнтэй ижлээр бидний гэдсэнд амьдардаг микробуудад ч амьд үлдэх, цаашлаад өсөж үржихийн тулд эдгээр амин хүчлүүдийг агуулсан хоол хүнс шаардлагатай болдог. Гэвч тэд өөрсдөө хоолоо сонгон идэж чадахгүй, суурьшин амьдарч буй амьтны хоолноос хуваалцах ёстой учир тэрхүү шаардлагатай амин хүчлүүдийг олж идэх дохиог тухайн амьтны мэдрэлийн тогтолцоогоор дамжуулан тархинд нь дамжуулдаг байж болох талтай.

Уураг бол хүний биед хамгийн чухал органик нэгдэл бөгөөд химийн бүтцийн хувьд амин хүчлүүдээс бүрддэг. Хүний биед л гэхэд хэвийн үйл ажиллагаагаа явуулахын тулд 20 төрлийн амин хүчил шаардлагатай байдаг аж. Үүнээс 9 нь хүний биед нийлэгжих боломжгүй, зөвхөн хоол хүнсээр авдаг амин хүчлүүд юм. Харин гэдэсний бактериуд эдгээр амин хүчлүүдийг үйлдвэрлэх чадвартай байдаг.

Хүний биед үүсдэггүй, чухал шаардлагатай амин хүчлүүдийн нэг нь триптофан юм. Энэ нь амьд биетэд зайлшгүй шаардлагатай чухал амин хүчил бөгөөд гэдэс тархины хооронд мэдээлэл дамжуулагч нейротрансмиттер болох серотонины гол найрлага юм. Серотонин даавар нь хоолны сонголтыг зохицуулахад гол үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг.

Туршилтаар триптофаныг ихээр ялгаруулах чадвартай бактериуд гэдсэнд дутагдсан байх үед хулганууд уураг ихээр агуулсан хоолыг сонгон идэж байв. Энэхүү туршилт нь бидний өдөр тутмын хоолны сонголтод триптофан хэрхэн шууд нөлөөлж болохыг тодорхой харуулсан. Энэ мэтээр бусад амин хүчлүүд болон бусад шаардлагатай эрдэс бодисуудаар дамжуулан бидний ямар хоолонд илүү дурлах нь гэдсэнд ямар бактери агуулагдаж байгаагаас хамаардаг байх өндөр магадлалтай байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn