Хүнсний эслэг хүн бүрд өөрөөр нөлөөлдөг

Судалгаагаар эслэгийн эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус хувь хүнээс хамаарч өөр байдгаас гадна эслэгийн төрөл, хэмжээ, тухайн хүний гэдэсний бактериудаас хамаардаг болохыг тогтоожээ.
Хүнсний эслэг хүн бүрд өөрөөр нөлөөлдөг

Эслэг бол эрүүл хоолны дэглэмийн салшгүй хэсэг юм. Энэ нь зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг өвчний эрсдэлийг бууруулах шууд нөлөөтэйгөөс гадна гэдэсний хэвийн бичил биетний өсөлтийг дэмжих, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх замаар бусад олон өвчнөөс шууд бусаар сэргийлдэг.

Гэхдээ эдгээр ашиг тус хүн бүрд ижил байдаггүй гэдгийг Cell Host & Microbe сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд дурджээ. Тус судалгаагаар эслэгийн эрүүл мэндийн ашиг тус нь хувь хүнээс хамаарч өөр өөр байдгаас гадна эслэгийн төрөл, хэмжээ, тухайн хүний гэдэсний бактериудаас хамаардаг болохыг тогтоожээ.

Байгаль дээр усанд уусдаггүй эслэг, уусдаг эслэг гэх хоёр төрөл байдаг бөгөөд хоёулаа цардуул агуулаагүй полисахаридууд юм. Хүний хоол боловсруулах эрхтэн эдгээрийн аль алийг нь задалж боловсруулах чадваргүй. Уусдаггүй эслэг нь хоолны дэглэмд илүү ашигтай бөгөөд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлж, өтгөн хатахаас сэргийлдэг бол уусдаг эслэг нь гэдэсний бактерийн нөлөөгөөр задарч гель хэлбэртэй бодис үүсгэдэг. Энэ нь холестерины түвшин бууруулах, цусан дахь сахарын хэмжээг зохицуулахад тусалдаг.

Стэнфордын Анагаах Ухааны Сургуулийн судалгааны баг арабиноксилан (AX) ба урт гинжин инулин (LCI) хоёр төрлийн уусдаг эслэгийг хүмүүст идүүлж, үр нөлөөг нь тооцсон байна. Судалгааны үр дүнд арабиноксилан ихээр агуулсан хүнс идэх үед бага нягтралтай липопротейн (LDL) буюу "муу" холестерины хэмжээ мэдэгдэхүйц буурч, цөсний хүчлүүд нэмэгдсэн. Харин урт гинжин инулин хэрэглэсэн хүмүүст үрэвслийн маркерууд бага зэрэг буурч, гэдэсний ашигтай бактериуд өсжээ. Мөн энэхүү өөрчлөлт нь тухайн хүний гэдэсний бактериудын төрөл зүйлээс хамааран ялгаатай байв.

Энэхүү үр дүн төрөл бүрийн хүнсэнд агуулагддаг өөр өөр химийн бүтэцтэй эслэгийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь харилцан адилгүй бөгөөд үүнд гэдэсний бактериуд нөлөөлж болохыг харуулсан анхны судалгаа юм. Судалгааны баг үүнд үндэслэн хүмүүс зорилгоосоо хамааран өөр өөр төрлийн эслэг хэрэглэх шаардлагатай гэсэн санаа дэвшүүлжээ. Дээр дурдсанчлан LDL-ийн хэмжээг бууруулахад арабиноксилан, үрэвслийг бууруулахад урт гинжин инулин хэрэглэж болно. Арабиноксилан нь хөх тариа, улаан буудай, овьёос зэрэг бүхэл үр тарианд илүү их байдаг бол нь урт гинжин инулин нь сонгино, цикори үндэс (chicory root), саримс, артишок зэрэгт агуулагддаг.

Эх сурвалж: Cell host and Microbe

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn