Монгол Улс хөнгөвчлөх тусламж үйлчилгээний үнэлгээгээр 18-р байрт бичигджээ

Амьдрал хайраар эхэлж, хайраар төгсөх ёстой гэдэг. Эрдэмтэд улс орнуудыг амьдралын төгсгөлийн шатанд үзүүлдэг эмнэлгийн тусламж үйлчилгээний чанараар нь эрэмбэлсэн байна. Дэлхийн 5 тивийн 81 орныг хамруулсан үнэлгээгээр Англи тэргүүлсэн бол Монгол Улс 18-р байр, АНУ 43-р байрыг тус тус эзэлжээ.
Монгол Улс хөнгөвчлөх тусламж үйлчилгээний үнэлгээгээр 18-р байрт бичигджээ

Амьдралын хоёр үнэний нэг нь үхэл бөгөөд үхлийн дараа юу болдгийг хэн ч мэдэхгүй тул хүн бүрийн хувьд айдас, гайхширал төрүүлдэг нууцлаг процесс юм. Тийм ч учраас амьдралын төгсгөлийн шатны тусламж нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чухал хэсэг нь юм. Гэмтэл, хорт хавдар, халдварт өвчин гэх мэт ямар шалтгаанаар үхэлтэй нүүр тулахаас үл хамааран харьцангуй тайван бөгөөд нэр төртэй амьдралаа дуусгах нь хүн бүрийн хувьд зайлшгүй эдлэх ёстой эрх юм.

Энэхүү эрхийг нь эдлүүлэхийн тулд анагаах ухаанд хөнгөвчлөх анагаах ухаан хэмээх салбар үүссэн түүхтэй. Хөнгөвчлөх анагаах ухааны Journal of Pain and Symptom Management сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгаанаас олон улс орон иргэддээ энэ эрхийг эдлүүлж чаддаггүй болохыг харж болохоор байна.

Судалгааг Сингапурын Их сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн профессор, Лиен хөнгөвчлөх эмчилгээний төвийн гүйцэтгэх захирал Эрик Финкельштейн удирдсан ба тэд улс орнуудын амьдралын төгсгөлийн шатанд ард иргэддээ үзүүлж буй хөнгөвчлөх тусламж үйлчилгээний чанарт өргөн хүрээтэй дүн шинжилгээ хийсэн байна.

Үүний тулд амьдралын төгсгөлийн шатанд буй өвчтөнүүдийг эмчилдэг газруудын цэвэр, аюулгүй, тав тухтай байдал, өвдөлтийг үйлчлүүлэгчийн хүссэн хэмжээнд хүртэл намдааж чаддаг эсэх болон таагүй зовууриудыг хэрхэн хянадаг, эмчилгээгүй болсон өвчтөнд амьдрах хугацааг нь уртасгах болон үлдсэн амьдралыг нь илүү чанартай байлгах зорилгоор эмчилгээ хийдэг эсэх, эмчилгээний зардлын асуудал нь өвчтөнд шаардлагатай тусламжийг үзүүлэхэд саад болдог эсэх зэрэг нийт 13 шалгуур үзүүлэлтийг ашиглан үнэлгээ өгсөн байна.

Дэлхийн 161 орны хөнгөвчлөх тусламж үйлчилгээний чанарт дээрх шалгуур үзүүлэлтийг ашиглан үнэлгээ хийж, үр дүнг тэдгээр улс орнуудын үндэсний хөнгөвчлөх тусламжийн нийгэмлэгийн эсвэл тогтсон манлайллын үүрэг бүхий ижил төстэй үндэсний мэргэжлийн холбоодын төлөөлөгч, хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлэхэд оролцсон эмч, сувилагч эсвэл тус улсад хөнгөвчлөх тусламжийн талаар ажилладаг төрийн албан хаагч, эрдэмтэн гэх мэт тус бүр 2 хүнд илгээж санал нэгтэй байгаа эсэхийг нь тодруулсан байна. Үүнээс 81 орны мэргэжилтнүүд санал нийлж байгаа тухай хариу ирүүлсэн бөгөөд эдгээр улсуудыг хамгийн өндөр оноотойгоос нь эхлэн жагсаасан байна. Үнэлгээний үр дүн буруу байх магадлалтай тул санал нийлэхгүй гэж хариу илрүүлсэн эсвэл огт хариу өгөөгүй улс орнуудыг жагсаалтаас хассан байна.

Жагсаалтад багтсан 81 улсад дэлхийн нийт хүн амын 80 гаруй хувь нь амьдардаг байна. Үнэлгээний үр дүнгээр Их Британи хамгийн өндөр оноо авсан бол Ирланд, Тайвань, Австрали, Өмнөд Солонгос, Коста Рика удаалжээ. Эдгээр нь нийт үнэлгээгээр 90 ба түүнээс дээш оноо авч "А" ангилалд багтсан орнууд юм. Харин Украйн, Аргентин, Өмнөд Африк, Ливан зэрэг 21 улс 60 ба түүнээс доош оноо авч "F" буюу хамгийн муу хөнгөвчлөх тусламж үйлчилгээтэй гэсэн ангилалд орсон байна.

Finkelstein et al. / Journal of Pain and Symptom Management
Finkelstein et al. / Journal of Pain and Symptom Management

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ өндөр хөгжсөн олон улс орон “А” ангилалд багтаагүй нь ихээхэн сонирхол татаж байна. Жишээ нь, АНУ ердөө “C” үнэлгээтэйгээр 43-р байранд эрэмбэлэгдсэн байна. Профессор Финкельштейн хэлэхдээ “Америкчууд амьдралынхаа төгсгөлд амьдралын чанарыг сайжруулахын төлөө биш харин амьдрах хугацаагаа долоо хоног, сараар ч боловч уртасгахын тулд хэт их үр дүнгүй эмчилгээ, мэс засалд маш их мөнгө зарцуулдаг нь үүнд нөлөөлсөн” гэжээ.

Түүнчлэн бусад өндөр хөгжилтэй зарим орнууд ч “А” ангилалд багтаагүй бөгөөд эдгээр улсуудад маш олон хүн тааламжгүй байдалтайгаар хорвоог орхидог ба үүний шалтгааныг судлаачдын тайлбарласнаар “Тэд хүссэн газартаа биш, нэр төрөө алдсан байдалтай, өрөвч сэтгэлгүй хүмүүсийн дунд, өөрийн өвчин эмгэгийнхээ талаар хязгаарлагдмал ойлголттойгоор, бүх насаараа хуримтлуулсан хадгаламжийнхаа ихэнх хэсгийг зарцуулж, үлдээх өв хөрөнгөгүйгээр, амьдралдаа хийсэн олон зүйлд ихэд харамссан байдалтайгаар үхэлтэй учирдаг” байна.

Харин хүн амын дундаж орлого нь их, эрүүл мэндийн даатгалд хамрагдалт сайтай, өвдөлт намдаах опиоид эмийг хүссэн хэмжээгээр хэрэглэх боломжтой улс орнууд ерөнхийдөө илүү өндөр үнэлгээ авсан байна.

Монгол Улс нийт 83.7 оноо авч, “В” үнэлгээтэйгээр 18-р байранд бичигдсэн нь манай улсын хөнгөвчлөх тусламж үйлчилгээний чанар дэлхийд муугүй үнэлэгдэж байгаагийн илрэл юм.

Ташрамд дурдахад Монгол Улсад хөнгөвчлөх тусламж үйлчилгээний үндэс суурийг тавьж, хөгжүүлэхэд АШУҮИС-ын профессор, АУ-ны доктор, Монголын хөнгөвчлөх эмчилгээний нийгэмлэгийн тэргүүн Д.Одонтуяа онцгой үүргийг гүйцэтгэсэн билээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn