Хот төлөвлөлт ба сэтгэцийн эрүүл мэнд

Сэтгэл гутралд орсон үед сэтгэлзүйч юуны түрүүнд гэртээ суухын оронд цэвэр агаарт, гудамж талбайд гарч алхахыг зөвлөдөг. Гэтэл ногоон байгууламжгүй, дуу чимээний бохирдол ихтэй, цементэн ширэнгэ болсон хот бидэнд ингэж өөрийгөө эмчлэх боломж олгодог уу?
Хот төлөвлөлт ба сэтгэцийн эрүүл мэнд
@ IS Global

Хариулт олохын тулд хот төлөвлөлт сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар холбогдох судалгаануудыг үзэв, шийдлийг ч олов.

Сэтгэцийн эрүүл мэндийн тухай

Сэтгэцийн эрүүл мэнд нь хувь хүн, хамт олон, нийгмийн сайн сайхан байдлын хамгийн чухал хэсэг юм. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) эрүүл гэж юу болохыг тодорхойлохдоо "Сэтгэцийн эрүүл мэндгүйгээр эрүүл мэнд гэж үгүй" гэсэн санаа дэвшүүлсэн байдаг. Lancet сэтгүүлийн мэдээлснээр сэтгэцийн эрүүл мэндийн өвчлөл нийт өвчний 14 орчим хувийг эзэлдэг.

Хотжилт сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хотод амьдрах нь хөдөө орон нутгийг бодвол сэтгэцийн өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Хотод амьдардаг 4 хүн тутмын 1 нь амьдралдаа ямар нэг сэтгэцийн эмгэгт өртдөг бөгөөд аль ч насанд тохиолдох боломжтой. Эрдэмтдийн тооцоолсноор хотын иргэдийн сэтгэл гутралд орох эрсдэл 40%, сэтгэл түгших эрсдэл 20% илүү байдгаас гадна шизофрени өвчний тархалт 2.3 дахин их байдаг байна. Мөн кокайн, героины донтолтын түвшин ч хотод илүү их байдаг.

Үүнд нөлөөлдөг гол хүчин зүйл нь хотын ядуурал, ажлын ачаалал, завгүй амьдралын хэв маяг, хүн хоорондын харилцааны хэв маяг гэж үздэг ч сүүлийн үеийн судалгаануудаар ногоон байгууламжийн хүртээмжгүй байдал, дуу чимээний бохирдол, агаарын бохирдол, орчны аюулгүй байдал зэрэг хүчин зүйлс илүү нөлөөлдөг гэдгийг хүлээн зөвшөөрөх болжээ.

Хот төлөвлөлт болон сэтгэцийн эрүүл мэндийн сөрөг үр дагавруудын хооронд хамаарал илүү их байдаг ч эерэг үр нөлөө бас бий. Тухайлбал, хот суурин газар амьдрах нь танин мэдэхүйн чадвар алдагдах буюу зөнөх өвчний эрсдэлийг 10%-аар, амиа хорлолтыг хотын хүн амын нягтралаас хамааруулан 50 хүртэл хувиар бууруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ.

1990-2010 оны дэлхий дахинд сэтгэцийн эмгэгээс үүдэлтэй өвчлөл 30 гаруй хувиар нэмэгдсэн бөгөөд энэ нь хүн амын өсөлт, хөгшрөлтөөс шалтгаалж байна гэж үздэг боловч өөр нэг гол хүчин зүйл нь хотжилт юм. Гэтэл 2050 он гэхэд дэлхийн хүн амын гуравны хоёроос илүү нь хотод амьдрах төлөвтэй байна гэсэн тооцоо бий. Иймээс дэлхийн хүн ам голчлон хот суурин руу шилжиж байгаа энэ үед хот төлөвлөлтийг сэтгэцийн эрүүл мэндэд ээлтэй хэлбэрээр зохион байгуулах тал дээр дэлхийн томоохон хотууд гол анхаарлаа хандуулах болсон байна. Өөрөөр хэлбэл, хотын зөв төлөвлөлт нь сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих нэг арга хэрэгсэл болно гэж үзэж байгаа юм.

Хотыг хэрхэн оршин суугчдын сэтгэцийн эрүүл мэндэд ээлтэйгээр төлөвлөх вэ?

Хотын төлөвлөлтийг сэтгэцийн эрүүл мэндэд ээлтэй болгон өөрчлөх чиглэлээр судалгаа хийж, бодлого боловсруулагчид нөлөөлөх зорилготой The Centre for Urban Design and Mental Health байгууллагаас дараах зөвлөмжийг дэлхийн хотуудын удирдлагуудад санал болгодог байна.

Үүнд: Ногоон байгууламж: Хүмүүс байгальтай ойр харилцаатай байх тусам сэтгэцийн эрүүл мэндийн хувьд асуудал багатай байдаг. Түүнчлэн мод, зүлэг гэх мэт ногоон байгууламж агаарын бохирдол, тоосжилт, дуу чимээний бохирдол гэх мэт сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлсийг бууруулдаг. Иймээс хотын орчинд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгүүдийн тоог хангалттай олон бөгөөд хүртээмжтэй болгох шаардлагатай.

Идэвхтэй амьдрах орчин: Биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг хийх замаар илүү идэвхтэй амьдрах боломжийг олгох нь хотын удирдлагын үндсэн үүрэг болно. Жишээлбэл, хүртээмжтэй явган хүний ​​зам, дугуйн зам, цэвэр тухтай нийтийн тээврийн хэрэгслээр зорчих гэх мэт. Идэвхтэй дасгал хөдөлгөөн нь сэтгэцийн эрүүл мэндийн байдалтай шууд холбоотой байдгийг батлах олон тооны нотолгоо бий.

Хотын төлөвлөлтөд нийгмийн цөөнхийн төлөөллийн ашиг сонирхлыг шингээх: Хотын дизайн нь олон нийтийн интегралчлал, оршин суугчдын хоорондын бие биеэсээ харилцан хамааралгүй амьдрах боломжийг дэмжих ёстой. Жишээ нь, тухайн хотын нийгмийн цөөнх нь ахмад настан, залуучууд, бэлгийн цөөнх, өөр шашин шүтлэгтэй хүмүүс эсвэл цагаачид байдаг бол эдгээр хүмүүст зориулсан тусгай орчныг бий болгох ёстой.

Аюулгүй газар: Аюулгүй байдал, үүнийг мэдрэх нь хүмүүсийн оюун санааны сайн сайхан байдалд чухал ач холбогдолтой. Замын хөдөлгөөний аюулгүй байдал, гэмт хэрэг, дуу чимээ, хүрээлэн буй орчны бохирдуулагч зэрэг хотод амьдарч буй хүмүүс ямар нэг аюулд өртөх эрсдэлийг бууруулах замаар хотыг амьдрахад аюулгүй газар болгож төлөвлөх, хөгжүүлэх ёстой. Үүний тулд гудамжны гэрэлтүүлэг, найдвартай ажиллагаатай гудамжны камерын систем, хот төлөвлөлтөөр дамжуулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх загвар (Crime prevention through environmental design - CPTED) болон олон нийтийн аюулгүй байдлын бусад хөтөлбөрөөр дамжуулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.

Хот, суурин газрууд оршин суугчдадаа илүү эдийн засгийн боломж олгодог ч сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд орох эрсдэл, ялангуяа сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, шизофрени өвчний эрсдэлийг нэмэгдүүлж байгааг анхааран хот төлөвлөлтийг хотын иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах арга хэрэгсэл болгон ашиглах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn