Таргалалттай тэмцэх нь хувь хүний хариуцлага биш, засгийн газрын үүрэг

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2015 оноос хойш хувь хүнд чиглэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байсан ч бүтэлгүйтсэн нь тодорхой болж байгаа тул таргалалттай тэмцэх ажлыг нийгмийн, засгийн газрын үүрэг хариуцлага болгон өөрчлөх шаардлагатай гэж үзэх болжээ.
Таргалалттай тэмцэх нь хувь хүний хариуцлага биш, засгийн газрын үүрэг

Таргалалт дэлхий нийтийн хамгийн том эрүүл мэндийн асуудал болоод байна.

Таргалалттай хийсэн тэмцэл бүтэлгүйтлээ

2015 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) 2025 он гэхэд халдварт бус өвчнөөр нас барах хүмүүсийн тоог бууруулах хүчин чармайлтын хүрээнд таргалалтыг бууруулах зорилго тавьсан билээ. ДЭМБ-ын Европын бүсийн 2022 оны таргалалтын талаарх тайланд дурдсанаар тус бүс нутгийн 53 улс 3 жилийн дараа гэхэд энэ зорилгод хүрэх боломжгүй болж байгаа тухай дурджээ.

Тус тайланд дурдсанаар Европын насанд хүрэгчдийн 59% нь илүүдэл жинтэй эсвэл таргалалттай байна. Таргалалт хүүхдүүдийн дунд ч нэмэгдсээр байгаа бөгөөд хөвгүүдийн 29%, охидын 27% нь таргалалттай байгаа аж. Цар тахлын нөхцөл байдал асуудлыг улам бүр хурцатгаж, илүүдэл жин, таргалалтын түвшин эрс нэмэгдэв.

Европын бүс нутагт нэг жилд бүртгэгддэг нас баралтын 13% буюу 1.2 сая нь илүүдэл жин, таргалалтын шалтгаантай. Үүгээр зогсохгүй хүмүүсийг хөгжлийн бэрхшээлтэй болоход тэргүүлэх хүчин зүйлсийн нэг болж байгаа юм.

Таргалалт зүрх судасны өвчин, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчнөөс гадна хорт хавдартай холбоотой. ДЭМБ жил бүр бүртгэгддэг хорт хавдрын шинэ тохиолдлын 200 мянга нь таргалалтаас шууд хамааралтай гэж үзжээ.

Бельгийн Католик де Луваны их сургуулийн хоол зүйч Артур Делкурт энэхүү тайлангийн талаар өөрийн твиттер хуудаснаа “Таргалалт дэлхий даяар тархсаар байгааг дуулгахад үнэхээр харамсалтай байна. ДЭМБ-ын сүүлийн тайланд дурдсанаар Европын иргэдийн 25% нь таргалалттай хэвээр байна... Энэ нь улстөрчид, эрүүл мэндийн байгууллагууд, эмнэлгийн ажилтнууд, судлаачдын хувьд том бүтэлгүйтэл боллоо” хэмээн жиргэжээ.

Эдгээр тоо баримтууд ДЭМБ-ын таргалалттай тэмцэх төлөвлөгөө үндсэндээ бүтэлгүйтэж байгааг илтгэж байгаа бөгөөд цаашид таргалалттай тэмцэх арга барилаа өөрчлөхгүйгээр ахиц дэвшил гарахгүй нь тодорхой боллоо.

Таргалалтын хариуцлагыг өөр тийш

Анагаах ухаан, нийгмийн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд ДЭМБ-ын таргалалттай тэмцэх төлөвлөгөө бүтэлгүйтсэн явдлын гол шалтгааныг хувь хүний үүрэг хариуцлагад тулгуурласантай холбон үзэж байна. Европын бүсийн 2022 оны таргалалтын талаарх тайланд онцолсноор таргалалттай тэмцэх үр дүнтэй бодлого хэрэгжүүлэхэд саад болж буй гол бэрхшээлүүдийн нэг нь “таргалалттай тэмцэх нь олон нийтийн, тэр дундаа засгийн газрын биш хувь хүний ​​үүрэг” гэх ойлголт ажээ.

Таргалалтын эсрэг төлөвлөгөөг хувь хүний хариуцлагаас нийгмийн хариуцлагад шилжүүлснээр олон нийтийг спортоор хичээллэх нөхцөл бололцоог бүрдүүлэх, эрүүл хоол хүнсээр хангах зэрэг нийгмийг бүхэлд нь хамарсан өргөн хүрээтэй үйл ажиллагаанд засгийн газрууд гол анхаарлаа хандуулах шаардлагатай болох юм.

Жишээ нь, хүмүүсийн хооллох дадал зуршилд үнэ хямд, хүртээмж ихтэй, тэжээллэг чанар багатай ба таргалалтын гол шалтгаан болдог боловсруулсан, сахар ихээр агуулсан хүнс хамгийн хүчтэй нөлөөлдөг. Нөгөө талаас тэжээллэг чанар сайтай боловч таргалуулах нөлөөгүй, эрүүл мэндэд тустай хүнсний хангамж, хүртээмж муу байна. Энэ асуудлыг дан ганц хувь хүний хүчин чармайлтаар шийдэх боломжгүй юм.

Таргалалтад хамгийн хүчтэй нөлөөлж буй энэ мэт нийгмийн хүчин зүйлийг онилолгүйгээр зөвхөн хувь хүний ​​“таргалахгүй байх хариуцлага”-д тулгуурласан арга хэмжээ, шийдлүүд нь хүн амын хоол тэжээл, эрүүл мэндэд учирч буй аюулыг арилгаж чадахгүй байна.

Энгийнээр тайлбарлавал эмч, хоол зүйч нар танд жимс, хүнсний ногоо, үр тариа, загасны мах зэрэг тэжээллэг чанар сайтай хоол хүнс хэрэглэж, эрүүл мэндээ хамгаалахыг зөвлөсөн ч хүнсний дэлгүүрт тэдгээр хүнсний бүтээгдэхүүн байхгүй эсвэл таргалуулдаг хүнснээс хэд дахин өндөр үнэтэй байвал тэрхүү зөвлөгөө хэзээ ч амьдралд хэрэгжих боломжгүй шүү дээ.

Хамтын хариуцлага

ДЭМБ-ын Европын бүсийг хариуцсан захирал, доктор Ханс Анри П.Клюге хэвлэлийн мэдэгдэлдээ таргалалт улам бүр нэмэгдэж байгааг онцлон тэмдэглээд, “Таргалалтад ямар ч хил хязгаар гэж байхгүй. Одоогоор Европ болон Төв Азийн нэг ч улс ДЭМБ-аас таргалалтыг зогсоох зорилтыг биелүүлж чадаагүй байна. Эрүүл мэндэд илүү таатай орчин бүрдүүлж, эрүүл хүнсний үйлдвэрлэлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, инновацыг дэмжих, эрүүл мэндийн тогтолцоог тогтвортой бөгөөд хүчирхэг болгож хөгжүүлэх нь дэлхий дахинд таргалалтыг ялах хамгийн боломжит арга зам боллоо” гэжээ.

ДЭМБ таргалалттай тэмцэх ажлыг нийгмийн хариуцлагад шилжүүлж, эрүүл хооллолтыг дэмжих дараах багц бодлогыг засгийн газруудад санал болгож байгаа юм. Үүнд, сахар агуулсан ундаа гэх мэт таргалуулах хүнсний бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлж, энэхүү орлогыг эрүүл хүнсний үйлдвэрлэлийг дэмжих, татаас олгоход зарцуулах гэх мэтээр төсвийн интервенцийг хэрэгжүүлэх. Түүнчлэн хүүхдэд эрүүл бус хоол хүнс борлуулахыг хязгаарлах, таргалалт, илүүдэл жинтэй тэмцэх анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, жирэмсний үеийн тусламж үйлчилгээг сайжруулах, хөхөөр хооллолтыг дэмжих, сургуульд суурилсан таргалалтын эсрэг арга хэмжээ хэрэгжүүлэх, эрүүл хоол хүнсний хүртээмж, хангамжийг сайжруулах, биеийн тамирын дасгал хийх боломжийг нэмэгдүүлэх, орчин бүрдүүлэх зэрэг арга хэмжээ багтаж байгаа юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn