Өглөөний цай хамгийн чухал нь уу?

Өглөөний цайг өөртөө гэдэг. Ихэнх хүн үүнийг өдрийн хамгийн чухал хоол гэж тодорхойлдог. Гэхдээ өглөөний цайгаа уухгүй байх нь эрүүл мэндэд үнэхээр нөлөөтэй юу. Энэ талаар мэргэжилтнүүд ямар байр суурьтай байдаг вэ?
Өглөөний цай хамгийн чухал нь уу?
@ Pic Jumbo

Өглөөний цай нь англи хэл дээр шууд утгаараа “to break the fast” буюу мацаг тайлах, мацаг барихаа зогсоох гэсэн үгээр илэрхийлэгддэг. Өөрөөр хэлбэл, нэг шөнийн турш мацаг барьсны дараах шинэ өдрийн эхний хоол юм.

1960-аад онд Америкийн хоол тэжээлийн мэргэжилтэн Адель Дэвис өөрийгөө чийрэгжүүлж, таргалалтаас зайлсхийхийн тулд өглөөний цайгаа хаан шиг, өдрийн хоолоо ханхүү шиг, оройн хоолоо ядуу хүн шиг идэх хэрэгтэй гэж зөвлөснөөр өглөөний цай өдрийн хамгийн чухал хоол хэмээн нэрлэгдэх болсон түүхтэй.

АНУ-д хийгдсэн судалгаагаар нийт хүн амын 15 орчим хувь нь өглөөний цай уудаггүй гэж хариулсан бол бусад нь үүнийг өдрийн хамгийн чухал хоол гэж үздэг. Өглөөний цай нь бие махбодыг шим тэжээлээр хангаж, өдрийг эрч хүчтэй эхлүүлэхэд тусалдаг. Жингээ хасахад ч тустай гэдэгт олон хүн итгэдэг.

Өглөөний цай үнэхээр өдрийн хамгийн чухал хоол мөн үү?

Хариулт нь нэлээд төвөгтэй. Зарим судалгаагаар өглөөний цайг алгасах нь ямар ч хор хөнөөлгүй гэж үздэг бол зарим судалгаагаар эсрэг дүгнэлт гарсан байна.

Хятадын эрдэмтдийн 2021 онд хийсэн судалгаанаас үзэхэд долоо хоногт долоон удаа өглөөний цай уудаг хүмүүсийн муу өөх тосны (LDL) хэмжээ буурснаар зүрх судасны өвчин, чихрийн шижин, таргалалт, цусны даралт ихсэлт, цус харвалт, хэвлийн таргалалт болон зүрх судасны өвчний шалтгаант нас баралтын эрсдэл буурдаг болохыг тогтоожээ.

Гэхдээ эдгээр хүмүүсийн өглөөний цайндаа юу иддэгийг авч үзвэл зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулах нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүнийг өглөөний цайнд голчлон хэрэглэсэн байгаа нь зүрх судас, бодисын солилцооны өвчний эрсдэл буурах шалтгаан өглөөний цайндаа биш харин идсэн зүйлийн агууламж илүү нөлөөлсөн ч байж болох талтай.

Охайо мужийн их сургуулийн судлаачдын 30 мянга гаруй хүнийг оролцуулсан судалгаагаар өглөөний цайгаа алгасдаг хүмүүс фолат, кальци, төмөр, витамин А, витамин B1, B2, B3, витамин С, витамин Д зэрэг нэн чухал шим тэжээлийн бодисуудыг авах боломжоо алддаг гэж дүгнэсэн байна.

Мөн Израилын Тель-Авивын их сургуулийн судалгаагаар өглөөний цай уухгүй байх нь эрүүл болон чихрийн шижинтэй хүмүүсийн циркадиан хэмнэлийг алдагдуулдаг гэж дүгнэсэн. Тэдний судалгааны явцад өглөөний цайгаа алгассан хүмүүс өдрийн хоол идэх үед цусан дахь глюкозын хэмжээ хэт их нэмэгдэж байгааг илрүүлжээ. Иймээс өглөөний цай уух нь биеийн дотоод цаг буюу циркадиан хэмнэлийг хадгалахад чухал ач холбогдолтой гэж үзсэн байна.

Эдгээр эерэг үр дүнтэй судалгаануудаас гадна эсрэг үр дүнд хүрсэн судалгаанууд ч бий.

Өглөөний цайгаа уусны дараа өлсөх мэдрэмж бага мэдэрсний улмаас өдрийн хоол бага иддэг боловч өдрийн нийт хоол хүнснээс авдаг илчлэгийг тооцвол өглөөний цай уудаггүй эсвэл уудаг хүмүүсийн хувьд бараг ялгаагүй байдаг гэсэн судалгаа бий.

Мөн 4 сарын турш явуулсан өөр нэг туршилтаар илүүдэл жинтэй эсвэл таргалалттай, жингээ хасах гэж оролдож буй хүмүүст өглөө цай уух, уухгүй байх гэсэн хоёр сонголт өгч, үр дүнг тооцсон байна. Судалгааны төгсгөлд судлаачид өглөөний цай алгасах нь өглөөний цайгаа уудаггүй хүмүүстэй харьцуулахад жин хасахад мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

2019 онд BMJ сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаанд үүнтэй төстэй 13 туршилтын үр дүнг нэгтгэн дүгнэлт хийжээ. Үр дүнд нь өглөөний цай нэмэх нь жин хасах сайн стратеги биш, эмч нар жингээ хасахын тулд өглөөний цайгаа алгасахгүй уухыг санал болгосон. Гэхдээ илүү болгоомжтой байх хэрэгтэй, учир нь эсрэгээрээ жин нэмэхэд хүргэж ч болно гэж үзжээ. Гэхдээ үүнд эргэлзэх нэг шалтгаан бий. Учир нь тэдгээр судалгаанд хүнсний төрлийг харгалзан үзээгүй байна. Сонирхолтой нь, 2020 онд Obesity сэтгүүлд хэвлэгдсэн нэг судалгаагаар өглөөний цайгаа алгасах нь өдрийн нийт илчлэгийн хэмжээг 252 калориор бууруулдаг гэж дүгнэжээ. Гэхдээ одоогийн байдлаар өглөөний цай биеийн жинг нэмэгдүүлдэг гэсэн хангалттай нотлох баримт байхгүй байна.

Тэгвэл өглөөний цайгаа уух уу эсвэл уухгүй байх ёстой юу? Өглөөний цай шөнийн турш хоолгүй байсан бие махбодоо шим тэжээлээр хангах боломжийг олгодог учраас уух хэрэгтэй. Гэхдээ сүүлийн үеийн судалгаануудаас үзэхэд өглөөний цай өдрийн хамгийн чухал хоол биш ч байж магадгүй юм. Хэрэв өглөө өлсөж сэрсэн бол илчлэгийн дутагдлыг нөхөхийн тулд өглөөний цайгаа уух ёстой. Харин өглөө сэрэхдээ өлсөөгүй эсвэл өглөөний цай уух зав гараагүй учир алгассан бол эрүүл мэнддээ хор хөнөөл учрууллаа гэж зовних шаардлагагүй. Түүнээс гадна өглөөний цайг уух уу, уухгүй байх уу гэдгээс илүүтэйгээр юу идэх нь илүү чухал ач холбогдолтой. Өглөөний цайнд өндөг, овьёосны будаа, тараг, жимс, бүхэл үр тарианы талх, чиа үр, бяслаг, авокадо, самар зэрэг уураг болон бусад шим тэжээлээр баялаг хүнсийг хэрэглэх нь өдрийг эрч хүчтэй эхлүүлэхэд, хоолны дуршлыг бууруулахад, биеийн жингээ хасахад тустай. Магадгүй өглөө өлсөхгүй бол, эсвэл өглөө цай уух зав гардаггүй бол өдрийн, оройн хоолны шим тэжээлийн хэрэглээгээ оновчтой болгоход анхаарах хэрэгтэй. Ялангуяа хэсэгчилсэн мацаг барьдаг хүмүүст өглөөний цай уухгүй байх нь мацаг барих хугацааг илүү уртасгахад илүү тустай ч байж болох юм. Харин биеийн шингэний алдагдлыг нөхөхийн тулд өглөө бур хангалттай хэмжээний ус уухаа хэзээ ч мартаж болохгүй шүү.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn