Ажлын ачаалал ба эрүүл мэнд

Олон цагаар хэтрүүлэн ажиллах нь хүний бие болоод сэтгэцийн эрүүл мэндэд удаан хугацаагаар нөлөөлдөг. Энэхүү нийтлэлд хэт их ажлын ачаалал эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлдөг талаар авч үзнэ. Мөн шинжлэх ухааны нотолгоонд тулгуурлан энэхүү сөрөг үр дагавраас хэрхэн урьдчилан сэргийлэх зөвлөгөөг хүргэнэ.
Ажлын ачаалал ба эрүүл мэнд

Шаргуу хөдөлмөрлөх бол амжилтад хүрэх гол үндэс гэдэг хэн бүхэнд ойлгомжтой. Энэ нь хувь хүний хөгжил, санхүүгийн эрх чөлөө, бусад хүмүүст үлгэр дуурайлал болж, урам зориг өгөх гэх мэт олон таатай нөхцөл бүрдүүлдгийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ хэт их ажиллах нь эсрэгээрээ нөлөөлөх ч боломжтой ажээ.

ДЭМБ-аас 2016 онд хэт их ажлын ачааллаас шалтгаалан 745,000 хүн дэлхий дахинд цус харвалт, зүрхний шигдээсээр нас барсан гэж мэдээлсэн байдаг бөгөөд энэ нь 2000 оныхоос 29%-аар өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, дэлхий дахинд ажлын ачааллаас үүдэлтэй эрүүл мэндийн асуудал улам бүр нэмэгдсээр байна.

Ковид-19 тахлын үед гэрээсээ ажиллах хэв маяг түгээмэл болсон билээ. Олон хүн амрах болон ажиллах хоорондын хил хязгаар арилж, бараг л цагийн хуваарьгүй, урт цагаар ажиллаж эхэлсэн. Улмаар хэт их ажиллахтай холбоотой эрүүл мэндийн асуудлууд нэмэгдсэн гэж үздэг.

Роберт Халф компанийн 2020 онд хийсэн судалгаагаар гэрээсээ ажиллах горимд шилжсэн хүмүүсийн 55% нь амралтын өдрүүдээр ажиллаж байсан бол 34% нь өдөрт 8 цагаас илүү цагаар ажилладаг байсан гэж хариулжээ. Нөгөө талд буюу цар тахлын голомтод ажиллаж байсан эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн ажлын ачаалал ихэссэнээс шалтгаалсан эрүүл мэндийн асуудлууд эрчимтэй нэмэгдсэн нь хэд хэдэн судалгаагаар нотлогдсон байдаг.

2019 оны 5 дугаар сард Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) хүний ажлын байрны стрессийг зохих ёсоор бууруулж, удирдаж чадаагүйгээс болж үүсэх эрүүл мэндийн асуудлуудыг “мэргэжлээс шалтгаалсан жирийн бус үзэгдэл” гэж ангилсан бөгөөд үүнд байнгын ядаргаа, ажилдаа сөргөөр хандах, ажлын бүтээмж буурах зэрэг үзэгдлүүд хамаарна.

Эдгээр нь зөвхөн ажлын ачаалал хэтэрснийг илтгэх үр дагаврууд юм. Хэт их ажлын ачааллын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл нь ажлын орчин, нөхцөл гэх мэт олон хүчин зүйлсээс хамаарч болохыг судлаачид онцолж байна.

Хүний бие болон тархи тодорхой ачааллыг тэсвэрлэх, түүнд дасан зохицох чадвартай байдаг боловч эдгээр нь хувь хүн бүрийн хувьд өөрийн гэсэн тодорхой хязгаартай байдаг бөгөөд илүү сайн ажиллахын тулд энэхүү хязгаараас хэтрүүлэхгүй байхад анхаарах ёстой гэж судлаачид зөвлөдөг. Дээр дурдсан шинж тэмдгүүд илрэх нь таны ачаалалд тэсвэрлэх чадвар хязгаартаа тулчихаад байгааг илтгэдэг юм.

Хэт их ажлын ачаалалтай холбоотой үүсэж болох хамгийн гол асуудал бол стресс. Стресс нь ачаалалд дасан зохицох хэвийн үзэгдэл боловч үүнийг зөв удирдаж чадаагүй тохиолдолд сэтгэл гутрал, чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчин болон хоол боловсруулах эрхтний асуудал үүсэх гол шалтгаануудын нэг болдог.

Ачааллыг даван гарахын тулд бие махбод их хэмжээний кортизол дааврыг ялгаруулж эхэлдэг ба энэ нь зүрхний шигдээс, тархины цус харвалтын нэг эрсдэлт хүчин зүйл болно. Мөн стрессийн даавруудын нөлөөгөөр булчингууд байнгын агшилтын байдалтай байснаас нуруу, хүзүү, толгой өвддөг. Цаашлаад чихрийн шижин, хорт хавдар, үе мөчний үрэвсэл, уушгины архаг өвчин болон сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудын эрсдэлийг нэмэгдүүлдэг бөгөөд үүнд дараах хүчин зүйлс нөлөөлнө.

Хэт их ажилладаг хүмүүсийн хувьд тав тухтай хооллох цаг байдаггүйгээс ажил дээрээ хооллох, хүнсний дэлгүүрээс түргэн хүнсээр хооллох нь нэмэгддэг. Энэ нь эрүүл бус хооллолтын зан үйлийг бий болгоно. Тэдэнд найзуудтайгаа уулзах, дасгал хөдөлгөөн хийх, ном унших, хөгжим сонсох гэх мэт өөрийгөө тайвшруулах бусад зүйлд зарцуулах цаг бага байх бөгөөд энэ нь стрессийг даван туулах боломжийг хязгаарладаг. Эцэст нь тэд стрессийг даван туулахын тулд архи, мансууруулах бодис хэрэглэхэд хүрдэг байна.

2018 онд хийгдсэн нэгэн судалгаагаар бага зэргийн стресс хүртэл хүний эрүүл мэндэд урт хугацааны сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг тогтоосон байдаг. Гэтэл дээр дурдсан замаар явж, архаг стресст өртсөн хүмүүс эрүүл мэндийн хувьд хэр их хохирол амсдаг болох нь тодорхой.

ДЭМБ-ын судалгаанаас үзэхэд долоо хоногт 55 ба түүнээс дээш цаг ажилладаг хүмүүсийн цус харвах эрсдэл 40 цаг ажилладаг хүнээс 35%-аар, зүрхний шигдээсээр нас барах эрсдэл 17%-аар их байдаг.

Уг асуудал дэлхий дахины тулгамдаж байгаа боловч Азийн орнууд, ялангуяа Япон, Өмнөд Солонгос, Тайваньд онцгойлон санаа зовоосон асуудал болоод байна. Япон хэлэнд "кароши" гэсэн тусгай нэр томьёо хүртэл үүссэн бөгөөд энэ нь "хэт их хөдөлмөрлөсний улмаас үхэх" гэсэн утга илэрхийлдэг юм. Тус улсын судлаачдын судалгааны үр дүнгүүдийг авч үзвэл кароши нь тархины цус харвалт болон зүрх судасны өвчнүүдтэй шууд холбоотой. Түүнчлэн ажлын ачаалалтай холбоотойгоор үүсэн сэтгэл гутралын улмаас амиа хорлох үзэгдэл ч цөөнгүй тохиолддог.

Тэгвэл ажил олгогчид болон ажилтнууд хэт их ачааллаас үүдэлтэй эрүүл мэндийн асуудлуудаас сэргийлэхийн тулд юу хийж чадах вэ?

Forbes сэтгүүлээс гаргасан ажилчдын хэт их ажлын ачааллыг бууруулах зөвлөмжид дараах шийдлүүдийг санал болгожээ.

  • Юуны түрүүнд ажил олгогчид ажилтнууддаа амрах, өөрийгөө цэнэглэх цаг гаргах, амралтын өдрүүдээ гэртээ өнгөрөөх ёстой гэдгийг сануулдаг байх нь тэдний хувьд манлайллын чухал үүрэг, хариуцлага байх ёстой.

  • Хэт удаан үргэлжилдэг, цаг үрсэн, ажлын бүтээмжийг бууруулах хурал цуглаан, захиргаадалтын шинжтэй ажлуудыг багасгахын тулд менежерүүд чадах бүхнээ хийх, байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх менежментийн арга барилуудыг хэрэгжүүлэх ёстой.

  • Хэрэв зайлшгүй уртасгасан цагаар ажиллах шаардлагатай бол ажилтнууд ажлын байран дээрээ оюун санаа болон бие махбодын хувьд ядаргаагаа тайлах, эрүүл хооллох боломж нөхцөлийг бүрдүүлж өгөх нь ажил олгогчдын үүрэг юм.

  • Шаардлагатай тохиолдолд ажилтнууд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж авах, хэт ачааллаас үүдсэн эрүүл мэндийн шалтгаанаар амралт авах эрхээр хангагдах ёстой. Ялангуяа, эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдгийн мөчлөг, жирэмслэлт зэрэг дааврын өөрчлөлт болон ар гэрийн амьдралын ачаалал холбоотой сэтгэл санааны хямралд илүү өртдөг тул тэдэнд мэргэжлийн хүмүүсийн туслалцаа илүү шаардлагатай болдгийг харгалзан үзэх хэрэгтэй.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn