Цахилгаан тамхи уу, утаат тамхи уу?

Утаат тамхины хор хөнөөлийн талаар бид хангалттай ихийг мэднэ. Харин цахилгаан тамхи харьцангуй шинэ хэрэглээ тул хүний эрүүл мэндэд үзүүлэх урт хугацааны үр нөлөөг бүрэн тодорхойлоогүй байна. Гэхдээ сүүлийн үед хийгдсэн судалгаагаар цахилгаан тамхи тийм ч аюулгүй биш гэдэг нь нотлогдоод байгаа юм.
Цахилгаан тамхи уу, утаат тамхи уу?

Вэйп буюу цахилгаан тамхины хэрэглээ хүмүүсийн дунд, ялангуяа залуус, өсвөр насныхны дунд улам бүр түгээмэл үзэгдэл болсоор байна. Цахилгаан тамхи татахад никотин болон амт оруулагч бодисууд агуулсан усны уур (аэрозолоор) электрон тамхины төхөөрөмж болон бусад төхөөрөмж дамжин уушгинд ордог.

Америкийн Зүрхний Нийгэмлэгийн (AHA) судалгаанд оролцсон олон хүмүүс цахилгаан тамхийг утаат тамхинаас илүү аюулгүй гэж боддог тул хэрэглэдэг гэж хариулсан байдаг. Гэтэл сүүлийн үед гарч ирж буй олон тооны нотолгоо тийм биш гэдгийг харуулж байна. Энэ нийтлэлд утаат тамхи татах болон цахилгаан тамхины эрсдэлүүд, урт хугацааны үр нөлөөний талаар авч үзэх болно.

Аль нь бага хортой вэ?

Үнэндээ утаат тамхи татах, цахилгаан тамхи татахын аль нь ч хүний эрүүл мэндэд ашиггүй. Зарим судалгаанаас үзэхэд цахилгаан тамхи татах нь утаат тамхинаас илүү хортой гэж үзсэн байдаг. Гэсэн хэдий ч энэ нь цахилгаан тамхи татахад аюулгүй гэсэн нотолгоо биш юм.

Найрлагын хувьд утаат тамхи 7,000 гаруй химийн бодис агуулдаг ба эдгээр химийн бодисуудын хэдэн зуу нь хүний биед хортой. Жишээ нь, хорт хавдар үүсгэгч 70 орчим бодис энд бий. Америкийн зүрхний нийгэмлэгийн туршилтаар цахилгаан тамхины шингэнд ч цөөнгүй химийн бодис агуулагддаг нь тогтоогдсон бөгөөд эдгээр нь дараах байдлаар бидний эрүүл мэндэд эрсдэл учруулдаг.

Харьцангуй шинэхэн цахилгаан тамхинаас ялгаатай нь бид утаат тамхины хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөлийн талаар харьцангуй их зүйлийг мэднэ. Утаат тамхи хүний биеийн бараг бүх эрхтэнд ямар нэг байдлаар гэмтэл учруулдаг ба жил бүр 8 сая хүн тамхины шууд нөлөөллөөс нас бардаг аж. Үүний 7 сая нь тамхи татдаг хүмүүс, 1 сая нь тамхи татдаг хүнтэй хамт амьдардаг буюу дам тамхидалтад өртсөн хүмүүс байдаг.

Цахилгаан тамхинд их хэмжээний никотин агуулагддаг ба энэ нь ураг, хүүхэд, өсвөр насныхны тархины хөгжлийг удаашруулдаг никотиныг их тунгаар агуулдаг юм. Уур үүсгэдэг тусгай шингэнийг насанд хүрэгчид болон хүүхдүүдийн хоол боловсруулах замаар залгих, уушгиар амьсгалах, тэр ч байтугай арьсанд хүргэхэд ч аюултай. Мөн цахилгаан тамхины уурт диацетил, хүнд металлууд, дэгдэмхий органик нэгдлүүд (VOCs) зэрэг хорт хавдар үүсгэдэг химийн бодисууд агуулагддаг. Түүнчлэн цахилгаан тамхи нь тархи мэдрэлийн тогтолцоо, сэтгэцийн эрүүл мэнд, зүрх судас, амьсгалын зам, шүд болон амны хөндийн өвчний эрсдэлийг нэмэгдүүлж байгаа нь олон тооны судалгаагаар нотлогдсон. Цөөн тохиолдолд цахилгаан тамхийг цэнэглэх үед батарей нь гэмтэлтэй байснаас болж дэлбэрсэн, түлэгдсэн явдал гарч байгаа тухай мэдээлэгдсэн байна. Эдгээр эрүүл мэндийн эрсдэлээс гадна цахилгаан тамхи аюулгүй гэх буруу ойлголт нийтийн тээвэр, хоолны газар, номын сан зэрэг олон нийтийн газарт тамхи татах гэх мэт бусдын эрүүл мэндэд эрсдэлтэй үйлдлийг хэвийн үзэгдэл болгож, буруу хандлагыг түгээмэл болгох магадлалтай байна.

Урт хугацааны сөрөг нөлөө

Утаат тамхи татах нь бие махбодод удаан хугацааны туршид олон тооны сөрөг нөлөө үзүүлдэг. Тухайлбал, АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн төвийн мэдээлснээр эр бэлгийн эсийн тоог бууруулснаар эрчүүдийн үргүйдлийн шалтгаан болдог бол эмэгтэйчүүдийн хувьд зулбах эсвэл төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Мөн катаракт буюу болор цайх өвчний нэг гол шалтгаан нь утаат тамхи гэж үздэг. Дархлааны тогтолцооны үйл ажиллагааг алдагдуулснаар олон тооны өвчний суурь шалтгаан болно. Уушги, бөөр, ходоод гэх мэт биеийн бараг бүх эрхтэнд хорт хавдар үүсгэдэг. Хүний амин чухал хэрэгцээ буюу амьсгал, цусны эргэлтэд ноцтой хохирол учруулж, судас хатуурах, даралт ихсэх, зүрхний шигдээс, цус харвах, уушгины архаг бөглөрөлт эмгэг болон астма зэрэг өвчнүүдийн хамгийн том эрсдэлт хүчин зүйл болдог аж. Удаан хугацаанд цахилгаан тамхи татах нь уушги болон биеийн бусад эрхтнүүдэд хор хөнөөл учруулдаг ч утаат тамхи татахаас хамаагүй бага гэдгийг хүлээн зөвшөөрдөг байна. Гэхдээ 2019 онд Калифорнийн их сургуулиас цахилгаан тамхины эрүүл мэндэд үзүүлэх урт хугацааны сөрөг нөлөөг судлахад цахилгаан тамхи хэрэглэдэг хүмүүс хэзээ ч тамхи татаж байгаагүй хүмүүстэй харьцуулахад амьсгалын замын өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр байгааг тогтоосон. Түүгээр ч зогсохгүй цахилгаан тамхи нь уушгийг гэмтээх, хорт хавдар үүсэлтийг дэмждэг чөлөөт радикалуудыг бие махбодод ялгаруулах, дархлааг сулруулах, ураг, хүүхэд, өсвөр насныхны тархины хөгжлийг удаашруулах зэрэг урт хугацааны сөрөг нөлөөтэй талаар нотлох баримтууд гарч ирсээр байна.

Донтуулах нөлөө Утаан тамхи болон цахилгаан тамхины аль алинд нь никотин агуулагддаг. Никотин нь тамхинд донтох гол шалтгаан юм. Мансууруулах бодисын хэрэглээний үндэсний хүрээлэнгийн (NIDA) судалгаагаар нийт тамхичдын тал орчим хувь нь жил бүр тамхинаас гарах оролдлого хийдэг ч ердөө 6% нь тамхинаас гарч чаддаг байна. Олон хүмүүс утаат тамхинаас гарахын тулд цахилгаан тамхи татах сонголт хийдэг. Гэтэл энэ нь никотинд улам бүр донтох шалтгаан болох магадлал өндөртэй юм. 2019 онд хийгдсэн Польшийн эрдэмтдийн судалгаагаар никотин агуулсан электрон тамхины донтуулах нөлөө нь нь залуу насанд хүрэгчдийн дунд утаат тамхинаас илүү байна гэж үзжээ. Эцэст нь эрүүл мэндэд үзүүлэх сөрөг үр дагаврыг авч үзвэл цахилгаан тамхи утаат тамхинаас эрсдэл багатай боловч хоргүй, аюулгүй зүйл огт биш юм. Утаат тамхины хор хөнөөлийг бид харьцангуй сайн мэддэг бол цахилгаан тамхины талаарх судалгаа одоог хүртэл хангалтгүй түвшинд байна. Иймээс хэрэв та цахилгаан тамхи уу, утаа тамхи уу гэсэн сонголтын өмнө ирээд байгаа бол огт тамхи татахгүй байж болох санхүүгийн хувьд илүү ашигтай, ямар ч эрсдэлгүй сонголт байгааг сануулъя.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn