Хооллолтын хэмнэл ба бодисын солилцооны хам шинж

Өмнөх нийтлэлд хооллолтын хэмнэл нь сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар авч үзсэн бол энэ удаагийн нийтлэлд тогтмол бус, тодорхой хэмнэлгүй, бодисын солилцооны био хэмнэлд нийцээгүй хооллолт нь хэрхэн бодисын солилцоог хямрааж, таргалалтыг өдөөж, зүрх судасны өвчин, чихрийн шижингийн шалтгаан болдог талаар тайлбарлах болно.
Хооллолтын хэмнэл ба бодисын солилцооны хам шинж

Бодисын солилцооны хам шинж гэдэг нь зохисгүй хооллолтын хэв маяг, хөдөлгөөний дутагдал, нойргүйдэл, стресс, тамхидалт, согтууруулах ундааны хэт их хэрэглээ зэрэг олон тооны хүчин зүйлсийн улмаас хэвийн бодисын солилцоо явагдах нөхцөл хязгаарлагдсанаар таргалалт, зүрх судасны өвчин, цус харвалт, чихрийн шижингийн хэв шинж 2 зэрэг өвчнүүд нэгэн дор илрэхийг хэлдэг. Эдгээр өвчнүүдийн үед бодисын солилцоо, бие махбодын дотоод зохицуулга алдагдсанаар цусны даралт ихсэх, цусан дахь сахарын хэмжээ ихсэх, бүсэлхий орчим илүүдэл өөх хуримтлагдах, “муу” өөх тос, триглицеридийн түвшин ихсэх зэрэг үндсэн шинж тэмдгүүд илэрдэг.

Бодисын солилцооны хам шинжийн үед хамгийн түрүүнд нүүрс усны солилцоо хямардаг бөгөөд үүний нөлөөгөөр нойр булчирхайгаас ялгардаг инсулин даавар цусны сахарыг хэвийн хэмжээнд нь барьж чадахгүй болдог. Үүнийг инсулины дөжрөл гэдэг. Энэ үед хэдийгээр инсулин хэвийн хэмжээгээр ялгарч байгаа ч бие махбод түүнд зохих ёсны хариу үйлдэл үзүүлэхгүй учраас цусан дахь сахарын хэмжээг бууруулж чаддаггүй.

Хэрэв инсулины дөжрөл үүссэн эхний үед шинж тэмдэг илэрдэггүй бөгөөд үүнийг предиабет гэдэг. Улмаар инсулины дөжрөл гүнзгийрсээр цусны сахарыг зохицуулж чадахгүй болох үед их уух, их шээх зэрэг чихрийн шижингийн гол шинж тэмдэг илэрч эхэлдэг.

Чихрийн шижинтэй хүмүүст цусанд агуулагдах хэт их сахарын нөлөөгөөр цусны болон мэдрэлийн судаснууд гэмтсэнээр тархины цус харвалт, хүрэлцэх мэдрэхгүй алдагдах, нүдний уг гэмтсэнээр хараагүй болох, бөөрний судсыг гэмтээснээр бөөрний дутагдалд орох, шархлаат үрэвслийн улмаас хөлөө тайруулах гэх мэт олон хүндрэл гардгаас хамгийн нийтлэг тохиолддог нь зүрх судасны хүндрэл юм.

Чихрийн шижингийн үед цусан дахь сахарын хэмжээ ихсэх нь зүрх, судас болон зүрх судасны үйл ажиллагааг хянадаг мэдрэлийг гэмтээснээр энэ нь артерийн даралт ихсэж, судас хатуурч, нарийсаж, эд эрхтнүүдийн цусан хангамж дутагдах шалтгаан болдог.

Чихрийн шижингийн урьдал (предиабет) буюу инсулины дөжрөл эхэлсэн үед хоолны дэглэмийг өөрчлөх нь чихрийн шижин өвчин болохоос урьдчилан сэргийлэх гол арга зам гэж үздэг. Үүнээс гадна таргалалт, бодисын солилцооны хам шинжээс үүдэлтэй чихрийн шижин, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд юу иддэгт биш, харин хэзээ идэх вэ гэдэг нь илүү чухал гэж үзэх болсон. Хоолны хэмнэлийг өөрчлөх замаар бодисын солилцооны хам шинжийн эрсдэлийг бууруулах боломжтой болох нь 2017 онд Америкийн Зүрх судасны эмгэг судлалын нийгэмлэгийн судалгаагаар нотлогдсон.

Мөн 2020 онд Хятадын Харбин их сургуулийн судалгааны баг чихрийн шижин өвчтэй хүмүүст хоол хүнсний хэмжээ, чанараас гадна хооллолтын хэмнэл чухал болохыг тогтоосон. Тэд чихрийн шижинтэй хүмүүс оройн цагаар илүү их иддэг бөгөөд энэ нь энэ өвчнөөр өвдөхөд хүчтэй нөлөөлснийг тус судалгаагаар баталсан юм.

Тус судалгааны багийн хамгийн сүүлд буюу 2022 онд хийсэн судалгааны үр дүнгээр чихрийн шижинтэй хүмүүсийн хооллолтын хэмнэлийг бодисын солилцооны хэмнэлтэй зөв тохируулах замаар зүрх судасны хүндрэлээс сэргийлэх боломжтой гэж үзсэн байна.

Тогтмол бус хооллолт нь бодисын солилцооны хам шинж үүсэхэд хэрхэн нөлөөлж, хоолны хэмнэлийг өөрчилснөөр чихрийн шижин, зүрх судасны өвчний эрсдэл буурч байгааг дараах байдлаар тайлбарлаж байна.

Нэгдүгээрт, эсийн ДНХ-д агуулагддаг, бодисын солилцоог зохицуулдаг олон тооны гений үйл ажиллагаа нь өдрийн турш тодорхой хэмнэлтэйгээр ажилладаг. Тухайлбал, өглөө нүүрс ус, өөх тосны солилцоог зохицуулдаг генүүд идэвхтэй байдаг тул энэ үеэр өөх тос, нүүрс усны солилцоо илүү идэвхтэй явагддаг бол нойрсолтыг хариуцдаг мелатонины нийлэгжилт, үрэвсэл, хэт исэлдэлтийн стресстэй холбоотой генүүд оройн цагаар илүү идэвхтэй байдаг.

Өөрөөр хэлбэл, оройн цагаар их идэх үед өөх тос, нүүрс усны солилцоог зохицуулдаг генүүдийн идэвх сул байх тул илүүдэл өөх тос өөхний эсэд хуримтлагдаж таргалах шалтгаан болох ба мөн энэ үед үрэвсэл, их исэлдэлтийн процесс илүү идэвхтэй байх бөгөөд эд, эсийг гэмтээдэг эдгээр процессууд таргалалттай хавсарснаар бодисын солилцооны хам шинж үүсэх гол шалтгаан болж байгаа юм.

Харин эсрэгээрээ хоол хүнс хэрэглэх хугацаа нь энэхүү бодисын солилцооны хэмнэлд нийцсэн буюу өглөө, өдрийн цагаар илүү их идэх үед бодисын солилцоо хямардаггүй.

Хоёрдугаарт, дээр дурдсан физиологийн мөчлөгөөс гадна хоол хүнс нь өөрөө бие махбодын биологийн хэмнэлийг зохицуулах нэг гол хүчин зүйл болж байдаг. Иймээс хоолны хэмнэлийг зохистой байлгаснаар бодисын солилцоог дахин сэргээж чихрийн шижин, зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулдаг.

“Эрүүл хооллолтын хэв маяг” хэмээх ойлголт нь зөвхөн эрүүл, чанартай хүнсийг хэрэглэхээс гадна “зөв хэмнэлтэй” хооллолтыг хэлдэг. Өөрөөр хэлбэл, хооллолтоос хамаарсан өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд юу идэх вэ гэдгээс гадна хэзээ идэх вэ гэдэгт мөн анхаарал хандуулах ёстой юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn