Зүрхний шигдээс, цус харвалтын эрсдэлийг хоёр дахин нарийвчлалтайгаар шинжилдэг боллоо

Эрдэмтэд ойрын 4 жилийн хугацаанд хүнд тохиож болох эрсдэлийг тодорхойлох цусны шинжилгээ зохион бүтээжээ.
Зүрхний шигдээс, цус харвалтын эрсдэлийг хоёр дахин нарийвчлалтайгаар шинжилдэг боллоо
@ Getty Images

Цусан дахь уургийн хэмжээнд тулгуурладаг уг шинжилгээ нь одоогийн шинжилгээнээс бараг хоёр дахин өндөр нарийвчлалтай юм. "Энэ хүнд одоогийн эмчилгээ нь таарч байна уу эсвэл илүү сайжруулсан эмчилгээ шаардлагатай юу зэрэг асуултад хариулах боломжийг нээснээрээ энэхүү дэвшилтэт цусны шинжилгээ эмчилгээнд шинэ хил хязгаар тогтоож байна" гэж судалгааг удирдсан Колорадо мужийн Боулдер дахь СомаЛожик компанийн эмч Стивен Виллиамс хэлэв.

Энэхүү технологийг шинээр бүтээгдэж буй зүрх судасны эмийн эмнэл зүйн туршилтад ч ашиглах боломжтой ба туршилтын явцыг илүү хялбаршуулах давуу талтай юм.

Шинэ шинжилгээний технологийг АНУ-ын эрүүл мэндийн дөрвөн системд аль хэдийн ашиглаж эхэлсэн бөгөөд Виллиамс эмч Их Британи удахгүй хэрэглээндээ нэвтрүүлнэ хэмээн найдаж байгаа аж.

Генетикийн шинжилгээ хэн нэгнийг тодорхой өвчинд нэрвэгдэх эрсдэлийн талаарх ойлголт өгдөг бол уургийн шинжилгээ нь тухай хүний эрхтэн, эд, эсүүд юу хийж байгааг илүү нарийвчлалтай харуулах боломж олгодог.

Виллиамс эмч болон түүний хамтрагчид 4 жилийн хугацаанд хиймэл оюун ухаан ашиглан 22,849 хүний цусны сийвэн дэх 5,000 уургийг шинжилж зүрхний шигдээс, цус харвалт, зүрхний дутагдал эсвэл нас барах магадлалыг урьдчилан таамаглах боломжтой 27 уургийн шинж чанарыг тодорхойлжээ.

Зүрх судасны өвчлөлийг үнэлэхэд ашигладаг одоогийн хүчин зүйлс болох тухайн хүний нас, хүйс, арьсны өнгө, өвчний түүх, холестролын түвшин, цусны даралт зэргээс дээрх загвар 2 дахин илүү нарийвчлал өндөртэй байсан байна. Хамгийн чухал нь уг шинжилгээ хүмүүсийн биеийн байдлыг үнэн зөв үнэлэх боломжтой.

Өөрөөр хэлбэл, хэрэв таны эрсдэлийн оноо өндөр гарсан бол зүрх судасны өвчлөлд өртөх магадлал 50% байх ба хүндрэл үүсэх хүртэл дунджаар 18 сарын хугацаа байна гэсэн үг юм. Энэ тохиолдолд санаагаар унах зүйлгүй. Хамгийн чухал зүйл бол эрт илрүүлэх бөгөөд үүнд тохирох сайн эмчилгээ аль хэдийн бий болсон.

Лондоны Кингс коллежийн зүрх судасны протеомикийн профессор, Британийн Зүрхний сангийн төлөөлөгч Мануэл Майер "Уураг бол бидний биеийг бүрдүүлэгч гол материал. Энэхүү судалгаа бидний генээр кодлогдсон олон мянган уургийн дөрөвний нэгийг судалсан" гэв.

Эх сурвалж: The Guardian

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn