Яагаад нэмэлт тун (booster) шаардлагатай вэ?

Ковид-19 цар тахлын 4 дүгээр давлагааны нөлөөлөлд дэлхий даяараа өртөөд байна. Дельта хувилбарын нөлөөгөөр үүссэн энэ удаагийн давлагаа нь вакцинжуулалтын ажил удааширсантай холбоотой гэж тайлбарлаж болохоор байна. Энэ үед хамгийн чухал алхам бол нэмэлт тунгийн дархлаажуулалт юм. Яагаад гэдгийг энэ нийтлэлээр тайлбарлах болно.
Яагаад нэмэлт тун (booster) шаардлагатай вэ?

Вакцинжуулалт удаашрах тусам вирус илүү олон хүний биед дамжин халдварлах ба шинээр халдвар авч буй хүн бүрийн дархлааны тогтолцоо вируст өөр өөр хариу урвал үзүүлэх үед вирус удмын мэдээллээ бага багаар өөрчилсөөр шинэ мутаци үүсэх шалтгаан болж байгаа бол нөгөө талаас вакцин хийлгэсэн хүмүүсийн биед үүссэн хамгаалалт нь цаг хугацаа өнгөрөх тусам суларч байгааг тогтоогоод байна. Иймээс халдварын тархалтыг таслан зогсооход вакцины нэмэлт тун чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

АНУ-ын Калифорни их сургуулийн эрдэмтэд тус улсад Ковид-19 цар тахлын эсрэг хэрэглэж байгаа Файзер (Pfizer-BioNTech), Модерна (Moderna) болон Жонсон & Жонсон (Jonhson and Jonhson) вакцинуудын дархлаа тогтоох хугацааг тогтоох оролдлого хийсэн байна. Тус судалгаагаар Ковид-19 халдварын эсрэг вакцинуудын үр нөлөөг үнэлж, цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдөж байгааг, халдвар авч нас барахад хэрхэн нөлөөлж байгааг үнэлэв. Судалгааны үр дүнгээр 2021 оны 2 дугаар сард вакцин тариулсан хүмүүсийн 87.9% нь дархлаатай болж байсан бол 10 дугаар сард энэ нь 48.1% хүртэл буурсан болохыг тогтоожээ.

Энэхүү 8 сарын хугацаанд Жонсон ба Жонсон вакцины хамгаалалт хамгийн их буюу 13.1% хүртэл буурсан байна. Гэхдээ эдгээр вакцинуудын халдвараас хамгаалах чадвар нь суларсан боловч 65-аас доош насны хүмүүсийн хувьд халдвар авсан ч нас барахаас хамгаалах чадвар нь Файзер 84.3%, Модерна 81.5% байсан бол Жонсон ба Жонсон вакцины хувьд 73% байна. Иймээс тус судалгааны багийн эрдэмтэд вакцинжуулалтын нэмэлт тунгийн кампанит ажлыг эрчимжүүлэх байна гэж дүгнэжээ.

Энгийнээр тайлбарлавал онолын хувьд нэмэлт тун нь дархлааны тогтолцоог дахин сэдэлжүүлэх замаар вирусийн эсрэг тэмцэх чадварыг нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл нэмэлт тун тариулсны дараа вакцины суларч буй хамгаалалт буцаад эхний вакцин тариулсан үеийнхтэй ижил түвшинд очих ёстой. Мөн энэ үед үүссэн, вирусээс хамгаалах гол зэвсэг болох саармагжуулагч эсрэг бие болон санамжийн эсүүд цаашид цусанд илүү удаан хадгалагдах боломжтой болдог.

Энэ нь 2 болон түүнээс дээш тунгаар вакцинжуулах шаардлагатай олон халдварт өвчнүүд дээр батлагдсан. Тухайлбал дархлаажуулалтын үндэсний товлолд багтдаг халдварт саа өвчнөөс бүрэн хамгаалж чадах дархлаа тогтоохын тулд 4 тун тарих шаардлагатай байдаг бол сахуу, татрангаас сэргийлэх вакциныг 7 болон 15 настай хүүхдэд 2 тун тарьснаар насан туршдаа халдвараас хамгаалагддаг. Харамсалтай нь одоогийн нөхцөл байдалд Ковид-19 цар тахлын үед хэдэн удаагийн ийм идэвхжүүлэлт нь насан туршийн дархлаа тогтоохыг хэлэх боломжгүй байна. Үүний тулд бидэнд илүү их цаг хугацаа хэрэгтэй.

Ковид-19 халдварын үед нэмэлт тун шаардлагатай эсэх, дархлааны хамгаалалтыг хэрхэн бий болгохыг тодорхойлох судалгааг Харвардын их сургууль болон Израилийн Клалит судалгааны хүрээлэнгийн эрдэмтдээр ахлуулсан баг хийсэн бөгөөд тэдний судалгаагаар вакцины нэмэлт тун нь Ковид-19 халдварын хүндрэлийн эрсдэлийг эрс бууруулж байна гэж дүгнэжээ.

Тус багийнхан Израилийн хамгийн том эрүүл мэндийн байгууллага болох Клалит эрүүл мэндийн үйлчилгээ (Clalit Health Services)-ний мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн. 2020 оны 7 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сарын хооронд Файзерийн гурав дахь тунг тариулсан 728,321 хүнийг дагаж судалжээ. Эдгээр хүмүүсийг гурав дахь тунг тариулснаас хойш 7 дахь өдрөөс эхлэн дархлаанд ямар өөрчлөлт гарч байгааг тогтоосон байна. Мөн ижил тооны, хоёр тун Файзерийн вакцин тариулсан хүмүүсээс шинжилгээ авч, үр дүнг харьцуулсан байна.

Судалгааны үр дүнд нэмэлт тунг тариулсан хүмүүсийн цусан дахь эсрэг биеийн тоо нэмэгдэж эхэлсэн бөгөөд нийт үр дүнг нэгтгэж үзэхэд нэмэлт вакцин хийлгэсэн хүмүүсийн халдвар авч эмнэлэгт хэвтэх магадлал нь 5-аас доошгүй сарын өмнө хоёр дахь тунгаа хийлгэсэн хүмүүстэй харьцуулахад 93%-аар, хүндээр өвчлөх эрсдэл 92%-аар, Ковид-19 халдвараар нас барах эрсдэл нь 81%-аар тус тус бага байжээ. Энэхүү үр дүнг хүйсийн хувьд болон насны бүлгүүдэд ялгаатай эсэхийг харьцуулж тооцоход 40-70 насны, эрэгтэй эмэгтэй хүмүүст ижилхэн байжээ.

Одоогоор АНУ-ын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн төвөөс 65 болон түүнээс дээш насны ахмадууд, 18 болон түүнээс дээш насны архаг өвчтэй болон өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй хүмүүс болон Жонсон & Жонсон вакцины 1 тун тариулсан хүмүүст нэмэлт тунгийн вакцинжуулалтад хамрагдахыг зөвлөж байна.

Энэ зөвлөмжийг удирдлага болгон авч үзвэл Монгол Улсын хүн амын ихэнх хэсэг нь Жонсон & Жонсон вакцинтай ижил буюу саармагжуулсан вирус агуулсан Синофарм компанийн вакцин тариулсан тул эхний удаад эдгээр хүмүүст нэмэлт тунгийн вакцин шаардлагатай гэж үзэж болохоор байна.

Эх сурвалж: Science, Lancet

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn