Үрэвслийн эсрэг хоолны дэглэм гэж юу вэ?

Бидний идэж буй хоол хүнс нь бие махбод дахь үрэвслийг өдөөж эсвэл дарангуйлах замаар олон өвчний эрсдэлд нөлөөлдөг. Хооллолтын улмаас бий болсон архаг үрэвсэл нь зүрхний өвчин, үе мөчний үрэвсэл, хорт хавдар зэрэг халдварт бус өвчинтэй шууд хамааралтай байдаг. Энэхүү нийтлэлд үрэвслийн эсрэг хоолны дэглэмийн үр нөлөө, боломжит ашиг тус болон анхаарах зүйлсийн талаар авч үзэх болно.
Үрэвслийн эсрэг хоолны дэглэм гэж юу вэ?

Үрэвслийн эсрэг хоолны дэглэм гэдэг нь антиоксидант, полифенол болон бие махбод дахь үрэвсэлтэй тэмцэх чадвартай дархлааны эсүүдийн үйл ажиллагааг сайжруулах, дархлааны хариу урвалын зохицуулгыг сайжруулах нөлөөтэй бусад нэгдлүүдээр баялаг хоол хүнс юм.

Үрэвсэл гэдэг нь хүний биед гэмтэл, халдвар болон бусад шалтгаантайгаар эд эс гэмтсэн үед түүнийг засах, сэргээх зорилготой байгалийн хариу үйлдэл юм. Гэвч таргалалт, агаарын бохирдол, зарим төрлийн хоол хүнс гэх мэт олон хүчин зүйлсийн нөлөөгөөр бидний биед байнгын болон архаг үрэвслийн урвал өрнөдөг бөгөөд энэ нь чихрийн шижин, зүрхний өвчин, хорт хавдар, Альцгеймерийн өвчин болон бусад олон архаг өвчний эрсдэлийг нэмэгдүүлж байдаг.

Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй хоол хүнсэнд турмерик, шанцай, цагаан гаа, саримс, чинжүү, розмарин ургамлууд, хан боргоцой, папайя, манго, акерола интоор зэрэг жимс, лууван, хулуу, ногоон навчит ногоо, цуккини зэрэг хүнсний ногоо, вандуй, пинто шош, вандуй, сэвэг зарам, хар нүдэн вандуй зэрэг шошийн төрлийн ургамлууд, загасны тос болон бусад омега-3 агуулсан бүтээгдэхүүнүүд, сүү, тараг гэх мэт сүүн бүтээгдэхүүн, эрдэнэ шиш, бүхэл үрийн гурил, талх, будаа зэрэг үр тарианы бүтээгдэхүүнүүд хамаардаг. Гэхдээ эдгээрээр хязгаарлагдахгүй.

Магадгүй хүнсний төрөл зүйлийн хувьд үрэвсэл үүсэх нөлөөтэй хүнснээс үрэвслийн эсрэг хүнс нь ч илүү олон байж мэдэх юм. Судалгаанаас үзэхэд хэд хэдэн хоол хүнсний зүйл биед үрэвслийг үүсгэдэг бөгөөд үүнд хэт цэвэршүүлсэн нүүрс ус агуулсан болон сахар нэмсэн хүнс, улаан мах, транс болон ханасан өөх тос, давс хамаарна.

Жишээлбэл, Газрын дундад тэнгисийн хоолны дэглэм гэж нэрлэгддэг хооллолтын хэв маяг нь цусны даралтыг бууруулах, зүрхний өвчнөөс сэргийлэх болон үрэвслийн эсрэг нөлөөгөөрөө хамгийн алдартай нь юм. Гол онцлог нь үрэвслийг өдөөдөг хоол хүнсийг шим тэжээл сайтай хоол хүнс, витамин зэрэг үрэвслийн эсрэг нэгдлүүд ихтэй ургамал, амтлагчаар сольсон байдаг. Тухайлбал, цагаан гурил, хоол хүнсний илүүдэл давс, чихэрлэг ундаанаас татгалзаж, жимс, хүнсний ногоо, үр тарианы хэрэглээг нэмэгдүүлдэг.

Мөн үрэвслийн эсрэг хоолны дэглэм нь гэдэсний эрүүл мэндийг маш сайн дэмждэг. Нидерландын Утрехтийн их сургуулийн судлаачдын судалгаагаар дархлааны эсийн 70-80% нь гэдсэнд байдаг бөгөөд эдгээр нь гэдэсний хэвийн бичил биетнүүдтэй харилцан үйлчилснээр хэвийн ажиллаж чаддаг тул гэдэсний эрүүл мэндийг сайжруулах нь дархлааг дэмжих, архаг үрэвслийг арилгахад хамгийн чухал нөлөөтэй гэж үзсэн байдаг.

Үрэвслийн эсрэг хүнсэнд хамаарах буурцагт ургамал, тараг зэрэг пробиотик, пробиотикоор баялаг хоол хүнс нь гэдэсний хэвийн бичил биетнүүдийн өсөлт, төрөлжилтийг маш сайн дэмждэг байна.

Үрэвслийн эсрэг хоолны дэглэм нь бие дэх үрэвслийн маркеруудыг бууруулж, архаг өвчний эрсдэлийг бууруулдаг болох нь олон тооны судалгаагаар нотлогдоод байна. 2016 онд Endocrine, Metabolic and Immune Disorders сэтгүүлд хэвлэгдсэн тойм өгүүлэлд Газар дундын тэнгисийн хоолны дэглэм нь бие махбод дахь үрэвслийн түвшнийг илтгэдэг С-реактив уургийн хэмжээг 20%, зүрх судасны өвчний ерөнхий эрсдэлийг 30%-иар тус тус бууруулдаг тухай дурджээ.

Түүнчлэн псориаз, уушгины архаг бөглөрөлт өвчин, сэтгэл гутралтай хүмүүст үрэвслийн эсрэг хоолны дэглэм нь зарим шинж тэмдгийг бууруулж, өвчтөнүүдийн амьдралын чанарыг сайжруулдаг болохыг ч тогтоожээ.

Ерөнхийдөө аль нэг үрэвслийн эсрэг тодорхой хоолны дэглэм барихаас илүүтэйгээр дээр дурдсан үрэвслийн эсрэг үйлдэлтэй хүнсийг илүү их хэрэглэж, үрэвсэл үүсгэгч хүнсийг бага хэрэглэх нь архаг үрэвслээс шалтгаалсан олон тооны өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж олгодог.

Хооллолтын хэв маягийг дараах байдлаар өөрчлөхөд үрэвслийн эсрэг нөлөө үзүүлж, олон тооны архаг, халдварт бус өвчний эрсдэлийг бууруулдаг. Үүнд:

- Хийжүүлсэн ундаа, өтгөрүүлсэн жүүс гэх мэт элсэн чихэр ихээр агуулсан ундааг энгийн цэвэр ус эсвэл жимс, жимсний цэвэр шүүсээр солих

- Өдөр тутмын хүнсэндээ илүү их үр тариа, хүнсний ногоо идэх замаар өдөрт хэрэглэх эслэгийн хэмжээг нэмэгдүүлэх

- Сардин загас, хулд зэрэг өөх тос ихтэй загасны махыг долоо хоногт хоёр удаа идэх

- Хоолондоо ханасан болон ургамлын тос хэрэглэхээс татгалзаж, самар, үр, самрын тос, авокадо, оливын тос зэргийг хэрэглэх

- Хоолны давснаас татгалзаж, төрөл бүрийн ургамлын гаралтай хоол амтлагчаар оруулах

- Цагаан гаа, саримс, шанцай, розмарин зэрэг ургамлын гаралтай цайг уух

Хэдийгээр үрэвслийн эсрэг хоол хүнс нь эрүүл мэндэд тустай боловч дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.

Юуны түрүүнд эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхийн тулд, ялангуяа самар, зарим төрлийн ургамал, ургамлын гаралтай хоол амтлагч зэрэг нь танд харшил үүсгэх эсэхийг анхаарах хэрэгтэй. Учир нь архаг үрэвсэлтэй хүмүүст дархлааны эсүүдийн хэвийн үйл ажиллагааны зохицуулга алдагдсан байдгаас олон төрлийн хүнсэнд харшлах магадлал өндөртэй байдаг.

Үрэвслийн эсрэг хоолны дэглэм нь үрэвслийг бууруулж, шинж тэмдгийг сайжруулахад үр дүнтэй байдаг ч эдгээр нь архаг өвчнийг дангаараа эмчлэх боломжтой гэвэл хэтрүүлсэн хэрэг болно. Харин архаг үрэвсэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон өвчний эмчилгээнд зохих эмийн болон амьдралын хэв маягийг өөрчлөх аргуудтай хослуулах нь илүү үр дүнтэй байна. Өөрөөр хэлбэл, хангалттай унтаж амарч чадахгүй, дасгал хөдөлгөөн хийхгүй, стресс зохицуулах арга замыг олохгүйгээр зөвхөн хоолоороо асуудлыг шийдэх боломжгүй юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn