Яагаад тамхичид бүгд уушгины хорт хавдраар өвддөггүй вэ?

Тамхи татдаг хүмүүст тамхинаас гарахыг санал болгоход “80 нас хүртлээ тамхи татсан өвөө нар амьд л байна” гэж хариулах нь бий. Тэгвэл эрдэмтэд уушгины хорт хавдрын хамгийн гол хүчин зүйл болох тамхийг яагаад зарим хүмүүс олон жил хэрэглэсэн ч энэ өвчнөөр өвддөггүйг илрүүлжээ.
Яагаад тамхичид бүгд уушгины хорт хавдраар өвддөггүй вэ?

Уушгины хорт хавдраар өвчлөх эрсдэлт хүчин зүйлийн нэг бол тамхи татах бөгөөд АНУ-д л гэхэд уг өвчнөөр нас барсан хүмүүсийн 90 хүртэлх хувь нь тамхичин байдаг бол тамхины хэрэглээ өндөртэй орнуудад уушгины хорт хавдар хамгийн түгээмэл тохиолддог юм.

Тамхины утаанд агуулагдах хорт бодисууд уушгины эсийн ДНХ-ийг гэмтээснээр хавдрын эс болж хувирахад хүргэдэг. Уушгины хорт хавдраас өөрийгөө хамгаалах хамгийн найдвартай арга бол тамхи татахгүй байх явдал эргэлзээгүй мөн. Гэхдээ насан туршдаа тамхи татсан зарим хүн хорт хавдраар өвддөггүй нь үнэн юм. Насан туршдаа тамхи татсан хүмүүсийн 80% нь уушгины хорт хавдраар өвддөггүй.

Яагаад гэдгийг эрдэмтэд удаан хугацааны турш илрүүлэхээр оролдсон бөгөөд АНУ-ын Альберт Эйнштейний нэрэмжит Анагаах ухааны коллежийн судлаачид энэ талаар хөдөлшгүй баримтуудыг олсон байна.

Хариулт удамшилтай холбоотой байжээ. Зарим хүмүүсийн уушгины эс хорт хавдрын эс болж хувирах магадлал тун бага байдаг аж. Учир нь эдгээр хүмүүсийн уушгины эсийн ДНХ-ийн засварыг хариуцдаг генүүд илүү идэвхтэй байдаг тул удаан хугацаагаар тамхи татсан ч эсийн ДНХ гэмтэж, хорт хавдрын эс болж хувирдаггүй.

Насан туршдаа тамхи татсан хүмүүсийн 80 хүртэл хувь нь уушгины хорт хавдраар өвддөггүй байхад амьдралдаа нэг ч удаа тамхи татаж үзээгүй хүмүүс уушгины хот хавдраар өвддөгийг шалтгаан энэ юм. Дээр дурдсан ДНХ-ийг засварладаг генүүд эцэг эхээс өвлөгдөх боломжтойгоос гадна зохиомлоор идэвхжүүлэх ч боломжтой. Мөн засварын генүүд идэвхгүй байснаар өчүүхэн төдий ДНХ-ийн гэмтэл хорт хавдар үүсэх шалтгаан болдог байна.

Гэхдээ энэхүү генетикийн хүчин зүйл нь уушгины хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг цорын ганц хүчин зүйл биш юм. Хоолны дэглэм зэрэг хүчин зүйлүүд нь хавдар үүсэхэд хүчтэй нөлөөлдөг. Түүнчлэн тамхины хор хөнөөлийг зөвхөн уушгины хорт хавдраар хязгаарлаж ойлгож болохгүй. Тамхи нь уушгины хорт хавдраас гадна таргалалт, чихрийн шижин, зүрх судасны болон амьсгалын замын олон өвчний шалтгаан болдог. Иймээс та тамхины татсанаар хорт хавдраар өвдөхгүй байж болох ч бусад эрсдэлүүдээс бултах боломжгүй билээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn