Яагаад өтгөнөө барьж болохгүй вэ?

Бид хэр олон удаа өтгөнөө гаргах ёстой вэ? Хэрэв та энэ асуултыг Google-ээс асуувал өдөрт гурван удаа эсвэл гурван өдөрт нэг удаа гэх мэт олон янзын хариулт гарч ирэх болно. Гэхдээ эдгээр хариултуудын хооронд маш том зааг байна. Мэргэжилтнүүд энэ асуултын зөв хариулт нь танд шулуун гэдэс дүүрсэн мэдрэмж төрөх бүрд гэж хариулж байна.
Яагаад өтгөнөө барьж болохгүй вэ?

Бид амьдралынхаа туршид ус, бактери, азотын нэгдлүүд, биед шингэдэггүй эслэг, илүүдэл өөх тос зэргээс бүрдэх зургаан тонн орчим өтгөн ялгадсыг гадагшлуулдаг. Бүдүүн гэдэс өтгөнөөр дүүрсэн үед түүнийг гадагшлуулах цаг болсныг мэдээлэх дохио тархинд дамждаг.

Өтгөнд агуулагдах дээрх бодисууд нь бидний бие дотор удаан байх тусам исэлдэх, задрах хандлагатай байдаг. Тэдгээрийн задралаас үүссэн хортой нэгдлүүд буюу метаболитууд, хортой хий зэрэг нь шулуун гэдэсний салст бүрхэвчээр шимэгдэн цусанд эргэж ордог.

Үүнийг анагаах ухаанд бүдүүн гэдэсний “авто” хордлого буюу бүдүүн гэдэс өөрөө өөрийгөө хордуулах үзэгдэл гэж нэрлэдэг байна. Энэ нь тийм ч шинэ ойлголт биш бөгөөд эртний Грекчүүдийн үеэс гэдэс доторх хог хаягдал нь биеийн үндсэн дөрвөн шингэний (цус, шар цөс, хар цөс, салс) тэнцвэргүй байдалд нөлөөлдөг гэж үздэг байжээ.

Харин орчин үед өтгөн гаргах тэрхүү мэдрэмжийг байнга хойш тавьж, гэдсэнд өтгөн хадгалагдах хугацааг удаашруулах нь өтгөн хатах, гэдэсний цүлхэн, шамбарам, гэдэсний хорт хавдар үүсэх гол шалтгаануудын нэг болдгийг тогтоогоод байна. Тийм ч учраас эдгээр өвчнүүдээс сэргийлэх алтан дүрэм бол тархинд "өтгөнөө ялгаруулах дуудлага" ирэх бүрд түүнийг анхаарч үзэх явдал юм.

ХХ зууны эхэн үед физиологичид өтгөн гадагшлуулах хүчтэй өдөөгч нь хоол гэдгийг тогтоож, үүнийг ходоод гэдэсний замын рефлекс гэж нэрлэжээ. Энэ нь ихэвчлэн удаан хоол идээгүй байсны дараа буюу өглөөний цайны дараа илүү хүчтэй мэдрэгддэг. Иймээс өтгөнөө гадагшлуулах хамгийн тохиромжтой цаг бол өглөөний цайны дараа юм. Гэхдээ бид ихэнхдээ үүнийг анзаардаггүй эсвэл үл тоодог.

Хүүхдүүд ийм мэдрэмж төрөх бүрд шулуун гэдсийг шууд л хоосолдог бол томрох тусам бид шулуун гэдэсний булчинг бодлоороо захирч сурдаг тул өөрсдөдөө хортой шийдвэр гаргаж, өтгөнийг барьж, "дуудлагыг" тасалж сурдаг.

Шулуун гэдсээ хянаж сурах нь хүний хөгжлийн чухал алхам мэт боловч ихэнх хүмүүс үүнийг буруу ашигладаг. Хэрэв тэрхүү өтгөн ялгаруулах дохиог “одоо тийм ч тохиромжтой цаг биш” гэх мэт шалтгаанаар хэсэг хугацаанд тэвчиж чадвал тэрхүү хүсэл түр зуур арилдаг. Гэхдээ биеийн илүүдэл, хортой бодисуудыг агуулсан өтгөн шулуун гэдсэнд байсаар байх болно.

Дээр дурдсанаас гадна зарим хүмүүст хэвлийн өвдөлт, гэдэсний гөлгөр булчингийн агшилтаас үүссэн базлалт, гэдэс хийгээр дүүрэх зэрэг нь “өтгөн гадагшлуулах дуудлагатай” ижил мэдрэмж төрүүлдэг тул ариун цэврийн өрөө явахаас татгалздаг. Энэ нь гэдсэнд өтгөн илүү удаан хадгалагдах шалтгаан болж байдаг.

Үүнээс сэргийлэх хамгийн гол арга бол аманд орсон хоол шулуун гэдсээр гарах хүртэл хэдий хугацаа шаарддагийг буюу өөрийн гэдэсний хоол хүнсийг боловсруулж дуусах хугацааг мэддэг байх явдал юм. Үүнийг хэмжих тун амархан. Цөөн хэдэн түүхий эрдэнэ шишийн үрийг бүхлээр залгиад хэзээ ялгадсаар гадагшлахыг нь ажиглаарай.

Улмаар энэ хугацааг олж мэдсэн бол тухай бүрд нь өтгөнөө гадагшлуулах оролдлого хийж байх ёстой. Хүн бүрийн хувьд энэ хугацаа харилцан адилгүй байх боловч урт байх тусмаа таны бие төдий чинээ хорддог байх магадлалтай. Өтгөн гадагшлуулах дохио тархинд ирсэн ч тодорхой шалтгаанаар ариун цэврийн өрөө рүү явахаас татгалзсаар байдаг хүмүүсийн хувьд энэ хугацаа илүү урт байдаг.

Сүүлийн үед хийгдсэн зарим судалгаагаар гэдэсний микробиом буюу хэвийн бичил биетүүд хямарсан тохиолдолд гэдэсний өтгөнийг дамжуулан өнгөрүүлэх хугацаа уртасдаг болох нь тогтоогдоод байна. Тиймээс та удаан хугацааны турш өтгөнөө гадагшлуулдаггүй бол энэ нь ходоод гэдэсний замын ашигтай бактериуд хямарсны шинж тэмдэг ч байж болох юм.

Хоолонд агуулагдах эслэг болон шингэний хэмжээг нэмэгдүүлж, тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр өтгөн хаталтаас сэргийлж, илүү богино хугацаанд өтгөнөө гадагшлуулах боломжтой. Хамгийн гол нь бүдүүн гэдсээ байнга сонсож, тэр таныг ариун цэврийн өрөө рүү дуудвал дуулгавартайгаар тийшээ очиж, асуудлыг цаг тухайд нь шийдэж байгаарай.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn